Хэвлэл мэдээлэлд хяналт тавих “Төрийн цензур” эргэн ирлээ. Тэр тусмаа Ерөн­хий­лөгчийн сонгуулийн тухай хууль энэхүү цензурыг сэт­гүүлч хийгээд мэдээлэл авах эрх чөлөө бүхий иргэн бүрт авчирч өгөв.

Үүнд бид өөрсдөө ч буруутай аж. Төрийн ордонд өдөрт наа­надаж 30-40 сэтгүүлч тогтмол ажилладаг. Гэтэл 1998 онд баталсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд заа­сан “Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй”, “Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэг­сэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллагыг бай­гуу­лах­гүй бөгөөд ийм хянал­тын үйл ажиллагааг санхүү-жүүлэхгүй” хэмээн заасныг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар “устгачихаад” байхад сэтгүүлчид “анзаа­рал­гүй” өнгөрчээ.

“Анзаараагүй” гэдгийн учир нь бид сэтгэл зүрхээ өгсөн ажлынхаа төлөө, цалин авч амь­жиргаагаа залгуулж буй албан байгууллагынхаа төлөө зүй ёсны лобби хийж чадаагүй гэдгийг зөөлнөөр хэлж байгаа хэрэг.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 39.8-д “Сонгуулийн ерөнхий хороо Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран радио, телевизээр сонгуулийн сур­талчилгааг нэвтрүүлэх журмыг батална” гэсэн байгаа. Мөн 39.10-т “Энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шударга өр­сөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүг­нэлтийг үндэслэн тухайн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ” гэж заасан. Үүнийг нь УИХ баталж байхад мөнөөх Төрийн ордон дүүрэн сэтгүүлчид “нүдээ анин”, “чихээ бөглөн” өнгөрчээ.

“Загасчны морь усгүй” ч гэх үү, дэндүү амбицгүй давхаргынхан ч гэмээр юм уу бидний алдаа энэ. Гэтэл дээрх бухимдаад байгаа асуудал нь сэтгүүлчийн, хэвлэл мэдээллийн байгууллагын эрх ашиг биш. Үндсэн хуулиар олгосон үзэл бодлоо хэвлэн нийтлэх, үнэн бодит мэдээлэл олж авах эрх бүхий ард түмний нийтлэг эрх ашиг, цаашилбал эгээ л туг, далбаа адил үнэ цэнтэй болсон ардчиллын тулгуур зарчим алдагдчихаад бай­на. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дээрх заалтад той­руу замаар хэлсэн шударга өр­сөл­дөөний асуудал эрхэлсэн бай­гууллага гэдэг нь Шударга өр­сөл­дөөн, хэрэг­лэгчийн төлөө газар. Тэд­ний дүг­нэлтэд үндэслэн тусгай зөв­шөөрөл олгосон бай­гууллага нь “манай” хаалгыг барих юм байна. Гэтэл олон улсын холбогдох хууль тог­тоомж, санкцуудаас харахад төрийн захиргааны байгууллага нь хэв­лэл мэдээллийн байгууллагын эрх чөлөөнд хэзээ ч халдаж бол­дог­гүй гэд­гийг хатуу заасан байдаг.

Үүн дээр нэмж хэлэхэд Ерөн­хийлөгчийн сонгуулийн тухай хуульд Хэвлэл мэдээллийн зөвлөл гэгчийн тухай ойлголт шинээр орж ирсэн. Энэ зөвлөл уг сонгуульд оролцож буй улс төрийн намуудаас хараат бус байж чадахааргүй тийм тогтолцоог бий болгожээ. Өөрөөр хэлбэл “намчингууд” буюу улс төрийн харьяалалт этгээдийн оролцоотойгоор Хэвлэл мэдээллийн зөвлөлийг байгуулсан учраас тэд аливаа гомдлыг шийдвэрлэхдээ хэзээ ч хэвлэл мэдээллийн бай­гууллага хийгээд сэтгүүлчийн талд зогсохгүй нь бараг тодорхой байгаа юм.

