Ямар ч өмгөөлөгчгүй жирийн монгол ажилтан ажлаас үндэслэлгүй халагдсан шалтгаанаар “Оюутолгой”-той ёс­той л “ясаа цайтал” зар­галдлаа. Заргаа ч авлаа. Монгол хүн, тэр тусмаа эмэг­тэй хүн хоёр ч шатны шүүхээр орж өөрийнхөө зөвийг батална гэдэг баргийн хүний давах даваа бус.

Гэвч С.Гантуяа бүсгүй чадлаа. Тэр “Оюутолгой” компани Хөрөнгө оруулалтын гэрээнийхээ заалтыг зөрчиж, гадаад, мон­гол ажилчдын цалинг ялга­вартай өгч байна гэж гомдол мэдүүлсэн байдаг. Монгол ажилтан хусмыг нь идэж, гадаад ажилтан өрмийг нь хам­даг гэдгийг илчилсэн хэрэг. “Оюутолгой” компани, Монголын Засгийн газар хоо­рондын Хөрөнгө оруулалтын гэрээний наймдугаар бүлэг буюу “Хөдөлмөрийн харил­цаа, хөдөлмөр эрхлэлт болон сургалт”-ын тухай хэсгийн 8.1 дэх хэсэгт “Хөрөнгө оруулагч, түүний хамааралтай этгээд нь Монгол Улсын хөдөлмөр, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг дагаж мөрдөнө.

Хөрөнгө оруулагч нь цалин хөлсний бодлогыг хэрэгжүүлэхдээ цалин хөлсийг шударгаар олгох зарчим баримталж, адил үнэлэмж бүхий ажилд адил цалин хөлс олгоно” хэмээн заасан байдаг. С.Гантуяа гэрээний яг энэ заалт хэрэгжихгүй байна хэмээн үзэж шүүхэд хандсан. “Оюутолгой” компанид ажиллаж буй гадаад, монгол ажилчид мэдлэг боловсрол, хийж байгаа ажил, гүйцэтгэж байгаа үүрэг нь  яг адилхан хэрнээ авч буй цалин хөлс нь өдөр шөнө шиг ялгавартай байна гэдгийг ил тод хэлсэн хэрэг. “Оюутолгой” компанийн Улаанбаатар хот дахь төв оффист 700 шахам монгол хүн, 150 гаруй гадаадын иргэн, төслийн хэмжээнд нийтдээ 8000 монгол хүн ажилладаг бөгөөд тэдний цалин эрс ялгаатай гэнэ билээ. Яг адилхан ажил үүрэг гүйцэтгэдэг хоёр хүн байлаа гэж бодоход монгол ажилтан нь 1500-2500 ам.доллар, гадаад ажилтан 4000-5000 ам.долларын цалин авна гээд бодоход Хөрөнгө оруулалтын гэрээний зүйл заалтыг илт зөрчиж байгаа юм.

Ийм буруу жишгийг компа­нийнхаа эздэд анх хэлж, шаардлага хүргүүлснээр С.Гантуяаг ажлаас нь халсан юм билээ. Шаардлагад нь дургүйцсэн компанийн удирд­лагууд, газар хэлтсийн дарга нар түүнийг компанийнхаа оффис руу ч нэвтрүүлэлгүй, цахим хаягуудыг нь хааж, мэдээллээр тасалсан гэдэг. С.Гантуяа энэ тухайгаа маш олон удаа хэвлэлд бичсэн, анхан шатны шүүх хурлын дараа ч хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй тайлбарласан. “Оюутолгой” компани Монголд үйл ажиллагаа явуулж бай­гаа учраас Монголын хууль журамд захирагдаж, хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах ёстой. Энэ бол маргашгүй үнэн. Иргэн С.Гантуяаг захиргааны хэргийн шүүхэд хандаж, ажлаас үндэслэлгүй халагдсан учир шалтгаанаа тайл-барлах зуур “Оюутолгой” ком­панийн удирдлагууд нэг “хачин” тайлбарыг цахим шуудангаар хийв. Тэр нь “С.Гантуяаг ажлаас чөлөөл­сөн тухай асуудал бол хол­богдох хууль тогтоомжийн хүрээнд явагдсан ажил олгогч, ажилтан хоёрын хоорондын буюу компанийн дотоод асуудал” гэсэн тайлбар. Ажил олгогч, ажилтан  хоёрын хоорондын буюу ком­панийн дотоод асуудал гэдгийг яаж тайлбарлавал зохих вэ. Ажил олгогчийн шаардлагад нийцүүлэн ажилла, чадахгүй бол халагд” гэсэн хөдөлмөрийн дотоод журам гаргаж, мөрдүүлдэг гэсэн үг үү. Монгол Улсад хувийн ч бай, хувьсгалын ч бай, хөрөнгө оруулалтын гэрээгээр ч бай хөдөлмөр эрхэлж, эрхлүүлж буй хэн ч Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжийг мөрдөж ажилладаг гэдгийг “Оюутолгой” компанийн “том толгой”-той удирд­лагууд мэдэхгүй байна гэж үгүй. 

