“Хүчит шонхор” захын удирдлагууд түрээсийнхээ үнийг нэмсэн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад буй. Бодит байдал ямар байгаатай манай сурвалжлах багынхан газар дээр нь очиж танилцав.

Захын үүдээр оронгуут мах, гурилын хэд хэдэн чингэлэг лацтай харагдсан. Махны чингэлэг түрээслэгчдийн нэгээс түрээсийн үнэ нэмэгдсэн талаар мэдээлэл авахыг хүссэн ч “Би мэдэхгүй, өөр хүнээс асуу” гээд халгаасангүй. Тэрбээр нэр усаа хүртэл хэлэхээс татгалзсан. Учир нь захын удирдлагууд хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн түрээслэгчдийн лангууг лацдаж, хаасан байна. Ингээд ямар шалтгаанаар түрээсийн үнийг нэмсэн талаар тус захын удирдлагуудтай уулзах гэсэн боловч дангинатал түгжсэн цоожтой хаалга мөргөв. Биднийг очиход байцаагч гэх нэг эмэгтэйгээс өөр хүн байсангүй. Тэрбээр махны жижиглэн худалдаа эрхэлдэг түрээслэгчидтэй уулзаж байсан юм. Түүнээс түрээсийн үнээ ямар үндэслэлээр нэмсэн талаар мэдээлэл өгөхийг хүсэхэд “Манайх хувийн байгууллага. Улсын өмч биш. Хувийн өмч түрээсээ нэмнэ үү байна уу та нарт ямар хамаатай юм бэ. Мөрөөрөө ажлаа хийж байгаа хүмүүсийг битгий дарамтлаад бай. Түрээс нэмэгдсэн талаар би мэдэхгүй” хэмээн загнав. Түүнээс хэн болохыг асуусан ч чамд хамаагүй гэх нь тэр. Ойр хавийн махны жижиглэн лангуу түрээслэгчдээс байцаагч эмэгтэйг хэн болохыг лавлахад “мэдэхгүй” гэсэн тайлбарыг өгөв. Байцаагчийнхаа нэрийг мэдэхгүй байна гэж юу байхав. Хэрэв түүний нэрийг хэлчихвэл тэднийг хөөж, туун дарамтална. Бүр цаашлаад лангууг нь хурааж өөр нэгэнд шилжүүлэхээс айсан хэрэг л дээ. Мэдээж хэн ч хоногийн хоолноосоо салахыг хүсэхгүй. Хүссэн хүсээгүй “босс”- ын тогтоосон дүрэмд захирагдах нь аминд өлзийтэй. Өмнөх саруудад 170 мянган төгрөгийн түрээс төлдөг байсан гурилын чингэлэг энэ сарын 20-нд 800, 250 мянган төгрөг төлдөг байсан махны чингэлэг 900-гаас нэг сая төгрөг болж нэмэгджээ. Захын удирдлагууд түрээсээ нэмэх болсон шалтгаанаа ажилчдын цалинг нэмэх, бүтээн байгуулалтын ажил хийх зэргээр тайлбарласан байна. Үнэндээ тус захын ажилчид гэж цэвэрлэгч байцаагч гээд 10 гаруйхан хүн байдаг гэнэ. Харин бүтээн байгуулалтын хувьд зах дээр газар доогуур зам байгуулна гэж тайлбарлан түрээсийн үнээ 3-4 дахин нэмэгдүүлжээ. Тус захад 1000 орчим иргэн лангуу, чингэлэг түрээсэлдэг. Нэмэгдсэн түрээсийн үнээр сард тэднээс хэчнээн төгрөг хурааж авахыг тооцох юм бол тоймгүй их тоо гарна. Түрээслэгчид үнийн талаарх саналаа захын удирдлагуудад хэлсэн ч “төлж чадахгүй бол явж болно” гэсэн хариултыг өгсөн аж. Аргаа барахдаа түрээслэгчид хэвлэл мэдээллийн байгууллагад хандан бодит үнэнийг мэдээлжээ. Үүнд эгдүүцсэн удирдлагууд түрээслэгчдийн чингэлгийг лацдан, заримыг нь өөр хүнд шилжүүлсэн байна. “Хүчит шонхор” захын үйлдвэрчний эвлэлийн холбоог тус захад гулууз махны чингэлэг түрээслэгч Ц.Сайнзаяа, Г.Энх- Амгалан нар байгуулаад удаж буй. Холбоог анх байгуудагдахаас нь эхлээд өнөөг хүртэл захын удирдлагууд хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Биднийг очиход чингэлгээ лацдуулсан түрээслэгчид байсангүй. Эл асуудлынхаа талаар гадуур ажилтай явсан байв. Ингээд тус захын түрээслэгчдийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ц.Сайнзаяатай утсаар холбогдож дараах асуултад хариулт авлаа.

