2014 оны дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Бразилийн Сальвадор хотын цэнгэлдэх хүрээлэнд болох билээ. Тэгвэл тэмцээн болох  “Фонте Нова” цэнгэлдэх хүрээлэнгийн нэг хэсэг нь нурсан гэсэн мэдээлэл байна.

Тус цэнгэлдэх хүрээлэнд  хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнээс гадна ирэх сард явагдах тив хоорондын цомын төлөөх тэмцээний тоглолтууд явагдах ёстой юм.

Үүний шалтгааныг хэдэн өдрийн турш үргэлжлэн орсон аадар борооноос болж дээвэр нурсан хэмээн холбогдох албаныхан үзэж байна. Дээврийг буруу дэлгэснээс болж борооны ус зөвхөн нэг хэсэгтээ хуримтлагдаж, улмаар дээврийн 36 хуванцар хавтангийн нэг нь борооны усаа дийлэхээ больж дээвэр нурсан байна. Үүнээс үүдээд цэнгэлдэх хүрээлэнгийн суудал бас багагүй хохирол амсчээ.

Дээврийг 6 дугаар сарын 15-наас 30-ны хооронд явагдах Холбооны цомын төлөөх тэмцээнийг эхлэхээс өмнө засч дуусах юм байна. Бразилийн Сальвадор хот дахь 56 мянган хүний суудалтай энэхүү цэнгэлдэх хүрээлэн өнгөрсөн сард шинээр ашиглалтанд орсон юм.

Улс орон нь тив хоорондын цомын төлөөх тэмцээнийг зохион байгуулах бэлтгэл ажлыг маш сайн хангаж байгаа хэмээн Бразилийн ерөнхийлөгч Дильма Рузефф бахархалтайгаар мэдэгдэж байсан ч тус тэмцээний 3 тоглолтыг зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэнгийнх нь дээвэр нурсан нь тус улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна.

Б.Хорлоо