Б.Бат-Эрдэнэ: Миний нэр, миний гар, миний сэтгэл цэвэр
2013/05/22
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн сонгуулийн сурталчилгааны нээлт дээр хэлсэн үг
Цог золбоот Монголчууд аа !
Эрхэм хүндэт сонгогчид оо !
Та бүхэндээ Усан могой жилийн зуны тэргүүн сарын шинийн 12-ны бэлэгт сайн өдрийн мэндийг дэвшүүлье.
Монгол Ардын Намаас гишүүд, дэмжигчид, олон түмний санал бодол, хүсэл зоригийг хүндлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг надад хүлээлгэлээ. Миний гарал үүсэл, сэтгэл оюун, хөдөлмөр зүтгэл, сүлд хийморийг төрийн тэргүүний зэрэг дэвд нийцнэ гэж үзсэнийг, би нэр төрийн хэрэг хэмээн ойлгож байна.
Миний бие ард түмнийхээ уламжлал, соёл, хөгжил дэвшлээр бахархдаг. Тэдний одоо болон хожмын сайн сайхныг сүслэн бэлгэшээдэг. Монголынхоо төлөө, монгол түмнийхээ төлөө сайн үйлс бүтээхсэн гэж зүрх минь цохилдог. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэг, хариуцлагыг гүнээ ухамсарлаж байна. Би монгол хүний ёс жудгийг чанд сахиж зөв бодолтой, эрч тэмүүлэлтэй, шулуун шударга өрсөлдөх болно.
Өнгөрснөө, туулснаа шүүн тунгааж, дүгнэн шинжвээс болж бүтэж байгаа, болохгүй бүтэхгүй байгаа бүхэн тод ялгарч байна.
Өнөөдөр манай улсад дэвжин дээшилж, өсөж дэвшиж байгаа зүйл олон байгааг үгүйсгэх учиргүй. Сайн нь ч, муу нь ч монголчууд бидний хамтын оноо, хамтын алдаа юм. Бидэнд цаг алдалгүй засч залруулан зөв болгох, бүтээж сүндэрлүүлэх зүйл зэгсэн байна.
Ард түмний санааг зовоож, улс орны хөгжил, хүн ардын сайн сайхан амьдралд саад учруулж байгаа буруу зүйлүүд юу байна вэ?
Хамгийн гол нь:
-Улстөрийн намчирхал талцал даамжирч, үндэсний эв нэгдлийг хангах зарчим алдагдаж, ард түмэн хуваагдаж, улс орон хүчгүйдэж байна. Энэ нь бидний алдаа бүхний эх сурвалж байна. Үүний улмаас:
-Үндэсний баялаг цөөн хүний гарт төвлөрөн, баян хоосны ялгаа улам бүр нэмэгдэж байна.
-Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал сэтгэл эмзэглүүлж, эх орныхоо онгон сайхан байгальд хайр гамгүй хандан газар нутгаа доройтуулж байна,
-Иргэдийн бодит орлого аривжихгүй байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байна.
-“Оюу толгой” төслөөс Монгол Улсад оногдох хувь багасч, ард түмэн баялагийнхаа үр шимийг хүртэж чадахгүйд хүрч байна. Үүний үр дагавар уул уурхайн бусад төслүүдэд ч нөлөөлөхөөр байна.
-Шүүх, хууль, хяналтын байгууллагууд хүн бүрт тэгш, шударга үйлчлэхгүй байна.
-Төрийн албан хаагчдын төрд тууштай ажиллах баталгаа үнэгүйтэж байна.
Энэ бүгдийг засч зөв хөрсөнд буулгахын төлөө зүтгэх нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох хүний эрхэм үүрэг болохыг миний бие гүнээ ухаарч байна. Иймд ”Эвийг эрхэмлэнэ, зөвийг дэмжинэ” гэдэг уриатайгаар сонгуульд оролцож байна. Миний мөрийн хөтөлбөрийн агуулга, зорилго ч үүнд оршиж байгаа юм.
Улстөрийн тогтвортой байдал, ард түмний хүсэл сонирхол, эв нэгдэл эн түрүүнд бүрэн хангагдах учиртай. Улс төрийн хүчнүүдийн саналын зөрүү, маргааныг зөвхөн хуулийн хүрээнд харилцан ойлголцол, зөвшилцлөөр шийдвэрлэдэг байх зарчим төрийн удирдлагын бүх түвшинд үйлчлэх ёстой.