Мэдээж Ерөнхийлөгчийн сон­гуулийн тухай хуульд сайн тал олон бий. Бэлэн мөнгө тараасан, бусдыг ор үндэслэлгүйгээр гүтгэн доромжилсон этгээдэд хатуу хариуцлага тооцох болсон нь сайн хэрэг. Гэхдээ хэвлэл мэдээллийн байгууллагыг “гар, хөл” болгон ашигладаг тэр хүмүүс нь хэн байдаг билээ. Тэднийг тараасан мөнгийг нь 20 дахин нэмэгдүүлэх хэмжээний мөнгөөр торгочихоод харин хэвлэл мэдээллийн бай­гууллагыг гурван сар хаалгыг нь барина гээд бодохоор энэ хууль үнэхээр ардчиллыг уландаа гиш­гэсэн, дээд зэргийн харгис цен­зуртай биш гэж үү. Товчхондоо “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид сэтгүүлчдийг, хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан нэгнийгээ шүүмжилж болно. Харин сэтгүүлчид тэднийг шүүмжилж болохгүй” гэсэн утгатай л хууль хэрэгжиж эхлээд байна.

Зүй нь сонгогчдод ямар асуул­тын хариу хамгийн сонин байна вэ. Тэр асуултыг сэтгүүлч гурван нэр дэвшигчийн дунд тавьж хариултыг  хэвлэл мэдээллийн хэрэгслээ ашиглан олон нийтэд хүр­гэх л хамгийн зөв зарчим. Гэтэл одоогийн байдлаар нэр дэвшигчид хүссэн зүйлээ дурын цагтаа биднээр дамжуулан олон нийтэд тараалгах зорилгоор л хэвлэл мэдээллийг ашиглаж байгааг бид харж байна. Яг үнэндээ хатуухан хэлэхэд хуулиар зохицуулагддаггүй цорын ганц салбар бол сэтгүүл зүй билээ. Энэ бол олон улсын жишигт байдаг л зүйл. Харин манайд бол жигтэйхэн эмзэглэж хүлээж авах байх л даа. “Гүтгүүлж, доромжлуулчихаад зүгээр сууж байх уу” гээд өрвөлзөх биз. Үүнийг тусдаа зүйл ангиар шийддэг.

Сэтгүүлчийн үүрэг бол сур­валжлах мэдээлэх явдал. Үүнийг бизнес болгон хувирган хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллага огт буруугүй. Харин нэр дэвшигчээ сурталчилсан нийтлэл, мэдээ, материалыг төлбөртэй нийтлүүлэх хэрэгцээ байгаа бол энэ нь тухайн сонгуулийн менежерийн ажил. Тэгэхээр сонгуулийн менежер, хэв­лэлийн баг мэдээллийн үнэн бодит байдал, хариуцлагаа хүлээгээд төл­бөрөө төлөөд хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж болно. Үүнээс цааш тухайн сонины сурвалжлагчтай холбогдоод, цалин мөнгө өгөөд түүний үүрэгт ажлыг худалдаж аваад байх эрхгүй юм.

Нэг жишээг сануулахад 2009 онд болсон Монгол Улсын Ерөн­хийлөгчийн сонгуулийн дараа хий­сэн судалгаанаас харахад тухайн үед Ерөнхийлөгчөөр ажиллаж бай­гаад дахин өрсөлдөхөөр болсон Н.Энхбаярт түүний өрсөлдөгч, нэр дэвшигч Ц.Элбэгдоржийнхоос телевизийн сурталчилгааны цаг  хавьгүй илүү “олдсон” байдаг. Гэвч хэн ялсныг та бүхэн мэдэж байгаа. Үүнээс харахад бид нэр дэвшигчийг сур­талчилж ялуулдаг гэж ойлгох нь өрөөсгөл байгаа биз. Нөгөөтэйгүүр дээрх судалгаанаас сонгогч телевиз болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр харсан сурталчилгаанаасаа илүү өөрийнхөө “зүрхэн дэх” хүнтэйгээ зөвлөлдөн байж цэвэр итгэл үнэмшлээрээ сонголтоо хийдэг болох нь тодорхой харагдсан гэнэ.

Ямартай ч Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Монголын ард түмний мэдээлэл авах эрх чөлөөнд халд гэж”, “Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа, сэтгүүлчдийн бичсэн мэдээ, сурвалжлагад хяналт тавь” гэж төрийн захиргааны хоёр ч байгууллагыг нэр заан томилсноороо олон улсын жишгийг зөрчсөн төрийн цензурыг хэв­лэлийнхэнд авчирч өглөө. Гэвч энэ хуулийг мөрдөхөөс өөр аргагүй. Харин үүний дараа нөхцөл байдал хэрхэн эргэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

 

У.Оргилмаа