Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны санаачилгаар Эрүүл мэндийн яам, Хөдөлмөрийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран “ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙР-2014” сарын аяныг зохион байгуулж байна. 

Тус аяны хүрээнд хэвлэлийн бага хурлыг өчигдөр /2014.05.01/ Монгол ньюс мэдээллийн төвд хийлээ. Хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн захирал Л.Уртнасан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ө.Ганчимэг, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар оролцлоо. 

alt

Эрүүл мэндийн дэд сайд хэлэхдээ, “Манай улсад Засгийн газрын 2001 оны 224 дүгээр тогтоолоор “Дэлхийн эрүүл, аюулгүй ажлын байрны өдөр”-ийг тэмдэглэх хүрээнд жил бүрийн 5 сарын эхний 10 хоногийг “Эрүүл ажлын байрыг дэмжих” уриан дор эрүүл ажлын байрны өдрүүдийг зохион байгуулж ирсэн уламжлалтай” хэмээгээд Эрүүл ажлын байрны сарын аяныг салбарын яамд, нийслэл, аймаг орон нутгийн хэмжээнд болон өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд зохион байгуулахыг уриаллаа.