Улстөр, нийгмийн амьдралын бүхий л хүрээнд газар аваад байгаа үгүйсгэх, гүтгэх, буруутгах гажуудлыг арилгах учиртай. Бие биенийхээ ололт, амжилтанд талархан ханддаг, дэмжин урамшуулдаг, хамтран ажилладаг үзэл санаа, байр суурийг нийгэмд төлөвшүүлэхийг нэн тэргүүний зорилт болгох ёстой. Хэн нэгнийгээ зөвхөн муу муухайн уурхай, гэрэл гэгээтэй мөр, үйлсгүй мэтээр хандах явцгүй үзлийг монголын нийгмийн хөрснөөс арчиж цэвэрлэх ёстой. Хэн нэгэн, аль нэг нам зөв бодлого шийдвэр гаргаж ололт амжилтанд хүрсэн бол “Тэд энэ сайн зүйл хийсэн” гэж хэлж чаддаг, нийтээр хүлээн зөвшөөрдөг соёлыг дэлгэрүүлэх учиртай. Буруу нь буруугаараа, зөв нь зөвөөрөө байг. Энэ бол шударга ёс мөн.
Шударга шүүхийг төлөвшүүлэх ажлыг бүх талаар дэмжин, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүхэд мэргэжлийн өндөр ур чадвартай, ёс жудагтай, шударга хүмүүс ажилладаг байх зарчмыг баримтлах нь хойшлуулшгүй зорилт мөн.
Үндэсний баялаг, ашигт малтмалыг судалгаа тооцоотой, үндэслэл төлөвлөлттэй ашиглан, хойч үедээ өвлүүлэн үлдээх бодлогыг тууштай баримтлахын зэрэгцээ, уул урхайн үндэсний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэхийг чухалд үзэх ёстой.
Мал аж ахуй, газар тариаланг аливаа эрсдлээс хамгаалах, малчид, тариаланчид, ногоочдыг дэмжих бодлого бол эдийн засгийн зөв бодлого мөн.
Жижиг, дунд үйлдвэр, хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжих орлогын хуваарилалт, дахин хуваарилалт, татварын тогтолцоог боловсронгуй болгох бодлого явуулах ёстой. Баялаг бүтээгчдийг бүх талаар дэмжих асуудал анхаарлын төвд, ямагт байх учиртай.
Монголын 2,8 сая иргэн дотор дундаж давхарга дийлэнх олонхи байх зам руу цаг нартай уралдан тэмүүлэх ёстой.
Тогтвортой хөгжил бол бидний баримтлах хамгийн зөв замнал. Энэ нь эдийн засаг, нийгмээ хөгжүүлж байна гээд байгалиа устгаж таарахгүй гэсэн үг. Энэ бол эдийн засаг, нийгмийн хөгжил, байгаль орчноо хамгаалах бодлогыг хамтад нь тэнцвэртэй явуулна гэсэн үг.
Авлигатай шийдвэртэй тэмцэх ёстой. Энэ нь манай намынх, тэр нь хүний намынх, энэ нь миний ах дүү, тэр нь хүний хүн гэж алагчилж ялгалгүй тууштай тэмцэх ёстой. “Дээрээ суудлаа олохгүй бол Доороо гүйдлээ олохгүй” гэдэг. Улстөрийн орчин, тогтолцоо өөрөө бохир байна. Эндээс эхлэх ёстой. Оройгоос нь эхлээд өөрчлөх хэрэгтэй.
Хүүхэд багачууд, сурагчдад халамж анхаарал тавих шаардлагатай. Оюутан залуус, эрдэм шинжилгээ, бизнес, төрийн болон төрийн бус байгууллага, үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй, боловсрол, эмнэлэг, спорт, урлагийн талбарт залуучууд маань эх орныхоо, мандал бадралыг түүчээлж байна. Монгол бол залуучуудын орон. Энэ бол монгол үндэстний бахархал юм.
