Олон улсын сувилагчийн өдрийг тохиолдуулан сувилагч мэргэжлийг сурталчлах, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор “Сувилагчийн нэг өдөр” нээлттэй хаалганы өдрийг 2014 оны 04-р сарын 09-ний өдрийн 10.00-14.00 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн сувилахуйн албанаас зохион байгууллаа. Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж СХЭМН-ийн дарга Ш. Хажидмаа, СХД-ийн Иргэдийн хурлын дарга Х.Нямбаатар, СХД-ийн Засаг дарга М. Чинболд нар оролцож үг хэллээ. Мөн СХЭМН-ийн поликлиник, стационар, салбар амбулатор, өрхийн эрүүл мэндийн төвийн 20 сувилагч, тусгай мэргэжилтэн оролцож, ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгон зөвөлгөө өгч сувилахуйн тусламж, үйлчилгээг үзүүллээ.

alt 

 Тус үйл ажиллагааны үеэр 313 хүнд артерийн даралт үзэх, цусан дахь сахарын хэмжээ тодорхойлох 150 хүнд, нүдний хараа шалгах 72 хүнд, биеийн жингийн индекс үзэх 64 хүнд, мөн 6 хүнд боолт хийх тусламж үйлчилгээг тус тус үзүүлж, 750 хүнд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, суталчилгааг зохион байгуулав. “Жирэмсэн болон амаржсан эхчүүдэд өгөх зөвлөгөө”, “Чихрийн шижингээс сэргийлэхийн тулд та юу анхаарах вэ?”, ‘’Эмийн зохистой хэрэглээ’’, “Өсвөр насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийн боловсролд” зэрэг 40 гаруй сэдвүүдээр бэлтгэсэн гарын авлагыг иргэдэд өгсөн. 

  alt

 Өдөрлөгт хоол зүйч Д.Оюунсувд оролцон биеийн жингийн индекс тодорхойлж, биеийн найрлага тодорхойлох аппаратаар хэмжилт хийн үр дүнг тайлбарлаж, хооллолтын зөвөлгөө өгсөн нь иргэдийн талархалыг хүлээж байлаа. Түүнчлэн өдөрлөгийн үйл ажиллагаанд эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөнийг сурталчлах зорилгоор Чийрэгжүүлэлтийн эмч Д.Өнөрцэцэгээр удирдуулсан СХД-ийн ахмад тамирчид оролцож “Биеийн хэлбэрийн шүлэглэл” хийн дасгал хийж үзүүллээ.

alt 

СХЭМН-ийн сувилахуйн алба