Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн холбооныхон Төв аймгийн Сэргэлэн суманд Хятадын хөрөнгө оруулалттай цементийн үйлдвэр байгуулах асуудлыг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.

Сүүлийн үед орон сууцны үнийг тогтвортой байлгах тухай асуудал нэлээд анхаарлын төвд ороод байгаа. Тиймээс барилгын гол материалын нэг болох цементийн үйлдвэрлэлийг төрийн бодлогоор зохицуулах зайлшгүй шаардлагатай байгааг үндэсний үйлдвэрлэгчид онцолж байсан юм.

Тэд цементийн үйлдвэрлэлийг стратегийн салбарт тооцож, импортын хамаарлаас гаргах хэрэгтэй гэж үзэж байгаа тул энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Засгийн газарт хандахаар болжээ.

Одоогийн байдлаар нийт цементийн хэрэглээний нэг сая тонныг импортоор БНХАУ-аас авч байгаа бол 500 мянган тонныг нь дотоодын үйлдвэрүүд хангаж байгаа гэнэ. Энэ тохиолдолд Хятадын хөрөнгө оруулалттай цементийн үйлдвэр байгуулах нь барилгын салбар гадныхнаас хамаарах хамаарлыг улам бүр нэмнэ гэж холбооныхон үзэж байгаа аж.

Мөн барилгачид “барилгын салбарт гаргаж буй хөнгөлөлттэй зээл бодит ажил хэрэг болж чадахгүй байна” гэж шүүмжилсэн. Тодруулбал, төв банк болон Барилга, хот байгуулалтын яамнаас хамтран гаргаж буй хөнгөлөлттэй зээлийг авч, монгол цемент үйлдвэрлэх гэсээр байтал нь Хятадаас цемент импортолдог компаниуд их хэмжээний цемент импортолж зах зээлийг нь үгүй хийж байгаад үйлдвэрлэгчид нэлээд гомдолтой байгаа аж.

Хятадаас цемент импортолдог компаниуд цементийн хадгалалтын хугацааг хэтрүүлэн худалддаг учраас барилгын компаниуд “чанар муу”-тай цементээр орон сууцаа барьдаг нь энгийн үзэгдэл мэт болсон байна. Ингэж барилгын норм, дүрмийг хангаагүйгээс барилга нурах, аливаа осол гарах тохиолдол ихэссэн байхыг ч тэд үгүйсгээгүй юм.

Тиймээс барилгын голлох материал болох цементийн үйлдвэрлэл дэх гадны оролцоог багасгах буюу Хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэр байгуулахыг зогсоох, үндэсний үйлдвэрүүдээ дэмжиж өргөтгөх хэрэгтэй байгааг Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн холбооныхон төрийн өндөрлөгүүдэд сануулсан юм.

Р.Сарангоо