Э.Батшугар аа, яг одоо би таны аавын надад өгсөн ярилцлагын бичлэгийг дав­тан үзэж байна. Тэр Монголын ард түмэн рүү харж байгаад худлаа хэлэх хүн биш гэсэн хувийн бодол, итгэл төрж байна.

Үртэй хүн жаргалтай гэдэг. Үй­лийн учгийг тайлахсан гэж та бодож байвал энэ ярилцлагыг дахин нэг сонсоорой.  Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дар­га Н.Энхбаяр 2012 оны зур­гаадугаар сарын 20-ны орой “Шонхор суваг” телевизээр эрүүл саруул ухаанаар ярьсан нь энэ. Ялангуяа аав нь хүүгийнхээ тухай ярьсан хэсэг нэгийг бодогдуулах аж.

Э.Батшугарын аав Н.Энхбаяр өнөөдөр 64 кг хүртлээ турчихаад байгааг эмч нар хэлж байгаа талаар хэвлэлүүд бичиж байна. Үнэхээр түүнийг яаралтай эмчилгээнд явуу­лахгүй бол амь насанд нь аюул учирч болзошгүй байгаа бол ямар ачлалгүй хүү гэхээрээ чив чимээгүй банк удирдаад явж чаддаг байна аа. Н.Энхбаярын ял гавьяа, гэм зэмийг хуулийнхан тогтоосон биз. Олон нийт ч өөрсдийнхөөрөө үнэлж буй. Гэвч улстөрчийнхөө хувьд түүний эрмэлзэл холын хараатай байсан. Тэр ч байтугай Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нь ч тодорхой байсан юм. Ямартай ч Э.Батшугарын аав Н.Энхбаяр гэдэг хүн өнөөдрийг хүртэл өмгөөлөгч нараа, намын нөхдөө УИХ-ын гишүүн, сайд болгох, хүүгээ Монголбанкны дэд ерөнхийлөгч болгох гэж энэ их эрсдэлийг хийгээгүй биз ээ. Ма­гадгүй УИХ-ын сонгуульд ялалт байгуулан, Монголын улс төрд бүхнийг “тэг”-ээс, шинээр эхэлж ямар амжилтад хүрч болдгийг харуулах гэсэндээ өнөөдрийг хүр­тэл зүтгэсэн.

Хатуухан хэлэхэд өнөөдөр “Н.Энхбаярын амь насанд аюул учраад байна” гэх мэдээ анхаарал татахаа больжээ. Монголын нэр хүндтэй эмч нар хичээгээд ч эмчилж дийлэхгүй байгаа энэ цаг мөчид Н.Энхбаярт хэн хэрэгтэй юм бэ. Ээж нь, хань нь, хүү нь, хүүхдүүд нь хамгийн эрхэм байлтай. Гэтэл хүү Э.Батшугарт нь аавынхаа төлөө ч атугай энэ албан тушаалаас татгалзах эр зориг алга уу. Түүнийг ажлаа өглөө гэхэд Монголын банкны салбар дампуурчихгүй. Аав нь ч эрүүл саруул болчихгүй байх л даа. Гэхдээ эцгийнхээ нэр хүнд, эрүүл мэндээр албан тушаал олж авч амаа таглуулсан мэт эвгүй санагдахгүй байна гэж үү.

Н.Энхбаяр гэдэг хүний үнэ цэн ийм хямдхан байсан юм уу. Эсвэл түүний учруулсан хохирол амь наснаас нь илүү юү гэдэг талаар маргах нь эдүгээ утгагүй. Хамгийн гол нь өнөөдөр Н.Энхбаярын амь нас аюулд учирчихаад байгаа нь үнэн бол түүний дэргэд хэн байна вэ. Үүнийг улс төрөөс ангид авч үзэх аргагүй юм. Угаасаа улстөрчийн үйлдлийг улс төрөөс ангид авч үзэхэд амаргүйн дээр эрүүл саруул Н.Энхбаяр хэн байлаа гэдгийг эргэн сана даа.