Залуучуудын бодол санаанд ямагт хүндэтгэлтэй хандаж тэдний оргилуун эрч хүч, эрмэлзэл тэмүүлэл, зүтгэл чармайлтыг хөхиүлэн дэмжих ёстой. Монгол залуус хэнээс ч дутахааргүй хангалуун амьжиргаатай, ажил үйлстэй байж, ээлтэй, тав тухтай орчинд амьдралаа цогцлоох нөхцлийг бий болгох ёстой.
Эх орон минь бүрэн бүтэн, элгэн түмэн минь эвтэй эетэй байхын гол учиг нь төрийн үйл хэрэг ёс жудагтай байх явдал мөн. Төрийн хойморт жудаггүй авирлаж болохгүй. Намчирхсан хазайлтанд түүнийг өртүүлж болохгүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монгол хэмээх их айлын өрхийн тэргүүн юм. Энэ айлд ахмад настан, хүүхэд багачууд, идэр залуус, оюутан сурагч, малчин тариачин, бизнес эрхлэгч, соёл урлагийн авьяастнууд, сэхээтэн албан хаагч, эрдэмтэн мэргэд, эмч багш, цэрэг цагдаа, эмгэг согогтой хүн цөм бий. Хүний эцэг хүн үр хүүхдээ сорчилдоггүй шиг Монгол Улсын Ерөнхийлөгч иргэдээ алагчлах учиргүй.
Иймээс би ард түмнийхээ эс бүхэнд тэгш сэтгэлээр хандана.
Монгол Улсын Ерөнхийлөгч хуулиар олгосон бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлэх нь тухайн хувь хүний онцлог, нэр хүнд, ёс суртахууны төлөв байдал, мэдлэг чадвар, бусдыг засан залах арга ухаан, эв дүй, дагуулан манлайлах үлгэр дуурайл, далайц, зангарагаас хамаарна. Би хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ залуучуудад найдна. Би ахмад үеийнхнээс арга ухаан авч, өөрийн үеийнхэнтэйгээ зөвлөж, зөвшилцөж ажиллана. Миний бие эвийг эрхэмлэнэ, зөвийг дэмжинэ.
Хэрэв Монголын ард түмэн надад найдаж итгэл хүлээлгэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонговол:
Би Үндсэн хууль болон бусад хуулийн үзэл санаа, үг үсэг бүрийг чандлан сахигч байна.
Би эх орон, ард түмнийхээ эрх ашгийг оройлон дээдлэгч байна.
Би ард түмний эв нэгдлийг жинхэнэ илэрхийлэгч байна.
Би хууль, шударга ёсыг алагчлалгүй хэрэгжүүлэгч байна.
Би ам, ажлын нэгдлийг үлгэрлэн хангагч байна.
Би хүний эрх, эрх чөлөөг дээдэлж баялгийг ард иргэддээ тэгш хуваарилах зарчмыг өмгөөлөн хамгаалагч байна.
Би авлига, хээл хахуулийг үндсээр нь таслахын төлөө мятаршгүй тэмцэгч байна.
Би бусармаг явдалд оролцоогүй, хутгалдаагүй ээ. Хэсэг бүлэг болон хэн нэгэнд барьцаалагдаагүй. Миний нэр, миний гар, миний сэтгэл цэвэр.
Би эх орон, ард түмнийхээ эрх ашгийг арилжихгүй.
Би зарчмаа, оюун санаагаа, бие сэтгэлээ наймаалахгүй. Худал амлахгүй, хуурч мэхлэхгүй, дүр эсгэхгүй.
Миний бие эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг ганхашгүй бат бэх байлгаж, батлан хамгаалах хүч чадлыг хангаж, эх орныхоо олон улсын нэр хүндийг өндөрт өргөж, хөгжил цэцэглэлтийг баталгаатай хангахын төлөө энэ биеийг огоорон ажиллана.
Эвийг эрхэмлэж, зөвийг дэмжиж хүчирхэг Монголынхоо төлөө хамтдаа зүтгэе!
Монгол түмний эв эеийн барилдлага, хөгжил, манлайллын түрлэг дэвжин бадраг!
Монгол түмний заяа түшиг! Бидний хэрэг бадран мандаг! Сайн үйлс дэлгэрэх болтугай!
Хөх тэнгэр минь цэлмэг, хөрст шороо минь бүтэн, хүн ард маань жаргалтай байж, Монгол минь мөнх оршитугай!
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх