Хүн өвдөж зовохоороо л гэнэт “Нээрээ надад чинь эрүүл мэнд гэж юм байдаг билүү? Тэр ч болохоо байсан бололтой” гэсэн юм бодож эхэлдэг. Уул шугамандаа бол өвдөхөөсөө өмнө өөрийгөө сонжиж мэдээд элдэв эмгэгээс урьдчилан сэргийлэх хамгийн наад захын арга хэмжээ авахаад байхад л хангалттай юм. Энэ сонжоо нь таньд эрүүл мэндийнхээ төлөв байдлыг тодорхойлоход тус болно.

1. Нас. Нас болгон нэг оноо. Тэгэхээр 40-тэй бол 40 оноотой.

2. Жин. Сантиметрээр хэмжсэн өндрөөс зууг хасаад гарсан тоог тухайн өндөртэй хүнд байвал зохих хэвийн жин гэж үздэг. Хэвийнээс дутуу нэг кг бүрт 5 оноо нэмнэ. Хэвийнээс илүү кг тутамд 5 оноо хасна. Тэгэхээр хэрэв 176 см өндөртэй хүн 85 кг жинтэй байвал энэ “Жин” гэсэн үзүүлэлтээр хүн хасах 45 кг оноо авна.
3. Тамхи. Тамхи татдаггүй хүн нэмэх 30 оноо авна. Өдөрт татдаг ширхэг тамхи болгоноор нэг оноо хасна. Тэгэхээр өдөрт 15 ширхэг тамхи татдаг бол энэ үзүүлэлтээр хасах 15 оноо авна гэсэн үг.
4. Тэсвэр. Өдөртөө 12 минутаас багагүй хугацаанд жигд хэмээр гүйх, сэлэх, дугуй унах г.м. зүрх судасны системийг бэхжүүлдэг тэсвэр шалгасан дасгал хийдэг бол 30 оноо авна. Долоо хоногт дөрвөн удаа хичээллэдэг бол 25 оноо, гурван удаа бол 20 оноо, хоёр бол 10 оноо, нэг бол 5 оноо авна. Ингэхдээ өглөөний гимнастик, салхилах, спорт тоглоом зэргийн төлөө оноо нэмэхгүй. Ер нь биеийн тамираар огт хичээллэдэггүй бол 10 оноо хасна. Үүний дээр хөдөлгөөн багатай ажилтай бол ахиад 20 оноо хасагдана.
5. Тайван үеийн судасны цохилтын тоо. Хэрэв тайван үеийн зүрхний цохилтын чинь тоо 90-ээс бага бол бага байсан цохилт болгоны төлөө нэг оноо нэмнэ. Жишээлэхэд, тайван үед зүрхний цохилт чинь 72 бол 90-72 гээд 18 оноо авна.
6. Ачаалал авсны дараа судасны лугшилтын давтамж эрэн хэвэндээ орох. 2 минут гүйсний дараа /дороо гүйж болно/ 4 минут хэвтэж амарна. Үүний дараа судасныхаа лугшилтын тоолоход тайван үеийн цохилтын тооноос 10 лугшилтаар илүү бол 30 оноо авна, 15 лугшилтаар илүү бол 15 оноо, 20 ба түүнээс олон лугшилтаар олон бол нэг ч оноо авахгүй.

Тайлал
20 ба түүнээс бага. Та эрүүл мэнддээ маш ихээр анхаарал тавих хэрэгтэй. Юмыг яаж мэдэх вэ гээд эмчид үзүүлээд ер нь хийлгэж байх ёстой шинжилгээнүүдийг бүгдийг нь хийлгээд зөвлөгөө авахад илүүдэх юм ер байхгүй. Илүүдэл жинтэй бол жингээ хаях, тамхинаас гарах, гүйлтээр хичээллэх зэргээр эрүүл мэнддээ хамгийн наад захын анхаарал тавьж эхлэх хэрэгтэй. Үгүй бол эрүүл мэнд чинь “Надад битгий гомдоорой. Би зөндөө анхааруулсан шүү” гээд яваад өгч магадгүй юм.

21-60 оноо. Илүүдэл жин, тамхи таталт, биеийн идэвх сул зэрэг эрсдлийн хүчин зүйлсээ засах тал дээр анхаарах хэрэгтэй. Эрүүл мэндийнхээ янзыг үзэх бус харин хамтрах хэрэгтэй.

61-100 оноо. Муугүй үр дүн гарч. Тэсвэрээ хөгжүүлэх дээр үргэлжлүүлэн сайн анхаараарай.

100-аас дээш оноо. Эрүүл мэндэй холбоотой ямар ч асуудал алга гээд хэлчихвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Биеийн эсэргүүцэл сайн, тэсвэр өндөр. Яг энэ чигтээ байна шүү.

Эцэст нь хэлэхэд энэ сонжоо төгс биш ч гэлээ эрүүл мэнд, биеэ тогтмол шалган, хянаж байхад чамлахааргүй тус болох нь гарцаагүй.