Өнөөдөр манай улсад дуудлагын  жолоочийн хэрэгцээ байхгүй биш байна.  Харин тэднийг албажуулж,  цэгцлэх шаардлага байгааг онцолж байна.

Жолооч нарын хувьд архи дарс, цагаан, шар айраг уусан үедээ өөрийгөө ч, өрөөлийг ч бодсон  жолоо барихыг хүсдэггүй.  Хууль дүрмээ бодсон ч, амиа бодож, өмчөө найдвартай газарт хадгалахын тулд  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ яалт ч үгүй л дуудлагын жолооч дууддаг.  Харин энэ хэрэгцээн дээр дөрөөлсөн  хэсэг бүлэг хүмүүс бусдын зовлонгоор жаргал хийж, тавлаж байгаа  тохиолдол нэг биш бүртгэгдсэн байна.  Тухайлбал, дуудлагын жолоочоор  үйлчлүүлээд машинд  байсан эд зүйлээ хулгайд алдах,  эмэгтэйчүүдийг татаж чангаах,  тэр тусмаа дугаарыг нь авчихаад өдөж хоргоох,  уулз үгүй бол амьдралыг чинь сүйрүүлнэ шүү хэмээн дарамталсан тохиолдол, машиныг нь лааз болгосон түүх байна. Мөн машин байрлуулах газрыг нь зааж өгсөөр байхад буруу газар байрлуулчихаад маргааш нь утсаа салгаад алга болдог, эсвэл дуудлагаар  ирж байгаа хэрнээ  архи үнэртүүлсэн,  үйлчлүүлэгчээ доромжилдог гээд олон дутагдал байдаг.

Өнөөдөр Монгол улсад хичнээн хүн дуудлагын жолоочоор үйлчилж байгаа, хичнээн байгууллага байдаг нь тодорхойгүй.  Өөрөөр хэлбэл  шөнө оройн цагаар бол  уушийн болон цэнгээний газрын үүдэнд 15 000- 20 000 төгрөгөөр явна, ойрхон бол тохирно гэсэн хүмүүс  дүүрэн байна.  Тэд бол сайн дурынхан. Өөрөөр хэлбэл буух эзэн буцах хаяггүй,  дээр дурьдсан алдааг гаргах магадлал өндөртэй, эрсдэлтэй  дуудлагын жолооч нар.  Эдгээр эрсдэлтэй газруудын тоог  үйлчилгээний газруудын  00-л зараа наасан  ядмагхан  газрууд ч нэмнэ.

Харин тусгай оронтой  лавлахуудаас авсан жолооч нар итгэл алдах нь харьцангуй бага байгаа юм. Ядаж л буух эзэн буцах хаягтай болохоор тэр биз.

Нийслэлд дуудлагын жолоочийн үйлчилгээ эрхэлдэг олон газар байдаг бөгөөд тэдний талаар дэлгэрэнгүй мэдээлэл замын цагдаагийнханд хангалттай биш гэнэ. Сүхбаатар дүүрэг дэх замын цагдаагийн тасгаас нийт жолооч нарт "Хүнээр машинаа бариулан байж архи уух шаардлага байна уу. Үнэхээр тэгэхийг хүсч байгаа бол та бүхэн машин тэргээ тавьчихаад таксигаар үйлчлүүл. Ер нь жолоо барьж явах үедээ хэзээ ч битгий архи хэрэглэ" хэмээн сэрэмжлүүлж байсныг зарим нэг мэдээллийн сайтаар анхааруулж байсан.  

Энэ анхааруулгыг мөрдөх боломжгүй, иргэдийн хувьд ядаж баталгаатай буух эзэн, буцах хаягтай газраас дуудлагын жолоочоор үйлчлүүлэх хэрэгтэйг анхааруулж байна.  Эс бөгөөс азандаа найдах,   тааруу үйлчилгээ авахдаа сэтгэл санаагаа бэлдэхээс  өөр аргагүй болж байгаа юм.  

Мэдээж хэрэг бүх дуудлагын жолооч муу, тааруу үйлчилгээтэй биш.  Олны дунд мэр сэр  тааруу нөхөд байгааг энэхүү нийтлэлээрээ анхааруулж байна.  

А.Баярмаа