Монголын залуучуудын хол­бооны ерөнхийлөгч А.Мөнхбат өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Hero” энтертайментаас бэлтгэн хүргэдэг “100 чухал сэдэв-Парк” нэвтрүүлэгт оролцсон.

Энэхүү нэвтрүүлэг амралтын өдрүүдэд үзэгчдийн хүртээл болсон юм. Тус холбооны ерөнхийлөгч А.Мөнхбатын хувьд “Паркаа аваръя” хөдөлгөөнийг байгуулж, газрыг нь эрх мэдэлтнүүд биш, хүүхдүүд эзэмших ёстой гэж байгаа. Энэ ч үүднээс уг нэвтрүүлгийн уран бүтээлчид түүнийг урьжээ. Харин нэвтрүүлгийн үеэр “хөтлөгч Б.Болдсайхан оролцогчоо судлаагүй, дайрч давшсан өнгө аястай байсан. Мөн 1990 оноос хойш төрсөн хүүхдүүд сэвэлзүүр, гажиг гэж хэлсэн. Энэ нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байна. Тиймээс “Hero” энтертайментынхан залуучуудаас уучлалт гуйх ёстой. Энэ нэвтрүүлгийг захиалгаар хийлгэсэн “Бодь” групп хүүхдийн паркад таван одтой зочид буудал барих гэж байгаа” гэдгийг дуулгалаа. Монголын залуучуудын хол­бооны ерөнхийлөгч А.Мөнхбат паркийн газрын маргааныг үнэн зөвөөр нь хүргэнэ гэж нэвтрүүлэгт оролцуулсан ч бодит байдал дээрээ мөнгөтэй компаниудын зөв мэтээр гаргасан болохыг шүүмжилсэн юм.

 

Ц.Энхцэцэг