Монгол Улсын хүний гавьяат эмч, анагаах ухааны тэргүүлэх зэргийн профессор , “Оточ хатан” Б.Бүлтэнг танихгүй хүн ховор. Бүлтэн гэхээр л “Өө, миний авсан ээж үү” гэдэгсэн.

Эх үрсийн эрүүл мэнд, амь насны манаанд 30 гаруй жил зүтгэхдээ эх барьж авсан хүүхдүүддээ тэрбээр төрснөөс ялгаагүй билээ. Алтан гартай эмч өдгөө 10 мянга гаруй хүүхэд эх барьж авсан байна. Хамгийн сүүлд гэхэд л 4,2 кг хөөрхөн хүү эх барьжээ. Өнөөдөр мэндэлсэн энэ улаан нялзрай хүү маань удахгүй эх орныхоо хөгжилд ихийг бүтээнэ” хэмээн бахдангуй ярилаа.

-Эмэгтэйчүүддээ эрүүл энхийн жаргалан бэлэглэдэг тантай уулзаж ярилцлага авч, хүмүүст хүргэнэ гэдэг том завшаан. Тийм ч учраас таныг хүлээсэн гурван цаг нүд ирмэх зуурт өнгөрөх шиг санагдлаа?
-Удаан хүлээлгэсэнд үнэхээр уучлаарай. Тийм ээ, би үнэхээр завгүй байдаг. Би чинь  хоёр эзний нэг “зарц” шүү дээ.

-Юу, сайн ойлгосонгүй ?
-Эгч нь нэгдүгээр эмнэлэгт зөвлөх эмчээр ажилладаг. Мөн ажлын бус цагаар хувийнхаа эмнэлэгт ажилладаг болохоор зав зай тун багатай.

-Та хувийнхаа эмнэлгийн зарц нь биш захирал нь биз дээ?
-Тийм л дээ. Гэхдээ манай эмнэлэгт ирж байгаа хүмүүс миний нэрээр ирдэг учраас тэднийгээ сэтгэл дундуур гаргахыг боддоггүй. Хэчнээн их ядарсан ч тэднийхээ эрүүл мэндийн манаанд тангараг өргөсөн  эмч хүн  болохоор надад ядарлаа гэж хэлэх эрх байхгүй. /Инээв. сурв/

-Ер нь ажаад байхад эмчийн ажил их стресстэй юм аа?
-Үнэхээр тийм. Хоёр хүний амь нас хариуцдаг болохоор эмэгтэйчүүдийн эмч сэтгэл тайван байдаггүй.

-Олон хүнээс хүүхэд ахуйдаа том болоод ямар мэргэжил эзэмшихийг нь хүсдэг байсныг нь асуухад эмч гэдэг. Охид аав, ээжээсээ эмчийн тоглоомон чагнуур авч өгөхийг гуйдаг.  Бүлтэн эмчийн хувьд багын мөрөөдөл нь биелсэн болов уу?
-Би багаасаа л эмч болохыгмөрөөддөг байлаа.Ээж маань олон хүүхэд төрүүлэхдээ гэртээ амаржсан үе бий. Энэ бүгдийг хараад эх, үрсийг эсэн мэнд амаржуулдаг сайхан  эмч болох юмсан гэсэн гэгээн мөрөөдөлд автсан даа. Тэр мөрөөдөл маань ч биеллээ. Монголынхоо охид, эмэгтэйчүүдийн эрүүл энхийн төлөө 30 гаруй жилийнхээ хүч хөдөлмөр,сэтгэл зүрхийг зориулжээ. Мэдээж энэ хугацаанд дандаа баяр баясгалантай байсан гэвэл өрөөсгөл. Эмч хүнд баяр гуниг зэрэгцэж байдаг. Гэхдээ бурхны авралаар баяр баясгалан нь илүү шүү.

-Гучин жилд хэчнээн хүүхэд эх барьсан бол?
-Нийт 10 гаруй мянган хүүхэд эх барьсан. Хамгийн сүүлд гэхэд 18 жилийн дараах төрөлтийн хүү эх барьж авсан. Энэ олон мянган хүүхэд дунд ихэр, бүр гурван ихэр хүүхэд ч олон бий.

