Mанай улсын эдийн засагт ам,долларын ханш үе үе давалгаа үүсгэдэг.  Гэхдээ удалгүй аажмаар буурах нь байдаг ч өсөлтийг нь шүүрч аваад нийгмийг доргиочох гээд байдаг гэмтэй. Хоёр, гуравхан хоногийн өмнө 1905 төгрөгт хүрч байсан ам.долларын ханш буурч эхэлж байна.

Харьцуулж хэлбэл, "номхорч"  эхэлж байна гэх үү дээ. Өнөө өглөөний байдлаар Голомт банк ам.долларыг 1880 төгрөгөөр авч 1890-ээр зарж байна. Харин Хаан банкинд ам.доллар 1883-1894 төгрөг, Хас банкинд 1888-1900 төгрөг, Худалдаа хөгжлийн банкинд 1880-1900 төгрөг, Монголбанкны ханш 1890 төгрөг байна. Олны мэдэх валют арилжааны “Найман шарга” зах дээр ам.долларыг 1885 төгрөгөөр авч, 1893 төгрөгөөр арилжиж байна.  Эдийн  засаг судлаачид “Валютын дотогшлох урсгал сэргэсэн. Өнгөрсөн сард манай улсын гадаад худалдаа 358 сая ам.долларын ашигтай гарсан. Энэ сард нэмэгдэх хандлага ажиглагдаж байна” гэдгийг хэлсэн. Арванхоёрдугаар сард Хөгжлийн банк,  арилжааны банкууд 320 сая ам.долларын зээл босгож оруулахаар төлөвлөсөн. Үүнээс манай улсын  зах зээлд 160 сая  ам.доллар нь орж ирсэн байна.  Үлдэгдэл 160 сая ам.доллар энэ сардаа, оноос өмнө орж ирнэ. Шинэ жилийн үеэр ам.долларын ханш  тэгтлээ өсч сандраахгүй бололтой.

 

2015 оны эхэнд  хагас тэрбум ам.доллар орж ирнэ

Оны дараа ам.долларын төгрөгтэй харьцах ханш яах бол гэж санаа зовох хүн  цөөнгүй. Тэдэнд дуулгах таатай мэдээ гарсаар.  “Энержи ресурс” хувьцаа гаргаж 200 сая ам.доллар, “Хөгжлийн банк” 250 сая ам.доллар, арилжааны банкууд 100 сая ам.доллар гээд нийтдээ 500 гаруй сая ам.доллар манай санхүүгийн зах зээлд  2015 оны нэгдүгээр сард орж ирэх нь тодорхой болжээ. Энэ нь ам.долларын ханш аажмаар  уруудахад нөлөөлнө.

МСК   500  сая ам.долларын буцалтгүй тусламж өгөх магадлалтай

Бидэнд дуулдах таатай мэдээ үүгээр хязгаарлагдахгүй. 2009-2013 онд АНУ-ын Мянганы сорилтын корпорациас 285 сая ам.долларын буцалтгүй тусламжийг манай улс авсан. Монголын Мянганы сорилтын сангаар дамжуулан эрүүл мэнд, дэд бүтэц, агаарын бохирдол бууруулах зэрэг зургаан төрлийн төслийг амжилттай хэрэгжүүлэв.

Саяхан албаны хүмүүс АНУ-д МСК-ийн төлөөлөлд хүсэлтээ илэрхийлэхэд нааштайгаар хүлээн авсан. Үүнийг баталгаажуулж, АНУ-ын МСК-ийн гүйцэтгэх захирал Дана Хайд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй утсаар ярьж МСК Монгол Улсад дахин буцалтгүй тусламж өгөх болсноо мэдэгдлээ. Шинэ оны эхээр дараагийн уулзалт болно. Яг хэдий хэмжээний ам.доллараар туслахаа эцэслээгүй. Гэхдээ судлаачид, мэргэжлийн хүмүүсийн таамаглалаар төслөө шинжлэх ухааны үндэслэлтэйгээр  төмөр зам барих, олон ажлын байр бий болгох үйлдвэр зэрэгт зориулахаар гаргаж  чадвал тусламжийн хэмжээ 500-700 сая ам.доллар  цаашлаад  тэрбум ам.долларт ч хүрэх магадлалтай гэж байна. Энэ бүхэн  ам.долларын ханшийг өсгөхгүй, төгрөгийн ханшийг чангаруулсаар байх  том боломж. Аливаа зүйлийг өөдрөгөөр харах хэрэгтэй болов уу. Зул бөхөхийн өмнө бадамладаг гэдэг шиг ам.долларын ханш улам буурахаасаа урьд түр зуурын өсөлт гаргалаа гэж харая.