Үнэндээ зүрх сэтгэл өмрөхөөс өөр юу мэдэрсэнээ одоо ч санахгүй байна.  Үнэхээр хацар давах нулимсаа арчиж дийлэхгүй Даваасүрэн хэмээн өөрийгөө танилцуулсан бүсгүйн зовлонг уншигч танд дэлгэе.

Тэрбээр Дорноговь аймгийн Хатанбулаг сумаас манай сонины “Тэвдэж явахад тэвнээр тусалъя” буланд хандахаар зорьж иржээ. Түүний охиныг Ариунтунгалаг гэдэг бөгөөд 14 настай. Мэдээж эх хүн болсон хойно нүднийх нь өмнө бяцхан охин нь өвчиндөө шаналж тарчлахыг хараад сууж чадаагүйдээ ийн элэг нэгт монголчуудаасаа тус эржээ.

Наашаа харсан бүхэнд зовлонгоо учирлаж явсаар буян санасан өглөгийн эзэд тийм ч цөөхөн биш юм хэмээн итгэж цагаан нөмрөгтэй эмч гэсэн эрлэгийн элчийн гарт хайран сайхан охиныхоо гэдэс дотрыг хүүлүүлчихсэндээ амьдралын өмнө гомдож явна. Гэсэн ч тэрбээр сөхөрч бүдэрсэнгүй олны хүч оломгүй далай гэсэн үгээр өөртөө дэм өгч урагшилсаар энд тулчихаад байгаа аж.

Тодруулбал, Ариунтунгалаг 2008 оны тавдугаар сард аймагтаа олгойн хагалгаанд оржээ. Угаас баяр наадмыг шинэ хүн хорвоод мэндлэхээс ч хөл хөөр дүүрэн хийж заншсан монголчуудын харгайгаар тэр өдөр нь сувилагчдын баярын өдөр тохиочихжээ. Баярын сэтгэл хөдлөлд автав уу, мэдлэг мэргэжил нь багадав уу Отгонбаяр гэх хагалгааны эмч охины мэс заслыг удирджээ. Энэ цагаас хойш хэрэг бишдэж байсгээд охин гэдсээ дарж уйлах нь ихсэж ингэсээр шөнөдөө унтаж чадахгүй өдөртөө эвхрэн цагирагласаар таван хагалгаанд удаа дараа орсон гэнэ.

Есхөн настай балчирхан охины тариурын зүүнд ч хатгуулж үзээгүй зөөлөн арьс ийн өвдөлт мэдэрч эхлэх нь тэр. Таван удаа гэдсээ яруулж дотор эрхтнээ уудлуулсан Ариунтунгалагийг таван жил сахиурын орон дээр хатаачихсан эмч өнөөдөр хаана явна вэ. Тангараг өргөсөн гэх цагаан нөмрөгтэй эмч гэх тэр 30 гаруйхан настай, цэл залуухан гэнэ. Хоёр хүүхэдтэй, амьдрал толгойлж яваа өрхийн тэргүүн аав юм гэнэ. Ажлаа мэддэггүйдээ ч юм уу, баярын уур амьсгал хөнгөхөн байсансан уу юутай ч алдаа гаргаж амьдралд өөрийн зам мөрөөрөө ургаж, өсөж явсан Ариунтунгалагийн амийг дээсэн дөрөөн дээр түлхчихээд уучлаарай ч гэдэггүй байх юм.

Охины ээж Даваасүрэн залуу эмчид гомдолтой байгаагаа хэлж “Тэр хүнийг заавал шорон оронд суулгахдаа гол нь биш. Би эх хүн. Тэр ч гэсэн хүүхэдтэй. Миний буруу. Намайг уучлаарай. Би та хоёрт яаж туслах вэ гээд гүйгээд ирсэн бол. Үнэхээр хүн гэгч сэтгэлийн л амьтан шүү дээ” гэсэн. Үрээ гэсэн эх хүний түмэн зөв биш гэж үү.

Манай эрүүл мэндийн салбар юутай уналтад орчихсоныг батлах бас л нэг том жишээ энэ. Охины өвчнийг ЭХО-д хараад хэлж мэдэхгүй байна гэнэ. Хоёр дахь хагалгааг нь зориулалтын бус боолт хийдэг өрөөнд унтуулдаг тариа хийж байгаад аньсан шархыг нь нээгээд хагалчихжээ. Ингээд шархыг нээсэн даруйдаа буруу хагалгаа хийж энэ мэт явсаар охины гэдсийг таван удаа ярчихжээ. Ийм мэс засал гэж байж болох уу.