-Нээрээ, гурван хөөрхөн охин байдаг гэсэн. Одоо их том болсон уу?
-Өө, их том болсон. Бас эрэгтэй дүүтэй. Их авьяаслаг хөөрхөн охид бий. Аав, ээж нь их сайхан орчинд эрүүл саруул хүүхдүүдээ өсгөж байгааг нь хараад үнэхээр сэтгэл өег явдаг. Цэмцгэр сайхан айл бий.

-Хүн бүр эрүүл байж эрүүл хүүхэдтэй болно. Гэхдээ зарим хүн өөрсдийнхөө эрүүл мэндэд төдийлөн анхаардаггүй тал ажиглагддаг. Үүнээс үүдээд өсөлтгүй жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчин газар аваад байгаа талаар уншлаа?
-Тэр үнэн. Намайг анх эмч болох үед өсөлтгүй жирэмслэлт өдрийн од шиг байлаа. Харин одоо өдөрт 1-2 ыг оношилж байна. Үүнийг судалбал олон шалтгаан бий. Тухайлбал, агаар, эцэг, эхийн үрэвсэлт өвчин, бэлгийн замаар дамжих халдвар нөлөөлж болно. Би “Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө” гэж ярих дуртай. Охид, бүсгүйчүүд маань эх болохынхоо өмнө өөрийгөө бэлтгэх хэрэгтэй. Эмчид үзүүлж өвчнөө илрүүлж эмчлүүлж байж жирэмслэх хэрэгтэй. Бэлгийн замын олон өвчнийг нэрлэж болно. ДОХ, заг хүйтэн, тэмбүү, трихомониаз, бэлгийн үү, мөөгөнцөр гэх мэт. Эдгээр өвчнөөр дунджаар 18-45 насныхан өвчлөх нь элбэг. Энэ төрлийн өвчин авахад өөрт ямар нэгэн зовиур, шинж тэмдэг заавал илэрдэг. Бэлгийн замын өвчин маш олон сөрөг нөлөөтэй. Олон жил эмчлүүлээгүйгээсээ болж  угжирч, үргүйдэлд  ч хүргэдэг.

-Хэчнээн хүсээд  ч үр заяахгүй хос цөөнгүй байдаг. Ер нь үргүйдэлд юу юу нөлөөлдөг юм бол?
-Үр хүүхэдгүй айл аз жаргалтай байж чадахгүй. Хоёр үрийнхээ хоолойг авахуулсан хүн жирэмслэх боломжгүй болдог. Ийм тохиолдолд үр суулгаж жирэмслүүлдэг. Энэ аргыг манай оронд ч эхлүүлсэн. Үртэй болох олон арга байгааг бодолцох хэрэгтэй. Ер нь үргүйдлийн шалтгааныг яривал хугацаа их орно. Хоёр жилийн турш тогтмол бэлгийн харьцаанд ороод жирэмслэхгүй бол үргүйдэл гэж үзэж эмчид хандах хэрэгтэй. Үргүйдэлд өндгөвчний үйл ажиллагаа нөлөөлдөг. Өндгөвч бол эмэгтэй хүний “толь” шүү дээ. Тэр ч байтгугай нүдний гал, арьс, инээмсэглэл хүртэл өндгөвчтэй холбоотой.  Мөн үрийн хоолой, умайд үрэвсэлт өвчин байвал үргүйдэл үүсч болно. Өгсөх замын халдвар гэж бий. Энэ нь бэлгийн замын халдварт өвчин дээш тархаж  бусад эрхтнийг өвчлүүлэх явдал юм. Түүнчлэн удамшил, эд эрхтний гаж хөгжил  шалтгаан болдог. Тийм учраас эмчид хандаж оношлуулах хэрэгтэй. Эд баялаг, албан тушаалаас илүү эрүүл мэнд л хамгийн чухал шүү дээ.

