Миний л мэдэхийн хүүхэд байхад зургадугаар сарын нэгэн бол хамгийн дуртай баяр байсан. Өглөө эртлэн босоод шинэ хувцасаа өмсөөд , аав ээжээсээ бэлэг авах мөчийг ямар их хүлээдэг байсан гээч.

Гэтэл одоо үед арай л өөрөөр баярладаг болчихож,  айлын хүүхдүүд аав ээжийнхээ хэтэвчнээс хамааран юу идэж, хаана тоглох, юу өмсөх нь бүгд ялгаатай болчихжээ. Уг нь багачуудын хүлээдэг ганцхан өдөр бол энэ өдөр. Гэтэл үнэнэдээ хүүхэд бүр баярлаж чадахгүй байна.

Баячуудын хүүхдүүд болохоор аль амттай, гоё гэсэн болгоныг идэж, өмсөж зүүнэ. Ядруухан нэг нь болохоор айлын хүүхдийнхийг харж горьдож, бүр нулимс нь хүртэл цийлэгнэн зогсоно. Яг үнэндээ бидний ирээдүй хойч болсон бяцхан үрс минь хар багаасаа нийгмийн давхарга, баян ядуугийн хоосонг мэдрэх учиргүй юмсан.

Хүүхэд багачуудын баярлах ганцхан газар “Хүүхдийн парк” гэх олны хөлд энд тэндээ тойроод томоохон сүндэрлэсэн барилгын дунд байх тоглоомын газар. Хуучин паркийг шинэчлээд Диснейлэнд барих гээд л хэдэн жил хааж байгаад ашиглалтанд орсон. Гэтэл яг үнэндээ өөрчлөгдсөн зүйл их байхгүй. Харин тоглоомнуудых нь үнэ л өөрчлөгдсөн гэхэд хэлстэхгүй биз ээ. Тэгэхээр бас л мөнгөтэй нь тоглож, мөнгөгүй нь хашааны гаднаас харж зогсоно гэсэн үг. Ихэнх орнууд тоглоомын газар, Диснейлэнд гээд өчнөөн газартай. Тэр нь хамаагүй сонирхолтой, гоё баригдсан байдаг. Мөн хотын төвөөс зайдуу, үзэсгэлэнт байгаль дунд гэх мэтээр баригдсан байх юм. Энүүгээрээ ч мөн улс орноо сурталчилж, нэг төрлийн  бизнес болгож, хүмүүсийн сонирхол татдаг аж.

Манайх ч мөн ялгаагүй л бизнес болгосон. Монголын үрс маш олон болтугай гэчихээд яагаад ганцхан энэ эрхийг хамгаалах өдөр нь хүүхэд бүхэн тоглоом тоглож, паркаар зугаалж болохгүй гэж. Ганцхан өдөр бяцхан үрс минь нэг нэгэндээ атаархахгүй, ижилхэн тоглож өнжвөл ямар их баярлах бол. Зөвхөн өөрийн хүүхдээ л баярлуулахын төлөө  биш өрөөлийн төлөө ганц удаа ч болов анхаарал хандуулаасай гэж хүсэх байна эрх мэдэлтэн, холбогдох мэргэжилтэй, үүнийг шийдэх эрхэм хүмүүс минь.

Хүүхдийн нүд хэцүү гэдэг дээ. Миний хүүхэд л тоглож, баярлах ёстой гэсэн аясаар биш Монголын минь үрс нэг ч өдөр инээд хөөрөөр дүүрэн, ирээдүй нь дардан байг гэсэн үүднээс хэн бүхэн анхаарлаа хандуулаарай гэж хүсэх байна. Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд нэг нэгэндээ атаархлын хорсолгүй, адилхан хүсэл зорилготой өсч хүмүүжих учиртайсан. Хүүхэд бүхэн адилхан баярлаж болохгүй гэж үү.

Я.Соёлоо