Н.Энхбаяр МАН-аас гарч МАХН-ыг байгуулахдаа хүчтэй бай­саан. Түүнийг баривчлах ажиллагаа өнгөрсөн оны дө-рөв­дүгээр сарын 11-ны шөнөжин олон нийтийн анхаарлыг татсаны эцэст 12-ны өглөөний 06.40 цагийн үед “өндөрлөсөн”. Гэрийнх нь хаалгыг эвдэн баривчлах тэр үеэр түүнтэй хамт байсан Ч.Улаан, Д.Тэрбишдагва, О.Чулуунбат нар  эдүгээ сайд, дэд сайдын алба хашиж байна. Тэдэн дээр бараг нэг мөч ч ангид байгаагүй Эрүүл мэн­дийн сайд Н.Удвал, Хуульзүйн дэд сайд Э.Эрдэнэжамьян, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нарын “тохиолдлын лидерүүд”-ийг нэмчихэж болох юм. Ингээд бодохоор Н.Энхбаярын нам өнөр өтгөн ажээ.

Гэхдээ тэр үед М.Энхсайханы тэргүүлсэн МҮАН-ынхан түүний талд байсныг бас мартаагүй биз ээ. Үүний дараа Н.Энхбаяр сул­лагдаж “Шонхор суваг” телевизэд дэлгэрэнгүй ярилцлага өг­сөн. Түүний ярианд УИХ-ын сон­гуульд “Шударга ёс” эвслээс ямар мөрийн хөтөлбөртэй оролцох, цаа­шид юу төлөвлөөд байгаа тухай сэдэв гол­лож байснаас харахад Н.Энхбаяр өөрийн улс төрийн карье­раа нэлээд өргөн цараатайгаар урьдчилан харж байсан нь тодорхой байдаг. Гэтэл 2012 оны наймдугаар сарын 2-нд нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхээс түүнд дөрвөн жилийн хорих ял оноосон. Үүнийг Улсын дээд шүүх хянан хэлэлцээд хоёр жил зургаан сарын хугацаатай хорихоор болгож хөнгөвчилсөн юм.

Өнгөрсөн хугацаанд МАХН-ынхан, “Алдарт эхийн одонт” ээжүүд Н.Энхбаярыг өмөөрч, өлсгөлөн зарлаж үзлээ. Харин түүний гэргий О.Цолмонгийн хувьд Хуульзүйн сайд Х.Тэмүүжиний гар утсанд мессеж бичсэн хэмээн хэвлэлд бичигдсэнийг эс тооцвол тэгтлээ анхаарал татсан үйлдэл хийсэнгүй. Гэвч хүний хань болсон хойно гаднын зарим байгууллагад захидал илгээх, МАХН-ын гишүүдтэй уулзаж сануулах зэр­гээр “зүгээр суугаагүй” сураг бай­даг. Мөн Н.Энхбаярын ээж Р.Бүд­хандын зүгээс өөрөө бичсэн эсэх нь эргэлзээтэй нэгэн захидлыг эс тооцвол дуугүй хэвээр байна.

Н.Энхбаяр бол Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын даргаас гадна хувь хүнийхээ хувьд хүний хань, хүүхдүүдийн эцэг, эр хүн. Тиймээс ч түүний хүү Э.Батшугар яах бол гэсэн асуудал олны анхаарлын төвд байсаар ирсэн. Гэтэл тэрбээр Монголбанкны дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авснаас хойш аавынхаа тухай ганц үг ганхийсэнгүй. Үүнийг улстөрчийн үйлдэл гэх үү. Эсвэл хүү нь эцгийнхээ эрүүл мэндийг хамгаалах талаар эцсээ хүртэл зүтгэхийн оронд албан тушаал авчихаад амаа таглуулчихлаа гэж үзэх үү. Харин аав тань таны тухай хэзээ ч ингэж төсөөлөөгүй гэдэгт итгэж буйгаа нуух юун.

 

У.Оргилмаа