С.Гантуяа “Монгол Улсын болон Олон улсын нэгдэн орсон конвенцийг биелүүлэлгүй монгол, гадаад ажилчдын цалинг эрс ял­гаатай тогтоосон. Үүнээс үүдэн компанийн удирдлагууд монгол ажилчидтай ёс зүйгүй, хүндэтгэлгүй харилцаж, айлган сүрдүүлдэг” хэмээн цахим шуудангаар бичсэн  нь “байгууллагын дотоод асуудлыг гадагш нь задруулсан” болж ажлаас халагдсан. С.Гантуяа “Оюутолгой” компанид жил долоон сарын хугацаанд ажилласан бөгөөд өмнө нь олон  улсын байгууллагуудад төслийн менежерээр ажиллаж бай­сан юм билээ. Британи, Голландад бакалавр, магистрын зэрэг хамгаалсан, мэдлэг боловсролтой эмэгтэй. Түүн шиг өндөр боловсролтой эмэгтэйчүүд, эр­чүүд “Оюутолгой”-д маш олон бий. 25-35 насны эдгээр залуус “Оюутолгой”-н гадаад ажилчдыг бодвол хамаагүй өндөр боловсрол эзэмшсэн, гадаад дотоодын томоохон төсөл, хөтөлбөрүүд дээр ажиллаад сурчихсан, харьцангуй ухамсартай юм билээ. Гадаад, мон­гол ажилчдын цалин эрс ялгаатай байгаа нь Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчиж байгаа гэдгийг “Оюу­толгой”-н ТУЗ-өөс эхлээд хэлж учирлах монгол хүн байгаагүй гэж үү. Хэтэрхий нэг талыг барьж, монгол хүний оюун ухаан, мэдлэг чадварыг дорд үзэж байгаатай нь эвлэрсэн гэхэд итгэмгүй.

С.Гантуяа бүсгүйн тэмцлээс болж Хөдөлмөрийн яам “Оюу­толгой” компани дахь гадаад, мон­гол ажилчдын цалингийн зөрүү, хөдөлмөрийн харилцаанд хяналт шалгалт хийж хэд хэдэн зөрчлийг илрүүлж, хугацаа заасан зөвлөмж хүргүүлсэн ч тус компани үл ойшоож, одоог хүртэл ямар нэгэн арга хэмжээ авсан талаар тайлбар ирүүлсэнгүй. Энэхүү хяналт шал­галтын хүрээнд “Оюутолгой” ком­панид нарийн мэргэжлийн гэж заасан ажил, албан тушаал дээр уригдан ирж ажиллаж байгаа гадаад иргэдийн ихэнх нь боловсролын хувьд бакалавр болон түүнээс доош зэрэгтэй байна. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдахаас өмнө тус компани нь урьд ажиллуулж буй гадаад иргэний талаар хуульд заасан мэдээллийг Хөдөлмөр ха-ламж үйлчилгээний газарт өгч байгаагүй. Мөн Хөдөлмөрийн хуу­лийн 130 дугаар зүйлийг дав­тан зөрчсөн, Монгол Улсын Засгийн газартай хийсэн Хөрөнгө оруулалтын гэрээний 8.1 буюу бусад хөдөлмөр эрхлэлтийн квотын талаарх заалтыг хэрэгжүүлэх ажил огт хийгдээгүй, гэрээнд заасан цалингийн талаарх үүргээ ноцтой зөрчсөн, ажиллах хүчний квотоос хэтэрсэн гадаад ажиллах хүч авч ажиллуулсан, Хөдөлмөрийн яам болон Нийгмийн даатгалын ерөнхий газарт гадаад болон монгол ажилчдын тооны зөрүүтэй байдлаа санаатайгаар худал мэдүүлдэг гэх зэрэг олон зөрчил дутагдал илэрсэн байдаг. Гэвч алдаа дутагдлаа засч залруулах нь бүү хэл, монгол ажилтнуудаа хяхан хавчиж байсны жишээ нь дээрх иргэний гомдол буюу.

С.Гантуяа санасандаа хүрлээ. Одоо “Оюутолгой” компанид түүнийг ажилд нь эргүүлэн авах, аль эсвэл дээд шатны шүүхэд давж заалдах хоёр зам л үлдлээ. Хоёр ч удаагийн шүүх хурлыг хойшлуулан байж заргалдаад ч дийлээгүйг бодоход “Оюутолгой” С.Гантуяагийн хүсэлтийг биелүүлж л таарах нь дээ. Өөрийн оронд гадны компанид үнэгүй зарц хийж байгаа монгол ажилчдын зовлон ганцхан “Оюутолгой”-д ч байгаа юм биш ээ.

 

Б.Оюунгэрэл