-Та сард 792 мянган төгрөгийн цалин авдаг уу?-

Манай улсын иргэдийн дундаж цалингын хэмжээ 792 мянган төгрөг гэсэн судалгаа гарчээ. Та ийм хэмжээний цалинг авч чадаж байна уу? Мэдээж иргэдийн дийлэнх нь "үгүй" хэмээн хариулах биз. Гэхдээ хүмүүс авдаг юм байна. Үндэсний статистикийн хорооноос хийсэн судалгааг дэлгэрэнгүй танилцуулья. 

2014 оноос өмнө ажиллагчдын сарын дундаж цалин үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг аж ахуйн нэгж байгууллагаас түүвэрлэн тооцож байжээ. Үүнийгээ өөрчлөн энэ оны нэгдүгээр улиралаас эхлэн Нийгмийн даатгалын Ерөнхий газрын мэдээллийн санд тулгуурлан нийгмийн даатгалын шимтгэлж төлж буй бүх аж ахуй нэгж байгууллагыг хамруулан гаргадаг болсон аж. 

Ингэснээр ажиллачдын сарын дундаж цалин аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны хоёр бүлгээр тооцож байснаа таван бүлгээр илүү дэлгэрэнгүй гардаг хэмээн тайлбарлав. 

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2014 оны 3 дугаар улиралд нийт 34.3 мянган аж ахуйн нэгж, байгууллага хамрагджээ. Эдгээр байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин 792.8 мянган төгрөг. Үүнээс эмэгтэйчүүдийнх 722.3 мянган төгрөг, эрэгтэйчүүдийнх 863.1 мянган төгрөг байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 1483.0 мян.төг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 553.0 мян.төг байна. Аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)- ын ажиллагын ажиллагчдын тооны бүлгээр харахад 1-9 ажиллагчтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 544.4 мянган төгрөг.

Харин 10- 49 ажиллагчтайнх 678.3 мянган төгрөг, 50- 99 ажиллагчтайнх 721.3 мянгөн төгрөг, 100-199 ажиллагчтайнх 785.9 мянган төгрөг, харин 200, түүнээс дээш ажиллагчтайнх 1079.7 мянган төгрөг байна. Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2014 оны 3 дугаар улирлын байдлаар менежерийн сарын дундаж цалин хамгийн өндөр буюу 971.6 мянган төгрөг байгаа аж. 

Энэхүү судалгаа хэр үнэнд ойр вэ? Өөрөөр хэлбэл, амьдрал дээрээ ийм хэмжээний цалин авдаг иргэд хэр олон бол!!! Иргэдийн дундаж цалинг бодож гаргахдаа хичнээн хүн 792 мянган төгрөгийн цалин авдаг вэ гэдгийг бас судлаж үзэх хэрэгтэй. Цөөн хүний авдаг цалингаар нийт улсын хэмжээнд иргэдийн дундаж цалинг тодорхойлж боломгүй мэт. 

Х.Даваа