Төрөөд гурав хоносон нярайг гурван давхраас хогийн пункер рүү шиджээ
2013/05/30
Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 27 дугаар байрны хогийн пункерт эхээс төрөөд гуравхан хонож байсан нярайг хаясан хэрэг гарчээ.
Эл хэрэг энэ сарын 29-нд 12:00-14:00 цагийн хооронд гарсан байна.Тухайн үед нярайг гурван давхраас хогийн пункерт холбогдсон хоолойгоор доош нь хаясан бөгөөд азаар амьд vлджээ. Ингээд бид хэрэг гарсан 27 дугаар байрыг зорилоо.
Тус байранд биднийг очиход ойр хавийн оршин суугчид бүгд нярай хүүхдийн талаар ярьж байв. Тиймээс тус байрны жижvvр М.Нарантай уулзаж зарим зүйлийг тодруулсан юм.
Хүүхдийг алах зорилготой, санаатайгаар хаясан байх
-Танай байрны хогийн пункэрт нярай хүүхдийг даавуунд боогоод хаясан хэрэг гарсан. Хэрэг гарах үед та байсан уу?
-Тийм ээ, байсан.
-Ямар хүн хаясан юм бол оо?
-Өчигдөр /уржигдар/ би орцныхоо хогийг цэвэрлэчихээд СӨХ ороод гэрлийн чийдэн авахаар явсан юм. Тэгээд ирж явтал манай хоёр давхарт амьдардаг оршин суугч залуу “Эгч ээ, ийшээ толгойгоо боосон эмэгтэй хүүхэд тэврээд орц руу орсон.
Тэгснээ хүүхэдгүй гарч ирчихээд хогийн пункерийн хажууд зогсож байгаад яваад өглөө” гэсэн. Хүүхдээ хаясан эмэгтэй их л сэжигтэй харагдсан байгаа юм. Тэгээд би тэр залуутай байрныхаа бүх давхрыг нэгжсэн ч олоогvй.
-Тэгээд хогийн пункерт хаясныг яаж мэдсэн юм бэ?
-Угаасаа ойлгомжтой. Бүх давхраар хайгаад хүүхдийг олоогүй. Бид хоёр хогийн пункерийг онгойлгоход хүүхэд уйлах шиг чимээ гарсан. Тухайн үед надад “Арай ч дээ, эх хүн хүүхдээ хаяхгүй байлгүй дээ. Муур юм болов уу” гэж бодогдсон. Харамсалтай нь яах аргагvй нялх хүүхдийн уйлах дуу сонсогдсон. Пункер тас харанхуй байсан болохоор айгаад орж чадаагүй л дээ.
-Тэгээд хэн гаргаж авсан бэ?
-Байрны гадуур явж байсан олон хүнээс тийшээ орж үзэхийг гуйсан ч айгаад ороогvй. Тэгсэн харин манай энэ хавьд амьдардаг Л.Баттогтох гэдэг залуу орж хүүхдийг гаргаж авсан. Угаасаа л тэр жаахан амьтныг алах зорилгоор шидсэн байгаа юм.
-Та нярайг ямар эмэгтэй хаясныг нь хараагүй хэрэг үү?
-Би хараагүй. Харин оршин суугчдын ярьж байгаагаар 18-20 орчим насны л эмэгтэй байсан гэсэн. Толгойдоо алчуур зүүсэн тор барьчихсан эмэгтэй байсан гэсэн. үүнээс өөр зүйл мэдэхгvй байна.
-Тухайн үед нярайд ямар нэгэн бэртэж, гэмтсэн зүйл ажиглагдсан уу?
-Харин ч гайгүй байсан. Зөвхөн нүүр, ам нь л улайчихсан байсан. Яана аа л гэж бодож байсан шүү. Азаар хүүхэд бэртэж гэмтээгүй байсан.
Дараа нь бид нярайг хогийн пункерээс гаргаж авсан Баянгол дүүргийн 15 дугаар хорооны иргэн Л.Баттогтохтой уулзлаа.
Үнэхээр амьдрах хувьтай хүүхэд байна лээ
-Таныг хүүхдийг гаргаж авсан гэж сонслоо?
-Тийм ээ.
