Эрүүл мэндийн сайдын санаачилгаар “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд баасан гараг бүр аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдлага, эмч мэргэжилтнүүдтэй цахим хурал зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Уг цахим хурал зохион байгуулагдаж эхэлснээс хойш 16 дахь удаагийн хурал өнөөдөр боллоо.

Хурлын эхэнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийн талаар товч мэдээлэл хийж, өнгөрөгч дөрөвдүгээр сард гарсан эх, хүүхдийн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэл, гэрийн төрөлт, нас баралт ямар байсан талаар хэлэлцэв.

alt 

Эхний дөрвөн сарын байдлаар гарсан эхийн эндэгдэл өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал гурван тохиолдлоор буюу 9,4 промиллээр буурсан байгааг салбарын сайд онцлоод чамлахааргүй амжилт гаргаж ажилласан нийт эмч, мэргэжилтнүүдтэй талархал дэвшүүллээ.

Харин хүүхдийн эндэгдлийн тухайд эцэг, эх, асран хамгаалагчдын хайхрамжгүй байдлаас болж хүүхэд усанд унах, хөхөндөө даруулах, өндөр зүйлээс унах, түлэгдэх зэрэг урьдчилан сэргийлж болох шалгаанаас үүдэн эндэх тохиолдол гарсаар байгаа. Тиймээс эцэг, эхчүүдэд хандсан анхааруулга, сэрэмжлүүлгийг тогтмол өгөх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлахыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг болгов. 

alt

Мөн “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд хэд, хэдэн тушаал шийдвэр гарсныг Эрүүл мэндийн сайд Н.Удвал дуулгалаа. Тодруулбал, Эх, хүүхдэд ээлтэй аймаг, дүүргийг шалгаруулах, Эрүүл мэндийн сайдын нэрэмжит “Дэмжлэгт хяналт”-ыг зохион байгуулах, Үр хөндөлтийн талаар журам, Эрүүл мэндийн довтолгоог эхлүүлж, өрх бүрт заавал хэвших ёстой 21 дадлын талаарх мэдээлэл, гарын авлагыг тараах зэрэг тушаал шийдвэрүүд гарсан бөгөөд “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай” хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгааг танилцуулсан.

Үүний дараагаар “Уушгины хатгалгаа өвчний үед үзүүлэх тусламж, үйлчилгээ, анхаарах асуудал” сэдвээр ЭХЭМҮТ-ийн Чанарын албаны дарга н.Оюунчимэг, “Эмэгтэйчүүд, хүүхдэд зонхилон тохиолдох хавдрын тухай” сэдвээр ХСҮТ-ийн дэд захирал Г.Пүрэвсүрэн нар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. 

alt

Уушгины хатгалгаа авсан хүүхдийг дулаан байлгах, шингэн зүйл их уулгах, сайн хооллож, амраах нь чухал бөгөөд эмч нар хүүхдийн биеийн зовиурыг сайн ажиглаж, тохирох эмийн эмчилгээг хийх шаардлагатай байдаг байна.

Сүүлийн үед хүүхдийн хавдар нэмэгдлээ гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа нь ташаа мэдээлэл гэдгийг ХСҮТ-ийн дэд захирал Г.Пүрэвсүрэн хэллээ. Тодруулбал, дэлхий дахинд бүртгэгдэж байгаа хорт хавдрын нийт тохиолдлын 0,5-4,6 хувьд хүүхдийн хавдар бүртгэгддэг бол манай улсад бодит тохиолдлын хувьд ч, 100,000 хүн амд харьцуулсан үзүүлэлтийн хувьд ч нэг түвшинд буюу 0,8-1,0 хувьтай байгаа ажээ.