Манай улс утааны улирал дуусав уу гэлтэй зам барилгын ажил нь эхэлж, бороо шороотой уралдан замаа засах нэртэй энд тэнд өм цөм болгож орхидог нь жилээс жилд ихсэж байна.

Гэм биш зан гэгчээр замын компаниуд ч бүр үүнийг хүлээж байдаг болтой бужигнаж, сайн нь сайн, муу нь муу замууд хийнэ.  Яг үнэндээ нэгийг хийх гэж нөгөөг нураана. Тэрийгээ ахиж засна. Тэр нь жил хүрэхгүй настай тийм л зам, гүүр болсон байдаг.

“Монгол улсын 2013 оны төсвийн тухай хууль”-ийн 2 дугаар хавсралт дахь Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтанд Зам, тээврийн сайд нийт 421,4 тэрбум төгрөгийн 123 төсөл, арга хэмжээ батласан байна.

Харин энэ жилийн батлагдсан хөрөнгөөр баригдах зам, гүүр нь бас хэдэн сар, жилийн настай болохыг тэр тендерт шалгарсан компаний л мэдэх дурын асуудал болчихоод байх шиг. Хэн ч тэрийг нарийн шалгаддаггүй. Хийгээд дууслаа бол хүлээж авахад л болоо гэсэн тийм зарчимтай ажил явагдах юм.

Өнгөрсөн жил баригдаж, ашиглалтанд орсон замын ажлын бодит жишээ гэвэл 2 өдрийн өмнө орсон бороонд Сансарын тунелийн зүүн уулзвар доогуур гарах явган хүний нүхэн гарц цөмөрчээ. Энэхүү нүхэн гарцын барилгын ажлыг “Хотын зам” ХХК гүйцэтгэсэн бөгөөд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хүлээлгэн өгч ашиглалтанд орсон байна. Харин албаны хүмүүсийн хэлж байгаагаар өвлийн цаг байсан учраас бэхжүүлэлт хийгдээгүй байсан тул хүлээж аваагүй байсан гэх тайлбарыг өгч байна. Энэ ажлыг хийж гүйцэтгэхээр нийтдээ 321 сая төгрөг зарцуулжээ. Хэдхэн сарын настай энэ нүхэн гарцийг хийж гүйцэтгэхэд энэ хөрөнгө багадсан уу? Эсвэл...

Одоо тэгээд энэ жилийн төсөвлөсөн хэдэн төгрөгийг зарцуулахаар компаниуд зэрэг зэрэг ажилаа эхлэх нь тэр. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгчээр хэсэгхэн зам барихын тулд нэлээд хугацааны турш бөглөрөл дээр бөглөрөл нэмэгдэх нь тэр. Учир нь энэ сарын 31-ээс улсын их баяр наадам хүртэл Зайсан толгойн хойно байрлалтай жижиг төмөр бетон гүүрийг буулгах юм байна. Энэ нь Яармагийн гүүрнээс Богд уулын араар Баянзүрхийн товчоо хүртэлх 17.6 километр авто зам барихаар тухайн шийдвэрийг гаргажээ. Иймээс тус гүүрний ойролцоох инженерийн шугам сүлжээ, кабель, утас шугамуудыг холдуулж, чөлөөлөх сануулгыг холбогдох байгууллагуудад Нийслэлийн Автозамын газраас мэдэгдсэн байна.

Мөн ирэх сарын 1-ийг хүртэлх хугацаанд Хасбаатарын гудамжны баруун хэсэг буюу 3, 4-р хорооллын эцсийн буудлын урд уулзвараас хойш “Нэхий плаза” төвийн баруун хойд уулзвар хүртэлх 280 метр авто замыг хаасан байна. Мөн ирэх сарын 15-ыг хүртэл Ханын материалын уулзвараас Цэргийн хотхоны уулзвар хүртэл 1.4 км авто замыг хааж хучилтын ажлыг хийх юм байна.

Энэ мэтчилэн хэсэгчлэн засч байгаа хэдий ч замын бөглөрөл гэдэг хаа сайгүй боллоо. Дугаарын хязгаарлалт хийсэн мөртлөө ингэж байгаа юм чинь бүгд зэрэг явах өдрөө яах билээ. Онц чухал ажилгүй бол гарахгүй байх хэрэгтэй юу. Манай нийслэлийн хувьд үнэхээр авто замын асуудалтай. За энэ бөглөрч зогсох ч дүүрч эвлэрлээ гэхэд замаа засах, шинээр барихдаа яагаад чанартай, хэдэн жилийн настай, гадаадын орнуудын жишгээр барьж болдоггүй юм бэ? Адилхан л улс бол улс, ижил төрлийн материал, хэрэгсэл ашиглаж байгаа шүү дээ. Нэг зүйлээ хийсэн шиг хийж, дэмий дахин дахин зарцуулах тэр хөрөнгө мөнгөө өөр зүйлд зарцуулвал ч.

Я.Соёлоо