Монгол бичгийг заах аргачлалын тухайд
2013/02/02
Ямар насанд нь заавал зохистой вэ?
Бага насанд нь, анх бичиг сурах үед нь заавал хамгийн тохиромжтой. Бага ангийн багш нар үсэг нүдлүүлэх, бичгийн хэвийг засах, уншуулж сургах гэх мэт олон талаар дунд ангийн багш нараас давуу чадвартай. Харин гурав, дөрвөн жилийн өмнөх үе шиг бага ангид монгол бичгийн хичээл заавал үр дүнд хүрнэ. Бага ангийн багшид тавих шаардлага нь үсгээ нүдэлсэн, үсгээ зөв дарааллаар бичдэг, үзсэн эхний хэмжээнд уншдаг байх л явдал.
Дунд ангиас нь зааж эхэлсэн сүүлийн гурван жилийн байдал
Үүний үр дүн тун муутай байна. 7,8-р ангид долоо хоногт 2 цаг, 9-р ангид долоо хоногт ганцхан цаг ороод л дуусна. Багш нар зөндөө гомдол гаргадаг юм билээ. Үнэндээ энэ нь нэр төдий л зүйл болоод байгаа юм. Цагийг нь, заах ангийг нь өөрчлөхөөс өөр аргагүй.
Тохиромжтой байдлын тухайд
Бага ангийн сүүлч буюу 5-р ангиас эхэлж заах нь олон талын ач тустай. Цагийг зайлшгүй нэмэх шаардлагатай.
Заах аргын уламжлал
Олон зуун жил монгол бичгээ зааж сургаж ирсэн баялаг уламжлалтай. Бидэнд өнөө хэр мэдэгдэж олдож байгаа нь XIV зууны Чойжи-Одсэрийн "Зүрхэн толт"-оос хойш олон арван бүтээл гарчээ. Тэдгээр нь монгол бичиг заах сурах бичиг болж байсан. Унших номын тухайд их учиртай. Заавал эхлээд "Оюун түлхүүр"-ийг уншуулна. Учир нь Чингис хааны билиг сургаалаас эхтэй энэ зохиолд, эгэл ардаас эзэн хаан хүртэл бие, хэл, сэтгэлээ хэрхэн засах ёстойг сургасан байдаг.
Бас дараа нь "Цаасан шувууны сургаал", "Тоть шувууны сургаал" мэт сургаалын зохиолуудыг уншуулж бичүүлдэг. Энэ нь үсэг бичиг сургахын хамт зөв хүн болгон төлөвшүүлдэг давхар ухаан байжээ. Монгол бичиг нь олон зуун жилийн өмнөх үеийн монгол үгийн бүтцийг хэвээр хадгалан бичдэг тул зөв бичлэг, өнөөгийн халх аялгууны дуудлага хоёр зөрдөг үг цөөнгүй бий.
Түүнийг заахдаа "ийн бичээд, тийн унших ёс" гэдгээр мэдүүлдэг. Өнөөгийн англи хэл мэт дэлхийн олон хэлний ярих, бичих хоёр нь эрс зөрөөтэй байдаг. Эртний бичгийн хэлтэй учраас л тэр. Монгол бичгийн үсгийн махбодыг таниулахдаа, хүүхдийн дүрслэн бодох чадварт нь нийцсэн "шүд, шилбэ, нуруу, сүүл, эвэр, гэзэг" гэх мэт нэрийдлээр цээжлүүлдэг байжээ.
