20 жилийн түүхээ үзэгч тантай хамт тэрлэн бичсэн “UBS” телевиз салбартаа анхдагч нь болсон олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн билээ. Үүний нэг нь “Universe-Best songs” уралдаант наадам юм.

Телевизийн салбарт олон шоу нэвтрүүлэг хийгдэж байгаа ч тэдний дундаас оролцогчдын тоо, зохион байгуулалт, авьяастнуудынхаа дуу хоолойгоор онцгойрч, тасралтгүй тав дахь жилдээ зохиогдсон анхны наадам болж байгаа “Universe-Best songs” наадам тун удахгүй дэлгэцнээ амилах  нь.
 

Анхны жил уг наадамд 400 гаруй оролцогч авьяас чадвараа сорьж байсан бол дараагийн жил 600 гаруй авьяастан, харин өнгөрсөн хоёр жил дарааллан  800 авьяастан  хамрагдсан нь тэмцээний цар хүрээ өргөжин тэлж байгаагийн илрэл билээ. Мэргэжлийн шүүгчдийн үнэтэй зөвлөгөө, авьяаслаг оролцогчдын сэтгэл хөдлөл, уянгалаг яруу дуу энэ бүгд “Universe-Best songs” наадмыг хэдийнэ тодорхойлогч брэнд болж чаджээ.

Өөрийгөө нээж үзэгчдийг байлдан дагуулсан авьяастнууд бүтэн гурван сарын турш өрсөлдөж ялагчаа тодруулдаг. Баярын нулимс, гомдол тунирхал, ахиад ирнэ гэсэн амлалт энэ бүгдээс тунаж дөрвөн жилийн турш 100 шилдэг оролцогч, дөрвөн Гран-При шагналтан төржээ.

Өөрийгөө сорих, авьяасаа нээх чин хүсэл, эрмэлзэлтэй залуусын хувьд өнгөрсөн жилүүдийн шоу нэвтрүүлэг бодит боломжуудыг нээж өгсөнөөрөө ихэд онцлог болсон. Тиймдээ ч тус наадмаас Ч.Цэлмүүн, Б.Жавхлантөгс, А.Жагар, Э.Төгсбаяр хэмээх дөрвөн Гран-При шагналтан тодорч, монголын урлагийн ертөнцөд уран бүтээлээ амжилттай туурвиж явна. Харин энэ жилийн шилдэг оролцогч нь үзэгч та ч байж болох юм.

Анхны бүтээл, анхны клип, анхны дэлгэцийн бүтээл гээд шилгүүдийг олон боломжууд хүлээж байдаг. Энэ жилийн тухайд өөрийн гэсэн онцлог, өвөрмөц шийдэлтэйгээр зохиогдоно.