Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагыг хамгийн удаан тэргүүлж байгаа хүнээр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж тодорч байна.  Тэрбээр 1998 оноос хойш Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр ажиллаж байгаа бөгөөд энэ суудлаасаа буух тун дургүй гэдгийг Монголын ард түмэн мэддэг болсон. Энэ албанд удаан тогтсон болохоор жалга довны үзэл гаргадаг, хөлгүй баяжиж байгаа гэх мэтээр таагүй яриа цөөнгүй гардаг.  

Тухайлбал,  Монгол бөхийн өргөөг байгуулахад улсын төсвөөс 800 сая төгрөг гаргаж, бөхөө дээдэлдэг түмний хандиваар  босож байсан түүхтэй.  Тэгвэл  төр, түмний хөрөнгөөр боссон энэ өргөөний 10 хувийг эзэмшиж, хувьчлах гэж оролдож байсан түүхтэй.   2001 оны 11- сард Төрийн өмчийн хорооноос МҮБХ-нд Бөхийн өргөөний эзэмшлийн хэрхэн тогтоох саналаа ирүүлэхийг мэдэгдсэн байдаг. Үүний дагуу МҮБХ-ны тэргүүлэгчид хурралдаж  тус өргөөг бариулсан хүмүүсийг Р.Нямдорж тэргүүлж  10 хувийг эзэмших,  46 хувийг МҮБХ, 44 хувийг төр эзэмших болсон. Харин энэ хэрэг шүүхээр явж, Бөхийн өргөөг хэдэн хүний өмч болохоос аварч байсан.  

Энэ бол зөвхөн нэг жишээ. Ашиг хонжоо хайсан түүний үйлдлээс цөөнгүй бөх зодог тайлж, залуу бөхчүүд даруулсаар байгаа талаар сураг алхам тутам дуулддаг. Харин энэ талаар тодруулахаар очсон хүмүүсийг хэний хүн бэ чи? Гэх мэтээр хардаж, элдвээр доромжлон  мэдээлэл тодруулга өгөхөөс татгалздаг.

Бөхөө дээдэлдэг Монголчуудыг Монголын үндэсний бөхийн холбоо үйл ажиллагаагаар удаа дараа талцуулж байгаа.  Ингэж талцуулж байхаар  цэцдийн зөвлөл, “Их эе”-ийг хуралдуулж асуудлыг нэг мөр цэгцэлчих хэрэгтэй. Маргааныг эцэслэхгүй цаг хожих нь  Р.Нямдоржид ашигтай болохоор асуудалд хойрго хандаж байгаа гэх шуум бий. Энэ бүхэн үнэний ортой эсэхийг бид энэ талаар цувралаар мэдээллэх болно.

А.Баярмаа