-Яг юу болсон юм бэ?
-Өчигдөр /уржигдар/ 14:00 цагийн үед 27 дугаар байрны хажуугаар явж байсан чинь жижүүр Нараа эгч нэг залуутай хамт зогсож байсан.
Тэр хоёр хогийн энд“хүүхэд хаячихаж” гэж хэлсэн юм. Тэр хоёр өөрсдөө айгаад хогийн пункэр руу орж чадаагүй юм билээ.
-Та айгаагүй юу. Бүх хүн айгаад ороогүй байхад?
-Би ч айж байсан. Тэр жаахан амьтныг үхчихсэн байвал яана аа л гэж бодож байлаа. Гурван давхраас доошоо шидүүлсэн хүүхэд шүү дээ. Намайг пункерт ороход жаахан хүүхдийн уйлах дуу сонсогдсон. Шүдэнз зурж асаагаад хайсан. Азаар хүүхэд амьд байсан.
-Таныг ороход нярай яг ямар байдалтай байсан юм бэ?
-Хүүхдийн доор баахан цаас, зөөлөн хог байсан тулдаа хүүхэд гайгvй байсан юм билээ. Нүүр амыг нь битүү боочихсон байсан. Алах санаатай байсан юм шиг байна лээ. Хүүхдийн биеийн байдал сайн байна, биеийнх нь байдлыг харж байгаад хоёр гурав хоногоос асрамжийн газарт аваачиж өгнө гэж эмч нар ярьж байна лээ.
-Хэр бэртэж гэмтсэн юм шиг байна?
-Азаар ёстой гайгүй байсан. Үнэхээр амьдрах хувьтай хүүхэд байсан.
-Хүүхдийг тийм зузаан өлгийдсэн байсан юм уу?
-Үгүй ээ, нэг их зузаан өлгий биш. Хүмүүсийн ярьж байгаагаас тэр өлгийг нь Эх нялхасаас тавьж өгдөг өлгий байна гэж хэлсэн. Улаан өнгийн ноосон малгайгаар нь нүүрийг нь дараад өлгийдчихсөн хэрнээ гадуур нь бор даавуугаар битүү боогоод уячихсан байсан. Бүүр бараа боочихсон юм шиг чанга гэгч нь боочихсон байсан гээч.
Ийнхүү бидний яриа өндөрлөв. Улмаар Эх хүүхэд эрүүл мэндийн үндэсний төвийг зорьсон юм. Тус төвийн Хүүхдийн эмнэлгийн Чанарын менежер Б.Надмидаас нярайн биеийн байдлыг тодруулахад “Одоогоор нярайн биеийн байдал сайн байгаа. Бид шаардлагатай бүх эмчилгээг хийсэн.
Ямар нэгэн эмгэг өвчин илрэхгүй бол нярайг хүүхдийн эмнэлэгт шилжүүлж, улмаар асрах газарт аваачих бодолтой байна. Нярайг ямар зорилгоор пункерт хаясныг мэдэхгүй. Гэхдээ нярай эхээс төрөөд гурав хонож байгаа нь тогтоогдсон” гэв.
Баттай эх сурвалжийн мэдээлснээр нярай хүү энэ сарын 27-нд Эх хүүхэд эрүүл мэндийн үндэсний төвд төрсөн байна. Одоогийн байдлаар нярайн эцэг, эхийг олоогүй байгаа аж. Харин нярайг санаатайгаар хогийн пункерт хаясан эхэд эрүүгийн хэрэг үүсгэн эрэн сурвалжилж байгаа гэнэ.
Түүнд Эрүүгийн хуулийн 117.1-т зааснаар төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн гэх үндэслэлээр хэрэг үүсгэжээ. Ямартай ч хүүхдээ хаясан эхэд хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц мөнгөн торгууль ноогдуулах, эсвэл 3-6 сар хүртэлх хугацаагаар ял оноох аж.
Харин мөрдөн байцаалтын явцад хүүхдээ хөнөөхийг завдсан нь тогтоогдох аваас “Бусдыг санаатайгаар хөнөөхийг завдсан” гэх зүйл ангиар шийтгүүлэх юм байна.
Эх сурвалж: