47fde68b16ee04b9bigОны өмнөхөн долларын ханш огцом буурч 1880 төгрөгт хүрсэн. Ханш ийнхүү буурах болсон шалтгааныг валют арилжааны ченжүүд улс төрийн тогтвортой байдал буюу Засгийн газарт АН, МАН хамтрах болсонтой холбон тайлбарлаж байсан бол эдийн засагчид зах зээл дээрх ханшийн хөөрөгдөл буурч байгаагийн дохио гэж байсан билээ. 

Тэгвэл сүүлийн өдрүүдэд “ноён” долларын ханш огцом буурсан шигээ огцом өсч эхэллээ. Өнөөдрийн байдлаар л гэхэд долларын төгрөгтэй харьцах ханш 1943-1945 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Энэ талаар “Төв банк”-ны Ерөнхийлөгч нь “Бидний  хүлээж байсан хүлээлтээс нэлээн зөрсөн. Нөгөө талаас валютын орох урсгал маань бидний бодож байснаас сайнаар гарсангүй” гэж тайлбарлаж байна. 

Ердөө долоон сарын өмнө долларын ханшийн өсөлт бол түр зуурынх буцаад бууна гэдэг зүйлийг ярьж явсан эрх баригчид маань долларыг тогтвортой байлгана гэсэн тайлбарыг хэлдэг байснаа болиод ойрноос бүр дуугарахаа ч байлаа. Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч, уул уурхайн томоохон төслүүд зогсож, эрх баригчид нэгдмэл бус хэт үрэлгэн бодлого явуулсны гороор төгрөгийн ханш уначихаад байгаа. Ийнхүү төгрөгийн ханш унахад Америкчууд буруутай гэж ярьж явсан бол өнөөдөр Оросуудыг буруутгаж эхэллээ. 

Уг нь он гараад манай импортын хэмжээ эрс багасч доллараар хийх худалдаа буурдаг. Тэгсэн атал долларын ханш ингэж огцом өсөх шалтгаан байхгүй гэж эдийн засагчид тайлбарлаж байна. Гэтэл манай улс хойд хөрш рүү визгүй зорчдог болсноос хойш Монголоос Орос руу доллар аваачиж зардаг хөдөлгөөн эрс нэмэгджээ.  Тодруулбал, Монголоос авсан доллароо Орост аваачиж рүбль болгоод түүнийгээ эргүүлж Монголд авчирж зараад ханшийн зөрүүнээс үндсэндээ 10 хувийн ашиг олж байгаа аж. Энэ бол нэг явалтаар л олж байгаа ашиг. Энэ төрлийн бизнесийг хийгч олон хүн Орос руу их хэмжээний доллар гаргаж зарсан байна. Үүнээс болоод долларын эрэлт ихсэж нөөц багасан үнэ нь огцом өсчээ. Үндсэндээ манай хамаг доллар Орос ах нарын халаас руу орсон гэсэн үг. 

Манай улсын валютын нөөц маш бага байгаа. Тодорхой хэлбэл Монгол банкин дахь валютын нөөц  1650 гаруй сая ам.доллар байна.  Харин Оросын валютын нөөц 398 тэрбум 900 сая ам доллартай байгаа. Энэ нь сүүлийн хэдэн жилд Оросын гадаад валютын нөөц анх удаа 400 тэрбум ам доллараас бага болсон тохиолдол юм байна. Цаашид ч Орос Украинаас болоод нэг хэсэгтээ хүнд хэцүү замыг туулах нь ойлгомжтой байна. Өнөөдрийн байдлаас харахад рүблийн ханшийн уналт зогсох төлөвгүй байна. Тэгэхээр тэд Монголын долларын нөөцийг шавхах нь тодорхой байгаа юм. Яг л том нь багаа залгидаг шиг... Харин үүнээс болж Монголын валютын нөөц багасаж эрэлт нь ихсэн ханш нь нэмэгдэнэ.

Хэдийгээр хоёр улс визгүй болж худалдаа наймаа нь чөлөөтэй болсон ч эхнээсээ иймэрхүү аюулууд тулгарч эхэллээ.  Энэ нь эргээд сөрөг үр дагавар үүсгэх аюултай учраас үндэсний аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж хүмүүс үзэж байна. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан, эдийн засаг хүндэрсэн зэрэг олон шалтгаанаас болж валютын ханш савалж байгаа ч ядаж Орос руу доллараа алдаад баймааргүй байгаа юм. 
 
Т.Энхэлээ