Тендер тойрсон бяцхан зурвас
2013/05/20
Манай улс уул уурхай зэргээсээ орлого их олж байгаа хэрнээ тэр хэрээр зарлагдаж ДНБ-тэй харьцуулсан хэмжээ хэтрээд байна гэж гадна, дотногүй шүүмжлэдэг. Төсвийн хэтэрсэн зардлын ихэнх нь төрийн худалдан авалтад явж байна.
Энэ нь хоёр их наяд төгрөгт эргэлдэх тендер гэгч том эрх ашигт урсах болсон. Манайд олон нийтийн худалдан авах чадвар муу учир төр бараа, материал, үйлчилгээ худалдан авагч гол субъект болж хувирсан.
Ингэснээр бизнесийнхэн төртэй "түншлэхээс" аргагүйд хүрч энэ нь эргээд төрийн өндөр албан тушаалтнуудыг сонирхлын зөрчил үүсэхэд, хүмүүс төрийн албанд ажиллахыг улайрахад, төрийнхөн Тендер нэрээр зүгээр мөнгө "цохих"-д хүргэж байдгийг хэн хүнгүй хэлээд буй.
Жишээ татахад, өнгөрсөн дөрвөн жилд нийт 58 бүтээн байгуулалтын ажил үр дүнгүй болжээ. 2009 онд дөрвөн ажил үйлчилгээ, 2010 онд 20 ажил үйлчилгээ, 2011 онд 23 ажил үйлчилгээ, 2012 онд 11 ажил үйлчилгээ "будаа" болж, төсвийн 57 тэрбум төгрөгийн хөрөнгө чанаргүй зарцуулагдсан байна.
Эдгээр нь Тендерийн гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй, ажлаа хаяж явсан. Технологи зөрчиж хүйтний улиралд барилгын цутгалт хийсэн. Гэрээний хугацаа хэтэрч ашиглалтанд өгсөн. Гэвч чанаргүй гүйцэтгэсэн гэх зэрэг нийтлэг дутагдалтай.
Тендерийг тойрсон үр дүнгүй байдал ийнхүү хэрээс хэтэрсэн тул Засгийн газар тендерийн ажиллагааг гүйцэтгэх бие даасан агентлаг байгуулж тендерийн ажиллагааг шинэ түвшинд гарган ил тод, ойлгомжтой, иргэдийн оролцоотой, хяналттай, хариуцлагатай болгоно гэснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө.
Гэвч үр дүн гарсан эсэх талаар өнөөдрийг хүртэл тайлагнаагүй л байна. Энэ хооронд төрийн албан хаагчдын 24 айлын орон сууцны таван давхар барилга барихаар тендер авсан компани давхрыг нь багасгаж дөрвөн давхар болгож барьсаар...
Анх тендерт бага үнэ хэлж шалгарчихаад сүүлд нь инфляци гэх мэт шалтгаан хэлж мөнгө нэмж авсаар... Хот, нийслэл, аймаг, дүүрэг, сумын удирдлага, ИТХ-аасаа эхлэн Засаг дарга нарын бизнес элдэв хаалт шахалтгүй нь тендерт ялж цэцэглэсээр байна.
Эмийн тендер зарлагдсанаас хойш чанаргүй эмийн нийлүүлэлт ихэсч, эрүүл мэндийн салбарт улс төр нөлөөлдөг болсон. Тогтвортой амьжиргаа төслийн хүрээнд худаг гаргах, бэлчээр хаших төслийг хэдхэн удирдах албан хаагчид, тэдний танил талд үйлчилж, тендерийн мөнгийг ашиглаж байна гэх мэтээр Тендерийн гажуудал, дутагдал манай улсад хүрээгүй, гараагүй салбар ч үгүй болон хавтгайрч байна...
Сэтгүүлч Б.Мандах
Эх сурвалж: "Бизнес таймс"