Доллар хоёр мянга хүрэхэд 100 төгрөг дутав
2014/12/16
Нийтээрээ тэмдэглэдэг баяр болохоор л ам.долларын ханш өсөх шатандаа ордог. Энэ сарын 03-08-ны хооронд нэг доллар 1875 төгрөгтэй тэнцэж байсан. Харин 09-ны өдрөөс эхлэн 4 төгрөгөөр нэмэгдсээр өнөөдрийн байдлаар Монголбанкнаас зарласан ханш 1895 төгрөг болжээ.
Арилжааны банкуудад ам.долларын зарах ханш 1902-1904 төгрөг, авах үнэ нь 1890-1893 байна. Харин валют худалдааны төвүүдэд авах ханш 1895, зарах үнэ нь 1898 төгрөг. Ес хоногийн дотор өдөрт 4 төгрөгөөр нэмэгдсээр байгаа ам.доллар 2 мянгад хүрэхгүй гэсэн баталгаа алга.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд 11 дүгээр сард өмнөх сарынхаас 0.7 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 11.5 хувиар өссөн гэдгийг үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Ийнхүү өсөхөд орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 2.1 хувь, хувцас бөс барааны үнэ 1.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.
Манай улсын эдийн засгийн хямрал гадаад өрнөөс үүдсэн гэдгийг эдийн засагчид хэлсэн. Эдийн засагч Д.Даваасүрэн "Дэлхийн улс орнуудын түүхээс харахад өрийн хямрал нь эдийн засгийн хямралын хамгийн хүнд хэлбэр юм. Өрийн хямрал нь их хугацаа шаарддаг, улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийг хэдэн арван жилээр ч хойш татаж болох хямралын хэлбэр, тодотговол гадаад өрийн хямралын үндэс суурь эдүгээ манай улсад нүүрлээд байна" хэмээн өөрийн нийтлэлдээ цохон тэмдэглэжээ.
Үүнтэй олон эдийн засагчид санал нийлж буй биз... Аалзны тор шиг сүлжилдсэн өртэй улс. Энэхүү хямралд өртсөн байгууллага аж ахуйн нэгжүүд энэ онд үүдээ барьж дампуурлаа зарласан. Өдгөө цалингаа цагт нь өгдөг байгууллага тун цөөн болж. Хүндрэлээс гарах гарцыг улс төрчид ч хайсаар л байгаа. Хятадаас нэг тэрбум доллар зээлдэх дээрээ тулсан. Гэхдээ хурдан хямралаас гарлаа ч ахин өр дээр өр болно. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Засгийн газрын өрийг дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрүүлэхгүй хуультай. Өнөөгийн байдлаар Засгийн газрын өр 40 хувиас давчихсан байгаа. Хууль тогтоогчид гадаадаас нэмж зээлдэх шийдвэр гаргахад хэцүү. Дэлхийн банкнаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлийг баталж чадахгүй хоёр долоо хонолоо. Энэ тухай бүтэн хоёр жил бид ярьсан. Юун түрүүнд өрийн удирдлагын хуулиа батлах хэрэгтэй байна” хэмээн хэлсэн.
Ямартай ч бид хямралаас гарах нь тодорхой гэхдээ бодлогоо зөв тодорхойлж, эдийн засгийн хуулиа зөв хэрэгжүүлэхгүй бол бас эл байдлаас гарч чадахгүй гэдгийг эдийн засагчид зөвлөсөн билээ.
Х.Даваа
Зочин · 2014/12/17
ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 5-8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь маш өндөр.Үнэ 1м кв:12500,13500,15500,19000төг.Орос тех.Утас:95000020,95050020