Хоолойн өвдөлтийг эмгүй эмчлэх арга
2014/12/07
Манай орны хүйтэн өвлөөр хүүхдүүдийн хоолой ихээр өвддөг. Бяцхан үрсийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалдаг ээжүүддээ дөнгөж өвдөж эхэлсэн хоолойн өвчнийг эмгүй эмчлэх боломжуудын талаар хүргэж байна. Энэхүү аргуудыг эхэлж буй үед хэрэглэхээс гадна 3 хоног хэрэглээд үр дүнд хүрэхгүй бол аргаа өөрчлөхийг зөвлөе.
1- ЧИЙГШИЛ: Хоолойн өвдөлтийн үед хоолой ихээр хуурайшдаг бөгөөд уурын аппаратаар өрөөг чийгшүүлэх нь өвдөлтийг тархаадаггүй байна. Иймээс гэртээ байнгын их цэвэрлэгээ болон чийгшүүлэлт хийх хэрэгтэй. Хэрэв танд зориулалтын аппарат байхгүй бол чийгтэй алчуур норгож тавьж болно.
2-УУХ ЗҮЙЛС: Дээр хэлсэнчлэн хоолой үргэлж хатдаг тул хүүхдэд маш сайн халуун бүлээн уулгах хэрэгтэй. Аль болох чихэргүй дархлаажуулах төрлийн ундаа бэлдэж өгөх. Үүнд: хөөрүүлсэн сүү, хярам, аньсны шүүс, аарц, чацаргана, үзэмний шүүс мөн ус.
3- САРМИС: Сармис бактери устгагч хамгийн шилдэг байгалийн эм бөгөөд хэрэв идэж чадаж байвал жижиглэн идүүлэх, хэрэв идэхгүй байвал хоолонд нь жирийн үед хэрэглэдгээс ихээр хийж өгөх. Мөн сармисыг хувааж хоолойн хоёр талд өвддөг хэсгүүдээр арчих нь өвдөлтийг басагадаг байна.
4- ЗӨГИЙН БАЛ: Бас нэг төрлийн байгалийн эм бөгөөд өдөрт 1-5 настай хүүхдүүдэд тал цайны халбага, 6-11 настай хүүхдүүдэд нэг цайны халбага цэвэр зөгийн балыг уулгаснаар хоолойн өвчнийг намжаадаг байна. Нэгээс доош насны хүүхдэд зөгийн бал өгөх хориотой, учир нь тэдний хоол боловсоруулах эрхтэн үүнийг боловсруулах чадамжгүй. Ханиаданд зөгийн балыг бас олон төрлөөр хэрэглэдэг тул намар цэвэр зөгийн бал худалдан авч хадгалах хэрэгтэй.
5 -АМ ЗАЙЛАХ: Хэрэв таны хүүхэд ам зайлах үйлдэл хийж чаддаг бол дараах бэлдмэлүүдээр амыг зайлснаар аман дахь бактерийг устгах үйлчилгээ үзүүлнэ.
– Давсны уусмал: нэг цайны аяга халуун бүлээн усанд тал цайны халбага давс хийж хутган зайлах
– Ванжингарав ургамал:эмийн сангуудаар зарагдаж байгаа байгалийн гаралтай ургамлыг зааврын дагуу хандлан өдрийн 3 удаа цайны халбагаар уух, мөн хоолойг зайлах
– Царван: ванжингаравыг бодвол хурц муухай амттай боловч үйлчилгээ сайтай.Эмийн сангуудаар зарагдаж байгаа байгалын гаралтай ургамлыг зааврын дагуу хандлан өдрийн 3 удаа цайны халбагаар уух, мөн хоолойг зайлах. Хэрэв зайлах боломжгүй муухай амттай бол хандлаад хөвөнд шингээж хоолойн гаднаас марлаар боож унтуулахад хоолойн өвчин арилдаг.
– Жамц давс: байгалын энэхүү давсыг долоох нь хоолойн өвчнөөс сэргийлэхээс гадна өвчин намдаах үйлчилгээтэй
– Гаа: гаатай чихэр хоолой өвдсөн үед хэрэглэх нь эхэлж буй үед намдаах ид шидтэй. Монос аптект худалдаалдаг mint ball нэртэй цэнхэр гаа их үр дүнтэй.