Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй ч урьдаа тавьсан зорилгоо биелүүлэхийн төлөө, өөрийгөө ялан дийлэхийн төлөө сэтгэл, зүрх, хөлс, хөдөлмөрөө гарган Монгол орны баруун аймгуудаар 5500 км аялахаар зориг шулуудан 6-р сарын 7-нд автомашингүй өдрөөр унадаг дугуйн параданд оролцоод шууд аялалдаа гарсан Ч.Мөнгөндалай 167 хоногийн турш аялаж 15 аймгийн 210 гаруй сумын нутгаар дайрч 6200 км замыг туулан нийслэл Улаанбаатар хотод өнөөдөр ирлээ.

Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Аюушийн Мөнхбат, Ч.Мөнгөндалайгийн гэр бүл, МЗХ-ны дэргэдэх Залуу дугуйчин клуб, хэвлэл мэдээллийн байгууллагууд, МЗХ мэргэжилтэнүүд, аяллын турш дэмжиж, хамтран ажилласан байгууллагууд МЗХ-ны төв байранд 13 цагт тосч авлаа. Хэл яриа, сонсголын бэрхшээлтэй ч мөрөөдлийхөө төлөө эрсдэл гарган, Монгол орны баруун аймгуудаар унадаг дугуйгаар тойрсон хамгийн анхны хөгжлийн бэрхшээлтэй аялагч болсон бөгөөд МЗХ-ны “Эр зоригийн алдар” цол тэмдэгээр энгэрээ мялаалгалаа.

Ч.Мөнгөндалайг МЗХ-ны салбар холбоод явсан газар бүрт нь угтан авч эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх, хооллож ундлах, орон байраар хангах, мөн нэг өдрийнхөө цалинг хүртэл хандивлаж байсан бөгөөд бусад унадаг дугуйг дэмждэг байгууллагууд, хувь хүн, компаниуд өөрсдийн сэтгэлээрээ тусламж, дэмжлэг үзүүлж байсан юм. Аяллын турш чин сэтгэлээрээ дэмжсэн Монголын Залуучуудын Холбоо, бусад байгууллага болон сайн санаат иргэн бүрт баярлаж талархсанаа илэрхийллээ. 

Хүсэл мөрөөдөлд хөгжлийн бэрхшээл саад болохгүй гэдгийг хэл яриа, сонсголын бэрхшээлтэй Ч.Мөнгөндалай маань батлан харуулж чадлаа. Түүнд Монголын мянга мянган залуучуудынхаа өмнөөс баяр хүргэе!

 

Хүсэл мөрөөдөлд хөгжлийн бэрхшээл саад болохгүй. Чимэдсэлгээгийн Мөнгөндалай