М.Энхсайханыг
2013/02/03
Монголын төмөр замын гүйцэтгэх захирлаар томилогдсон М.Энхсайхан гурван сар гаруй хугацаанд ажиллаад халагдсан билээ. ТӨХ хуралдан түүнийг ажлаас халсны дараахан twitter,facebook-ээр нэгэн бичлэг цацагдсан юм.
Тодруулж хэлбэл, М.Энхсайханы Ерөнхий сайд Н.Алтанхуягтай ярилцах үеийн бичлэгийг байршуулжээ.
Ямартаа ч "М.Энхсайхан нь Монголын сайд нартайгаа ойлголцоогүй асуудлаа БНХАУ-ын сайд дарга нартай яаж ойлголцов..." гэсэн тайлбартай тус бичлэгийг М.Энхсайхан Твиттер хуудаснаа байршуулж, Ерөнхий сайдад хандан "Хэн тагнав, Төрд нууц байж болохоо байлаа” хэмээн бичиж , харамсч байгаагаа илэрхийлсэн удаатай.
Ерөнхий сайдын өрөөнд болсон уулзалтаар ийм асуудал ярилцахад Н.Алтанхуягаас гадна "Монголын төмөр зам" компанийн гүйцэтгэх захирал байсан М.Энхсайхан, "Женко" Баттулгын "хүн" гэгддэг Зам Тээврийн Сайд А.Гансүх нар л байсан гэх.
Харин өчигдөр Зам тээврийн сайд А.Гансүх телевизийн ярилцлагад орох үеэрээ үнэнээ өчлөө.
Тэрээр "Төмөр зам барихаар гэрээ хэлэлцээр хийгээд, ажлыг эхлүүлэх гэж байхад М.Энхсайхан өөр зүйл яриад эхэлсэн. Ийм чухал үед гадагшаа явж уулзалт хийх хэрэггүй ээ. Тэр дундаа албаны шугмаар. Гэтэл М.Энхсайхан зөрүүдлээд явна, улсын зардлаар болдоггүй юм бол хувийн зардлаар явна гэсэн. Би төмөр замын ажлын хэсгийг ахалж байгаа хүний хувьд хувийн зардлаар ч явах хэрэггүй ээ гэж хэлэхэд зөрүүдлээд байхаар нь "Та Хятад руу явж уулзах гээд байгаа юм бол удирдамж аваад яваарай . Яагаад гэвэл та бол компанийн гүйцэтгэх захирал, Монголын төмөр замын ТУЗ-өөс гаргасан удирдамжийн дагуу л яриа хэлэлцээр хийгээрэй гэсэн. Тэгээд уулзалт хийхдээ Элчин сайдын яамныханаас албан ёсны орчуулагч аваад хамтдаа ор л гэсэн санал тавьсан. Тэгтэл хүлээж авахгүй, зөрөөд зүтгээд байсан юм. Хятад руу явахаас нь өмнө ажлаас нь чөлөөлсөн.Миний хувьд төмөр замын ажлын хэсгийг ахалж байгаа хүний хувьд үгээ хэлэх эрхтэй. "Чухал үед болохгүй" гээд байхад М.Энхсайхан зүтгээд байсан сонирхол татдаг. Нэг хувийн компанийн асуудал биш. Монгол Улс төмөр замын талаар томоохон бүтээн байгуулалтын ажил өрнүүлэх гэж байхад шүү дээ" гэв.
Тэгэхээр тэрхүү бичлэгийг хэн олон нийтэд цацсан нь тодорхой болж байх шиг байна.