Оюутолгойг эзэмшин ашиглаж байгаа Рио Тинтогийн асар их ашиг орлогод Оюутолгойгоос олборлосон зэсийн үнэ хэдэн хувийг эзэлж байгаа тухайд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд УИХ дахь бие даагч гишүүд асуулга тавьсан. 

Уг асуудал хэрхсэн тухай УИХ-ын гишүүн С.Ганбаатар ийн ярьжээ. Тэрбээр "Ганц үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэлтгүй "Рио Тинто” группын ерөнхий захирал Sam Walsh-д захидал явуулсан. Энэ болгонд тэд хариу өгдөггүй. Олон жил тэмцэхэд Оюутолгойн ТУЗ-ийн дарга Г.Батсүх гэж хүн хариу ирүүлсэн ч асуултад тодорхой хариулт өгөөгүй. 

Тиймээс Г.Батсүх гэдэг хүнтэй өнөөдөр 14:00 цагт, Төрийн ордонд уулзах хүсэлт тавьсан боловч одоохондоо хариу өгөөгүй байна. Оюутолгойг 2014 оны нэгдүгээр улиралд 214 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллуулсан. 

Компани ингэж их алдагдалтай ажиллаад байхад ТУЗ-ийн гишүүд яагаад цалин аваад зүгээр суугаад байна вэ. Ялануяа монголын талын гурван гишүүн хариу өгөөгүй байна. Үндэсний аюулгүй байдлын газар ч таг чиг. Хянан шалгах зөвлөл гэж байгуулах ёстой ч өнөөдөр хүртэл байгуулаагүй байна” хэмээсэн. 

Оюутолгой компанийн ТУЗ-д байдаг Монголын Засгийн газрын гурван төлөөлөл асуудалд хэрхэн хандаж байгаагаа ойрд мэдээлсэнгүй. ТУЗ-д тэр гурваас гадна Г.Батсүх хэмээх Монгол хүн байдаг ч Монгол улсынхаа эрх ашгийн төлөө юу хийдэг нь огт мэдэгддэггүй. 

Монгол улсын экспортын 44 хувийг зэсийн баяжмалын экспорт эзэлж байгаа тухай статистик гарсан. Гэтэл Оюутолгойгоос гаргаж буй зэсийн баяжмалын мөнгө Монгол улсад огт орж ирэхгүй байгаа. 

Нэг л их өсөлт гараад байдаг ч яг мөнгө нь орж ирэхгүй болохоор ямар хэрэг байх билээ дээ. Үүнээс гадна зэсийн баяжмал зарсан мөнгө шууд Рио Тинто руу урсаж байгаа нь тус компанийн ашиг орлогыг нэмэгдүүлж байгаа гэдэгт итгэхээс аргагүй болгож байна. 

Уг нь Оюутолгойн баяжмалыг зарсан мөнгө Монголд орж ирдэг бол ам.долларын ханш тэгтлээ нэмэгдэхгүй байсан болов уу. Мөн Оюутолгой 214 тэрбум төгрөгийн алдагдалтай, тус компаний гаргаж байгаа зэсийн баяжмал улам бүр нэмэгдээд байгаа хоёрт ч авцалдах юм алга. 

Ийм байхад тус компаний ТУЗ-д Монголыг төлөөлж байгаа гурван хүн юу хийж суугааг гайхахаас ч арга алга. Рио Тинтотой Монгол улс маргалдаад бүтэн хоёр жил гаруй болж байхад асуудлыг нааштай шийдэж чадаагүй сууж байгаа нь ч тэр гурван хүнтэй холбоотой. 

Тэгэхээр ҮАБЗ, УИХ, Засгийн газар асуудлыг нухацтай авч үзэх шаардлагатай болсон нь ойлгомжтой хэрэг юм. 

Г.Самбаа