-Таны чингэлгийг хаасан байна. Энэ талаар захын удирдлагуудтай уулзсан уу. Ямар хариултыг өгсөн бэ?
-Би түрээс нэмэгдсэн талаарх бодит байдлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснийхээ төлөө чингэлгээ лацдуулчихаад байна. Эцсийн эцэст энэ захад түрээс төлж үйлчилгээ явуулж байгаа олон мянган иргэний эрх ашгийг хамгаалах үүднээс үнэн байдлыг л илчилсэн. Яагаад миний чингэлгийг хааж байгаа юм бэ. Би үйл ажиллагаагаа явуулмаар байна гэж манай хэсгийг хариуцсан байцаагчтайгаа уулзахад “Тийм л байсан юм бол яах гэж олон юм ярьж явдаг юм. Чингэлгийг чинь өгөхгүй, өөр хүнд шилжүүлнэ. Телевизэд өгсөн мэдээллийнхээ бичлэгийг авчирч үзүүл” гэсэн. Энэ талаар надаас өөр дуугарах хүн энэ захад байхгүй. Яагаад гэхээр захын удирдлагуудаас айж байгаа байхгүй юу. Хэн ч мэдээж өнөөдөр над шиг хоногийн хоолоо олдог газраасаа салахыг хүсэхгүй. Хүссэн хүсээгүй түрээсээ төлөөд л үйл ажиллагаагаа явуулж байна гэв. ШӨХТГ-аас “Хүчит шонхор” зах түрээсээ нэмсан гэх сургаар захын үйл ажиллагаанд өнгөрөгч долоо хоногт шалгалт хийж, Т.Сайнхүү захирлыг түрээсээ нэмэх болсон тайлангаа мэдээл гэсэн үүргийг өгчээ. Үүний дагуу Т.Сайнхүү захирал өчигдөр тус байгууллагад түрээс нэмэх болсон шалтгаанаа ийн тайлбарлажээ. Тэрбээр түрээс нэг сая төгрөг хүртэл нэмэгдээгүй. Хамгийн дээд тал нь 900 мянга болж нэмэгдсэн. Гэхдээ захын удирдлагууд болон түрээслэгчид харилцан тохиролцсоны үндсэн дээр нэмсэн гэжээ. Түүний өгсөн энэ тайлбараас харахад сард 250 мянган төгрөгийн түрээс төлдөг түрээслэгч 900 мянган төгрөгийн түрээс төлөхийг хүлээн зөвшөөрсөн болж таарч байгаа юм. Харин тус захад хийсэн шалгалтын дүнгээр түрээс нэмэх боломж нь бүрдсэн байсан уу үгүй юу гэдгийг ШӨХТГ-ын “Хүчит шонхор” захад хийсэн шалгалт хариуцсан байцаагч Энхманлайгаас тодруулахад, “Шалгалтын эцсийн дүн гараагүй байна. Удахгүй энэ талаар албан ёсоор мэдээлнэ” гэх хариултыг өгөв.

