Эдийн засгийн “хямрал” гээчээс яаж салах вэ? Зардлаа танаад, бүсээ чангалбал гарчихна гэх нэг номлол явах. Ханш гэгчийг торгоогоод бариад байвал болчих юм шиг, Монгол орон хөгжчих юм шиг яриа хэрэн тэнүүчлэх.

Мориор яривал “нуруугаа авахуулчихсан” адууны нурууг л эмнэх ёстой. Дэл, сүүлийг нь хичнээн сайхан засаад нэмэргүй. Хөлөө хугалсан найзынхаа хөлийг гипсдэж байж л хугарсан яс бороолж эдгэнэ. Яг үүнтэй адилаар эдийн засгийн хүндрэлийн тэр л ноцтой шалтгааныг засч гэмээнэ балчиг шавраас гарна бид.

Доорх графикаас харахад гадаадын шууд хөрөнгө оруулалт элбэг дэлбэг байсан 2010, 2011, 2012 онуудад төгрөгийн ханш америк долларын эсрэг харьцангуй тогтвортой байжээ. Харин гадаадын хөрөнгө оруулалт “нуран унасан” 2009, 2013, 2014 онуудад валютын ханш өсч байсан байна.

 

 

Валютын ханш эдийн засгийн хөгжлийн зорилтот үзүүлэлт биш ч гэлээ нийт эдийн засгийн эрүүл мэндийн байдал ямар байгааг илэрхийлдэг нэг барометр юм. Валютын ханшийн сүүлийн 2 жилийн өөрчлөлт үндсэндээ гадаадын шууд хөрөнгө оруулалтын огцом уналтаас үүдсэн болох нь тодорхой байгаа. “Ханшийг тогтворжуулъя гэвэл гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ёстой” гэсэн теорем манайд гарцаагүй үйлчилнэ.

Нуруугаа авахуулсан мориныхоо дэл, сүүлээр оролдохоо болъцгооё. Нурууг нь л анагаая. Хөлөө хугалсан найзынхаа хөлийг эмнэлэгт аваачиж гипсдүүлж эмчилье. Хөлөнд нь иллэг, масааж хийж, элдвээр цэц булаалдан, хэл амаа билүүдэхээ зогсооё. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх байж болох бүх арга хэмжээг нэн даруй авч, эдийн засгийн хүндрэлтэй байдлаасаа гарцгаая!

Д.Цээнэ