Таван жилийн туршид ийнхүү хэвтэрт тарчилж орон дээрээ хадагдчихсан Ариунтунгалагийн урт биш ч мөр давсан хар үс нь бууралтаж, багц багцаараа унасаар өдгөө халзан болжээ. Энэ бол ямар ч химийн хүчтэй тариа хийгээгүй байхад л болж байгаа зүйл бөгөөд Хятад эмч нар өндгөвч нь асуудалтай байна гэсэн хариу хэлж байгаа аж. Харин манай эмч нар арай өөр хариу буюу охины дотор эрхтэн эрүүл гэсэн онош хэлж өнөөдрийг болтол ядарсан ээжийн амыг таглажээ. Аргаа барсан ээж охиныхоо төлөө шүүх цагдаа гэх мэт өөрийн хандаж чадах газар бүхэндээ өргөдөл гомдол хаягласан ч хариуцлагагүй, мэргэжлийн ёс зүйгүй өнөөх том толгойтой эмчийг шүүх байгууллага хоёр сая 190 мянган төгрөгөөр торгосон нь толгойг нь илээд өнгөрсний л дайтай шийтгэл болсныг тэрбээр хэлсэн.

 


Отгонбаяр гэх Дорноговь аймгийн мэс заслын залуу, сэхүүн эмчийг аймгийнхан андахгүй бөгөөд хүйтэн мэснийхээ үзүүрээр нэг биш хүний халуун аминд хүрснийг гэрчилдэг аж. Тэгэвч өнөөдрийг хүртэл тангараг өргөсөн цагаан нөмрөгтөн гэх бурхны илчүүдэд л зохимоор нэрнээс зүүгдээд тансаг харшид амьдарсаар яваа нь дэндүү шударга бус байгааг Даваасүрэн бүсгүй уйлж инээхийн заагт гомдонгуй хэлнэ билээ.

Тэрбээр зовлон бүхний цаана жаргал нуугддаг юм. Миний охин ээж болно. Сайхан сэтгэлтэй, алтан гартай хүмүүс олон бий. Хоёулаа бурхны сорьж байгаа шалгалтад бүдрэхгүй шүү хэмээн Ариунтунгалагийг зоригжуулдаг гэнэ. Гэсэн ч бурхны нүднээс далд уйлж миний охин ээж болно. Хүүхэд тээж, төрүүлж чадах болов уу. Гэдэснийх нь энэ олон оёдол ирээдүйд нь хэрхэн муугаар нөлөөлөх бол хэмээн өөрөө өөрөөсөө асууж чимээгүйхэн мэгшдэг гэдгээ нуугаагүй. Бүсгүй хүний зовлон, эх хүний шаналал юутай арвин юм бэ.

Даваасүрэнгийнх хашаа байшинд амьдардаг жирийн л монгол айл гэнэ. Охиноо эмчлүүлэх 40 сая вонн олохын тулд хашаа байшингаа зарж айлын хаяа бараадаж яваа гэнэ. Өвчтэй охиноо тэвэрч айл айлын тогоо харж явна гэдэг амаргүй. Гэсэн ч энэ бүхэн түүний хувьд юу ч биш.

Охин минь л зовлонгоосоо ангижирч байвал болох нь тэр хэмээн эрс шийдэмгий ярих Даваасүрэнд туслах гэсэн сайхан сэтгэлтнүүд нэлээд болсныг тэрбээр баярлан дурсав. Бид сайн санааны үзүүрт тос гэдэг дээ. Амьддаа бие биенээ хайрлах ухаан дүүрэн яваа Дорноговь аймгийн Xатан булаг сумын Улаанбаатар xот даxь нутгийн зөвлөлийн дарга, Монгол-Бельгийн соёлын xарилцааны нийгэмлэгийн тэргүүн С.Билигсайхан, Олон улсын тээвэр зуучлалын “Гранд ложистик” компанийн захирал Байгалмаа, “Ачит амирлан” сан, Монгол Европийн нийгэмлэг, “Гүнгэрваа”, “Үзэмж төгс урлан” хэвлэлийн компани болон “Шинэ Монгол” радиогийн хамт олон бусад өглөгийн эзэд харамгүй тусалж байгаад баяртай байгагааа Даваасүрэн бүсгүй дайна билээ.

Мөнхбаатарын Ариунтунгалагт туслах аянд нэгдэхийг хүсэгчид “ХААН” банк дахь 5360289175, “ХАС” банкны 5000845173 тоот дансанд сэтгэлийн өргөл өргөхийг хүссэн юм.

Мөн 86 111 000, 99 26 10 59 дугаарын утсаар холбогдох ба 155889 тусгай дугаарт охины сэтгэлийг өргөх сайхан үгстэй мессэж илгээж болох аж.

М.Мөнхтунгалаг