-Сүүлийн үед умайн гаднах жирэмслэлт нэлээд элбэг болж.  Үүнийг эрт оношлуулж болох уу?
-Үрэвсэлт өвчнүүд гол шалтгаан нь. Орчин үед эрт оношлуулж болно. Маш өндөр хүчин чадалтай эхо аппрат элбэг болсон байна. Ер нь эмэгтэйчүүд өөрсдөө л эмчид эрт хандах нь зүйтэй. Сарын тэмдэг ирэхээ болимогц умайн гадна байна уу, дотор байна уу гэдгийг оношлуулах  шаардлагатай. Умайн гадна болон дотроо зэрэг жирэмслэх тохиолдол бий. Энэ нь маш ховор.

-Таны нэр монголын  хамгийн ховор нэртэй хүмүүсийн жагсаалтанд орсон байсан. Яагаад Бүлтэн гэж нэрлэсэн юм бол?
-Анх эхээс мэндлэхдээ бүлтийтэл том харсан юм гэнэ лээ. Тэгээд аав , ээж хоёр маань өхөөрдөөд Бүлтэн гэж нэр өгсөн гэдэг. Намайг багад Бүүеэ гэж өхөөрддөг байсан. Би тэр нэрийн жагсаалтыг харсан. Бүлтэн гэж бичээд доор нь эмч гэсэн байсан. Монголд ховор сонин нэртэй хүн зөндөө л байдаг юм билээ. Одоо ч миний нэр ховор биш болсон байх аа. Эх барьж авсан хүүхдүүдийн аав, ээж нь бэлгэшээгээд Бүлтэн гэж нэрлэсэн тохиолдол нэлээд бий шүү.

-Хөл хүнд эмэгтэй юм оёж болохгүй хүй нь орооцолдоно.  Мөн их ажил хийж хөдөлгөөнтэй байвал амархан төрдөг гэх юм?
-Монголчууд,зурхай арга билгийн ухаантай. Тулгар хүн хүнд юм өргөж, үсэрч цовхчиж болохгүй. Эхийн хэвлийд байгаа хүүхэд чөлөөтэй хөдөлж байх ёстой. Гэтэл үйл мэтгээд бөхийгөөд суучихаар тэр хүүхэд чөлөөтэй хөдөлж чадахгүй хүйндээ ороогдох тохиолдол гардаг. Тиймээс төрөх эхийг хамгаалсандаа цээр гаргасан байх.

-Одоо ярианыхаа сэдвээ таны хүүхэд нас,аав ээж,  бас хурдан морь унаж олон айраг түрүү авч байсан зэрэг дурсамж руу хөтөлдөг юм уу?
-Зургаан настайгаасаа 16 хүртлээ хурдан морь унасан. Жижиг биетэй болохоор  аав маань надаар морио унуулах их дуртай. Миний унадаг улаан морь аймаг сумандаа алдартай алтан туурайтан байлаа. Намайг аравдугаар ангид байхад улаан морь маань түрүүлээд ирэхэд өөрийн эрхгүй самсаа шархирч магнай тэнийж билээ. Алтан туурайтны босоо цагаан хийморь, эерэг энерги нь миний амьдралыг түшсэн гэж боддог. Хурдан морины  дэл дээр “дарцаглаж” өссөний буянаарамьдрал маань өөдрөг сайхан явна гэж бэлгэшээдэг.Одоо манай нутгийн аавын үеийн хөгшчүүл  “Бүлтэн чи улаан морио унаад яаж түрүүлж байснаа яриач” гэдэгсэн. Би ч ёстой өнгөтөөр ярина шүү дээ /инээв/.

-Хурдан морь гэснээс таны хань уяач шүү дэ.  Хайрын захидлыг нь өвөртлөөд морин дэл дээр хийсч явсан гэдэг байх аа?
-Тийм ээ, Би ханьтайгаа 10 жилд байхаасаа үерхэж нөхөрлөсөн. Энэ үерхэл хожмоо хайр сэтгэл болж ханилж суугаад гурван сайхан хүүхдийн аав, ээж болсон доо.

-Сүүлийн хормыг танд үлдээе?
-“Монголын үрс маш олон болтугай”.
 

Б.Анх