Дуучин Ш.Энхбат: Хөнгөн айзмаар өөрийнхөө уран бүтээлийн өнгийг тодорхойлсон
2015/01/18
Сүүлийн үед "Тэнгэрийн зөнтэй аавдаа", "Аз жаргал үр хоёр минь", "Ижийдээ залбирч явахад” дуугаараа түмэн олны сонорыг мялаагаад буй дуучин Ш.Энхбаттай уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Манай сайтын уншигчдад өөрийгөө танилцана уу?
- Намайг Шаравын Энхбат гэдэг. Би 2002-2007 онд СУИС-д суралцаж төгсөөд Цэргийн ансамбльд ажиллаж байгаад чөлөөт уран бүтээлч болон уран бүтээлээ туурвиж явна.
-Урлагт хөл тавьсан анхны уран бүтээл?
-Анхны уран бүтээл гэвэл 2003 онд “Сэлэнгийн урсгал” гэдэг дуугаараа анх хүмүүст танигдсан. Оюутан ахуйдаа нэлээд хэдэн дуугаараа үзэгчдийн сонорыг мялаасан. Цэргийн чуулгат ороод өөрийн бүтээл орхигдсон л доо. Чуулгаасаа гарсанаасаа хойш чөлөөт уран бүтээл гэж явж байна. Өөрийн урын сандаа одоогоор 60 гаруй дуутай.
-Хоёр дахь цомгоо өлгийдөн авсан. Гурав дахь цомгийн ажилдаа орсон гэж сонслоо хэзээ дуусах вэ?
-Эхний цомгоо “Аавдаа очиж явна” нэртэйгээр түмний хүртээл болгосон. Дараагийн цомог маань “Төгөлдөр орчлон” гэж гарсан. Одоо хавраас шинэ цомгоо гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ерөнхийдөө шинэ цомгийн дуунууд бэлэн болсон. Шинэ уран бүтээлүүдээ нэмж оруулах ажил бий.
-Уран бүтээлчид болгон дуугаа өөрсдийн гэсэн өнгө аястай олны хүртээл болгодог. Таны хувьд ямар хөгийг оруулж туурвиж байна?
-Нондин хавраас эхлэн уран бүтээлийн өнгө аясаа сольсон. Хөнгөн айзмаар өөрийнхөө уран бүтээлийн өнгийг тодорхойлж дуугаа бүтээж байна. Сүүлийн үед дуулсан 10 гаруй дуу маань хөнгөн өнгө аястай бүтсэн.
-Урлагт орох замыг хэн тавьж өгөв?
-Би 1998 СУИС-д шалгалт өгөөд 0.5 оноогоор дутаад орж чадаагүй. Тэгээд тэр чигээрээ энэ хүслээ орхиод нэг компанийн захиралын жолооч хийж байлаа. Гэтэл бороотой нэг өдөр машин дотроо унтаж байсан чинь намайг СУИС-д орох шалгалтанд бэлтгэсэн МУГЖ Очирбатын Ичинхорлоо багш маань хүрч ирээд “Миний хүү чинь ингэж хүний машинд дотор унтах хүн чи биш шүү” гээд намайг энэ урлагийн замд хөтлөн оруулсан даа. Тэрнээс хойш урлагийн замд ороод 10 гаруй жилийг үдэж байна. Миний амьдралыг зааж өгсөн О.Ичинхорлоо багшдаа маш их баярлаж явдаг юм.
-Оюутан ахуй цагаа дурсвал. Ямар ямар уран бүтээлчтэй нэг үеийнхэн байв?
-Оюутан үеийнхэн гэвэл МУГЖ С.Жавхлангийн үеийнхэн, дуучин Чинболор, Батсайхан гээд бий. Манай ангиас гэвэл дуучин Мөнхбаяр, Отгонгэрэл, Жимсээ гээд бид нэг ангийн хүүхдүүд.
-Бие даасан тоглолтын төлөвлөгөө хэдийгээр товлогдож байгаа вэ?
-Өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын сүүлээр тоглолт хийх гэсэн боловч улс орны байдлаас болоод хойшилсон. Ирэх зунаас хийх төлөвлөгөө байна. Ер нь тоглолтоос гадна дуугаа хийгээд яваад байгаа нь тоглолтондоо бэлдээд л ажиллаж явна.
-Уран бүтээлийн сангаа баяжуулахад ямар уран бүтээлчид хамтарч ажиллаж байна?
-Яруу найрагч нар гэвэл “Шинэ мянганыхан” гээд уран бүтээлчид байна. Мөн 90-ээд оныхон яруу найрагч ах, эгч нартай хамтарч ажиллаж яваа. Түүнчлэн Шаравын Энхбаатар гэж миний ах яруу найрагч. Миний дуулсан дуунуудын 30 хувь нь миний ахын бичсэн шүлгүүд байдаг. Хөгжмийн зохиолчдоос УГЗ Т.Сэр-Од, Бямбабаяр, Соёл продакшны Дашзэвэг ах нар миний уран бүтээлд их тус нэмэр болдог. Сүүлийн үед Эрдэнэбаяр гээд залуутай хамтарч ажиллаж байна. Хилийн цэргийн дуу бүжгийн удирдаач Даваасүрэн гээд сайхан уран бүтээлч нартай гар нийлж ажиллаж байгаадаа баяртай явдаг.
Ингээд дуучин Ш.Энхбатын үзэгч, сонсогчдын талархалыг хүлээгээд байгаа "Тэнгэрийн зөнөтэй аав" дууны клипийг уншигч та бүхэндээ хүргье