ЗАХЫН “БОСС” ХАЛДАШГҮЙ ДАРХАН ЭРХТЭЙ ГЭВ ҮҮ
“Хүчит шонхор” захын захирал Т.Сайнхүүгийн түрээслэгчидтэйгээ харилцан тохиролцсоны үндсэн дээр түрээсийн үнээ нэмсэн гэх тайлбарыг тус захын Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгч Г.Энх- Амгалангаас тодруулахад “Бидэнтэй түрээс нэмэгдэх гэж байгаа талаар уулзаж, ярилцаагүй. Уулзаж ярилцах нь битгий хэл захирал гэгч эмэгтэйтэй хэн хүссэн нь орж уулзаж чаддаггүй юм. Уулзах хүн байвал заавал байцаагчаар уламжлуулдаг. Ер нь өөртөө халдашгүй дархан эрх тогтоочихсон хүн шүү дээ. Энэ байдал нь ч удаж байна. Бид түрээс нэмлээ гэж эсэргүүцээд байгаа юм биш. Түрээсээ нэмж болно гэхдээ ярилцаж, хэлэлцэж байж нэмэх ёстой байхгүй юу. Нэг ёсондоо ажлын байрны дарангуйллын хэлбэр явагдаж байна гэхэд болно. Удирдлагын зүгээс тогтоосон түрээсийг төл, чадахгүй бол бусдадаа зайгаа тавьж өг гэсэн дүрэм л энэ захад үйлчилдэг. Тус захын хувьд ганц энэ удаа ийм асуудал гарч байгаа юм биш. Олон жилийн турш захын удирд лагууд тү- рээслэгчдээ да- рамталж, ирснийг түрээслэгчид дурдсан. Өөрөөр хэлбэл, “босс”- уудын харц, үйл хөд лөлд нь таа- руулж үйл ажил- лагаагаа эр хэлж бас харьцах ёстой гэсэн дээрэнгүй журам үйлчлээд удаж буй нь ганц цаг саатсан надад илхэн мэдрэгдсэн. Учир юу вэ гэвээс мэдээлэл өгөхийг хүссэн түрээслэгчид “байцаагч харж байгаарай, битгий зураг аваарай” гэх мэтээр айж, сандарч байгаагаас харагдаж байв. Сард хураадаг түрээсийнхээ үнэтэй дүйцэхүйц нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг үү гэвэл үгүй гэнэ. Чингэлэгт нь цахилгаан болон дулаан байхгүй. Ялангуяа өвлийн цагт цементэн шалан дээр өдөржингөө зогсдог тэдэнд ханиад шуухинаа хүрэх, бөөр, ууц, нуруу өвдөх энүүхэнд хэмээн учирласан. Мөн урсгал зардал болох бүх мөнгийг түрээсийн мөнгөнөөс гадна түрээслэгчид хариуцдаг аж. Тухайлбал, нэг удаа чингэлэг цэвэрлүүлэхэд гурван мянган төгрөг гэнэ. Мөн бие засах газарт ороход 200 төгрөг байдаг аж. Энэ бүх асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ нэмэгдэл зардлууд түрээсэн дотроо багтдаг бол бид түрээс нэмэгдэж байгааг үгүйсгэхгүй хэмээж байсан юм. Мэдээж түрээсийн үнэ нэмэгдэхээр бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь ойлгомжтой. Гэхдээ түрээслэгчид өнөөдрийн байдлаар түрээс нэмэгдсэн гээд үнээ нэмээгүй байгаа. Гадуур бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн гэж ярьж байна лээ. Энэ ташаа мэдээлэл гэсэн ч цаашид нэмэгдэхгүй байхыг үгүйсгэх аргагүй юм. Энэ үеэр махны чингэлэг түрээслэгч нэгэн залуу өөрийнхөө зураг болон нэрийг тавихгүй байхыг хүсч, ийн ярьсан юм. “Энэ түрээсийн нэмэгдэл бүх хүнд хүндээр тусч байна. Тэгсэн ч бид юу ч хэлж чадахгүй байна шүү дээ. Дуугарсан нэг нь эхнээсээ хөөгдөж байгаа. Ер нь манай захын захирал төрийн тусгай хамгаалалтад байдаг юм шиг л байдаг. Ойрын хэдэн өдөр хэвлэлийнхэн ирээд байгаа болохоор байцаагч нар биднийг холоос ажиглаж байгаа. Чамайг хэвлэлээс яваа гэж мэдсэн бол явсны чинь дараа юу ярьсан гэж асууна. Бид ийм л дарамтад байна шүү дээ” хэмээн учирласан. “Хүчит шонхор” захын түрээслэгч нарын бодит байдал ийм л байна. Хоногийн хоолноосоо салахгүйн тулд хэн нэгний өөрийн эрх ашгийн тусын тулд тогтоосон дүрэм журмыг дагаж байна. Түрээсийн үнэ ийнхүү огцом өсөх нь тус захын удирдлагууд болон түрээслэгч нарын хоорондын асуудал биш. Үүний цаана нийслэлийн иргэдийн амьжиргааны асуудал ч хамаатай. Ямартаа ч түрээсийн үнийн нэмэгдлээ эргэн нэг хараасай гэж тус захын захирал Т.Сайнхүүгээс хүсье. Хэрэв үгүй бол Таны хөлд олон иргэд чирэгдэх нь байна шүү.

С.ДУЛАМСҮРЭН