Хөрөнгө оруулагчдыг татах арга
2015/02/08
Баялагтай юу гэвэл баялагтай, өргөн уудам газар нутагтай бол нутагтай , иргэнтэй юу иргэнтэй, тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол улс.
Манай улсад 1994 оноос олборлон баяжуулахын зэрэгцээ боловсруулах үйлдвэр бий болж, уул уурхайн салбарын гурав дахь үе шат эхэлсэн гэдэг. Нэг хэсэг хөрөнгө оруулагч нарыг "зөгийн бал" шиг татсан уул уурхайн салбар уналтанд орсон. Тэгвэл өдгөө эдийн засгаа аврахын тулд хөрөнгө оруулагчдыг татахаар зэхэх суугаа. УИХ-аас баталсан 27 дугаар тогтоолын дагуу нэр бүхий 15 ордыг стратегийн ач холбогдол бүхий орд хэмээн тодорхойлсон билээ.
Мөн Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ач холбогдол бүхий ордыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийж тогтоосон бол төр 50 хүртэл хувийг эзэмшихээр, хувийн хөрөнгө оруулалтаар хайгуулж хийж тогтоосон бол төр 34 хүртэлх хувийг эзэмшихээр заасан байдаг. Тэгвэл энэхүү хувь эзэмших асуудлыг сонголттой болгохоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлэв.
Уг хуулийн төсөлд тусгасан гол агуулга нь тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төрийн хувь эзэмшлийг өөртөө авъя гэж үзвэл рояльтын татвар дээр нэмж тусгай зориулалт бүхий ашигт малтмалын нөөц ашигласаны татвар төлж байх зохицуулалтыг тусгажээ. Энэхүү тусгай зориулалт бүхий ашигт малтмалын нөөц ашигласны татварын хувь хэмжээг дээд тал нь 5 хувь хүртэл хэмээсэн нь Засгийн газрын журмаар зохицуулагдах юм байна.
Ингэснээр хэн, хэндээ ашигтай тусна гэж үзэж байгаа бололтой. Хэрвээ тухайн ордод төр хувь эзэмшихгүй боллоо ч өөрийн эзэмших хувь хэмжээтэй дүйхүйц татвар авах боломжтой гэнэ. Хамгийн гол нь тухайн ордод тусгай зөвшөөрөл эзэмшигч компани нь төрийн эзэмшлийн хувь хэмжээг өөртөө шилжүүлэх үү, төрд нь үлдээх үү гэдэг нь өөрсдийнх нь шийдэх сонголт байх нээ.
Ийнхүү хөрөнгө оруулагчдыг татах арга нь татвар эсвэл хувь эзэмшигч болох уу гэсэн сонголтыг бий болгожээ.