Та болон таны гэр бүл, ойр дотны хүмүүс ядруухан амьдарч байна уу. Тийм бол амжиргаагаа дээшлүүлэх боломжийн арга зааж өгье. Энэ аргаар явсан нэг найз маань өнөөдөр костьюм пиджак өмсчихсөн.

Хун шиг цагаан машины суудал дээр 70-80 градус хазайлттай сууж, утасны цаанаас ажлаа амжуулж явна. Тэр ийм амжилтад хүрэхийн тулд хар ажил хийж, “шар махтайгаа” хатаагүй. Тэр зүгээр л улс төрийн намд элсчихсэн. Тэрбээр нэг, хоёрдугаар курсын оюутан байхдаа урлаг, спорт хөөсөн нэгэн байсан ч төгсөх ангидаа амбиц хөөж, оюутны байрны дарга, сургуулийн оюутны холбооны дарга гэх мэт албыг ээлж дараалан хашсаар нэг улс төрийн намд элссэн байгаа юм. Оюутан байхдаа даргын албан тушаал хашиж байсан болохоор элссэн намынх нь түүнд итгэл хүлээлгэж залуучуудын нэгэн холбооны ерөнхийлөгчөөр томилсон гэсэн.

Найз маань иймэрхүү замналаар явсаар өнөөдөр, дээр өгүүлсэн амжилтад хүрсэн. Тэрбээр ядуу оюутны ширээнээс боломжийн амьдралтай улстөрчийн эгнээр үү шилжсэн. Тэгэхээр ядуу амьдралтай хүмүүст зөвлөхөд аль нэг улс төрийн намд гишүүн болон элс гэж захимаар байна. Хэрвээ та бүхэн энэхүү арганд итгэхгүй байгаа бол “Хувь тавилангийн ээдрээ” хэмээх Монголын уран сайхны киног үзсэн байх. Энэ кинонд гардаг нэгэн дүр “Улс төр хөөсөн хүн хоосон хоцордоггүй л юм даа” гэж хэлж, захиж байсныг анзаарсан байх. Аливаа уран сайхны кинонд  уран сайхны хэтрүүлэг байдаг ч  бодит зүйлсээс сэдэвлэн санаа авсан байдаг. Ийм болохоор намд элсэж, амьжиргаагаа дээшлүүлэхийг зөвлөж байна. Манай улсад олон нам байгаа. АН, МАН, МАХН, МҮАН, ИЗНН гэх мэт. Эдгээрийн алинд нь ч элссэн болно. Очоод намынх нь үнэмлэхийг авчих. Тэгээд жаахан идэвхтэй царайлахад л хан­галттай. Хэсэгхэн хугацаанд иймэрхүү маягаар явчихбал таны амьдрал нэг л мэдэхэд сайхан болчихно. Монголчууд аа, улс төрийн намд гишүүн болон элсэцгээе .

 

Ж.Баттуул