Заах гол арга нь үндсэн долоон эгшиг, үндсэн долоон эгшгээр амилсан үе үсгүүд, үгийн дунд болон адагт ардаа эгшиггүй ордог үсэг буюу дэвсгэр үсгүүдийг л мэдүүлээд, холбон унших, бичих дасгал давтлагадаа ордог байжээ. Тийнхүү үсэг, үе, дэвсгэрийг гол болгон заах нь эрт цагаас эдүгээ хүртэл хадгалагдаж байгаа монгол хэлний маань гол зүй тогтол буюу үеийн тогтолцоог харгалзсан шалгарсан арга юм. Учир нь монгол хэлэнд, ердөө дөрвөн үе л байсан, одоо ч тийм л байгаа. Тэр нь:
1. Эгшиг/а, э, и, о.../
2. Эгшиг-1 гийгүүлэгч / ам,эм,ар, ор, ур.../
3. Гийгүүлэгч+эгшиг/ба,бэ, xa, ро, су.../ 4. Гийгүүлэгч + эгшиг + гийгүүлэгч /баг, мал, хаг, car.../
Кирил үсгийн дүрмээр олон гийгүүлэгч эгшиггүй нэг дор бичдэг боловч, хэлэхдээ огзом эгшгийг өөрийн эрхгүй дууддаг. Харин, сүүлийн үед кирилээр бичсэнээ харж уншдаг хүмүүсийн хэл нь их хахир хатуу сонсогдох болжээ. Аль ч хэлэнд эгшиг нь их байвал уянгалаг зөөлөн аялгуутай байдаг жамтай.
Одоогийн заах аргад нэмэрлэх санал
1.Монгол бичиг бол монгол үндэстнийг бусад үндэстнээс ялгаруулдаг буюу зөвхөн нэг үндэстэн авч яваа эрхэм өв соёл гэдгийг ухааруулж, бахархан суралцах эрмэлзлийг буй болгох.
2. Монгол хэл, монгол бичиг хоёрын олон талын нарийн уялдааг ухааруулж, монгол хэлээ сайн мэдье гэвэл монгол бичиг сурахаас өөр гарцгүй гэдгийг мэдүүлэх
3. Монгол бичгээр бидэнд үлдээсэн дээдсийн өв соёлыг таниулж, өнгөрсөн үеэ,түүхээ, уран зохиолын өвөө мэдье гэвэл монгол бичгийг л сайн мэдэх ёстой гэсэн бат ухамсрыг суулгах
4. Монгол бичгээ сайн мэдвэл, өнгөрсөн үеийн бичгийн зүйл төдийгүй өнөөгийн өвөр Монголд гарч байгаа бүх ном зохиолыг ашиглах боломжтой. Учир нь дэлхийд аль ч оронд байгаа монгол үндэстэн, монгол бичиг мэдэгч хүн нэг л зөв бичих дүрмээр бичдэг.
5.Монгол бичгийн уламжлалт заах аргаа сайн судалж, эзэмших
б.Заах аргын тухайд, эгшиг үе, дэвсгэр үсгийг нүдлүүлээд, үг холбон уншиж, бичиж эхлэх явдал юм.
7.Өнөөгийн хүүхдүүдэд заахдаа, унших, бичих, хоёрт зөрүү гардаг нь эртний бичгийн соёлтой улс болгонд байдаг зүйл гэдгийг англи мэт хэлээр жишээ аван тайлбарлах хэрэгтэй. Монгол бичгийн тухайд, англи хэл шиг их зөрүү байхгүй.
8.Монгол бичгийг заахдаа, өнөөгийн дуудлагаас ангид бичиж байгаа үе, үгийн цаана, монгол сэтгэлгээ, монгол үгийн гарал хадгалагдаж байдгийг бага багаар таниулах
9. Зөв бичих дүр заахдаа, олон зуун хэвшин тогтсон маш цэгцтэй зүй тогтлыг нь мэдвэл түүнтэйгээ жишээлээд л бичээд байх юм гэдгийг үгийн бүтцээр нь задалж ухааруулах
10. Монгол бичгийн зөв бичих дүрмийг заах явцад хүүхдийн үгийн сан баялгийг нэмэгдүүлэх арвин боломж бий. Түүнийг сайн ашиглах.
11.Унших эхийн тухайд сонголт маш сайн хийх (олон зуун жилийн бичгийн зохиолын хөмрөг, XX зууны эхний тавин жилийн бичгээр буй бүх хэрэглэгдэхүүн.
12. Монгол бичгийн олон улсын стандарт "Юникод" 2000 онд батлагдсан. Бас компютерийн Moнгол бичгийн бичвэрийн олон программ буй болсон тул цахимын орчинд хэрэглэгдэх бэрхшээлгүйг хэлж, яаж бичихийг зааж өгөх хэрэгтэй байна.
МУИС-ийн багш, доктор профессор Ш.Чоймаа