А.Гантамир: Д.Арвин, Д.Сумъяабазар, С.Баярцогт нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэхээр цэцэд хандана
2013/05/30
Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт дахин санал хураалт болж Д.Арвин, Д.Сумъяабазар нар сонгогдсон. Гэвч дахин санал хураалтыг хууль бус болсон хэмээн хэсэг залуус Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Тэдний нэг болох Монголын залуу хуульчдын “Хос дэнс” клубын тэргүүн А.Гантамиртай ярилцлаа.
-Баянзүрх дүүргийн дахин санал хураалтын үеэр “Хос дэнс” клубынхан ажиглалт хийсэн юм уу?
-УИХ-ын өнгөрсөн оны сонгуулиар Монголын залуу хуульчдын “Хос дэнс” клуб Шударга сонгууль хуульчдын хөдөлгөөнийг зохион байгуулсан. Ингэхдээ УИХ болон орон нутгийн сонгууль, удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд хууль зүйн үүднээс хяналт тавихыг зорьсон юм. Бид өнгөрсөн УИХ-ын сонгуулийг хянах үүднээс хуульчдаа тараан байршуулж сонгогчдын нэрсийн жагсаалттай холбоотой асуудал зэрэг олон зүйлийг хянасан. Үүний дараа Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн дахин санал хураалт болсон. Ерөнхийдөө УИХ-ын сонгуулийн тухай хууль нэлээд шинэчлэгдсэн ч хэд хэдэн дутагдалтай зүйл ажиглагдсан юм. Энэ нь юу вэ гэхээр гурван мандаттай тойрогт дахин санал хураалт болсон. Үүнээс нэр дэвшигч 28 хувиас дээш санал авах магадлал гурван мандаттай тойрогт ямар ч боломжгүй гэдэг нь харагдсан. Тиймээс бид хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзсэн юм. Баянзүрх дүүргийн дахин санал хураалтын үеэр хэд, хэдэн ноцтой алдаа гарсан. Нэгдүгээрт дахин санал хураалтын ирц 49.7 хувь байсан. Өөрөөр хэлбэл 50-иас дээш хувийн ирц хүрээгүй гэсэн үг. Энэ нь Үндсэн хуульд заасан “Иргэд бүх нийтээрээ сонгоно”, мөн сонгуулийн үндсэн зарчим болох ирц 50-иас дээш хувь байж, тухайн сонгууль хүчин төгөлдөр байна гэсэн заалтыг зөрчсөн. Энэ утгаараа Шударга сонгууль хуульчдын хөдөлгөөнийхөн болон миний бие Үндсэн хуулийн Цэцэд хандлаа. Гэвч Үндсэн хуулийн Цэц энэ асуудлыг хэлэлцээд “Үндсэн хууль зөрчөөгүй” гэсэн шийдвэрийг гаргасан. Бидний хувьд энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
-Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ч Цэц хэдийнэ шийдвэрээ гаргачихсан. Тэгэхээр та бүхэн цаашид юу хийх вэ?
-Тухайн үед Цэцийн шийдвэрийг сонсоод танхимаас гарч байхад сэтгүүлчид утасдсан. Тэд “УИХ-ын гишүүн Д.Арвин Цэцийн шийдвэрийн талаар Төрийн ордонд мэдээлэл хийж “Залуу хуульчид гээд байгаа залуус МАН-ын захиалгаар намайг унагахаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан” гэх мэдээллийг өгч байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ” гэж байв. Бид үүнд үнэхээр харамсаж байгаа. Хуульч мэргэжилтэй залуучууд нэгдээд ардчилсан нийгэмд эрх зүйт төрийг бий болгоход тодорхой хэмжээгээр гар бие оролцон хуулийн биелэлтэд хяналт тавья гэж бодсон юм. Гэтэл үүнийг аль нэг улс төрийн намын өнцөг болгон харагдуулах гэж “МАН-ын гар, хөл” хэмээн хэвлэлээр ярьсан. Иймэрхүү хардалт манай байгууллагад байнга ирдэг л дээ. Ардчилсан намыг муулахаар МАН-ынх болчихдог. МАН-ыг муулахаар Ардчилсан намынх болгочихдог нь нийгмийн төлөө зүтгэж яваа залуусын зоригийг мохоож байна. Бид Д.Арвин гишүүний өгсөн ярилцлага, бичлэгийг цуглуулж, залуу хуульчид болон “Хос дэнс” клубын нэр төрд халдсан хэмээн Иргэний шүүхэд өгөх гэж байгаа. Уг нь бид Д.Арвин гэдэг хүнтэй огт маргалдаагүй. Харин Сонгуулийн ерөнхий хороог Сонгуулийн тухай хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр л асуудалд хандсан юм.
-Шүүхэд хэзээ хандах вэ?
-Манай байгууллага шүүхэд хандахын тулд аль нэг намын гишүүнчлэлгүй гэдгээ нотлох хэрэгтэй болсон. Тиймээс Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намуудаас тодорхойлолт авахаар хүсэлтээ гаргаад байгаа. Одоогоор ганц, хоёр намаас тодорхойлолт авах дутуу байна. Бид ийм байдлаар нотлох баримтаа цуглууж байгаа. Харин Д.Арвин гишүүн биднийг МАН-ын захиалгаар ийм зүйл хийсэн гэдгийг хэрхэн нотлохыг хэлж мэдэхгүй юм. Түүнтэй холбоотой нэг асуудал бий. Д.Арвин гишүүн Сонгинохайрхан дүүргийн дахин санал хураалтын өмнө тус дүүрэгт очиж, мөнгө тараасан. Үүнийг бид мөн судалж байгаа.
-Дахин санал хураалтын үеэр өөр ямар зөрчлийг та бүхэн ажигласан бэ?
-Баянзүрх дүүргийн дахин санал хураалтаар сонгогчдын нэрсийн жагсаалтыг УИХ-ын сонгуулиас дахин санал хураалт болох өдөр хүртэлх шилжилт хөдөлгөөнийг хүчинтэйд тооцсон. Жишээ нь А.Гантамир гэдэг хүн Баянзүрх дүүрэгт амьдарч байгаад өөр дүүрэг рүү шилжвэл сонгогчийн нэрсийн жагсаалтаас хассан. Мөн талийгаач болсон хүмүүсийн нэрсийг хассан. Гэтэл энэ нь Сонгинохайрхан дүүрэгт эсрэгээрээ үйлчилсэн юм. Шилжилт хөдөлгөөнийг хүчинтэйд тооцоогүй. Жишээ нь нас барсан 1000 гаруй иргэд байсныг санал авах эрхтэйгээр тооцсон. Яг адилхан санал хураалт өөр болоод байхад хоёуланг нь хүчинтэйд тооцож, яагаад УИХ-ын гишүүн болгоод байгаа юм бэ. Хэрэв Баянзүрх дүүргийн дахин санал хураалт хүчинтэй юм бол Сонгинохайрханаас сонгогдсон гишүүнээ тат гэж бид шаардаж байгаа юм. Сонгинохайрхан нь хүчинтэй бол Баянзүрхээс сонгогдсон гишүүнээ эргүүлэн татах хэрэгтэй. Иймээс Сонгинохайрхан дүүргийн энэ асуудлаар Цэцэд хандсан. Үндсэн хуулийн Цэцээс “Энэ асуудлыг Цэц шийдэх шаардлагагүй. Шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой” гэж үзсэн. Уг асуудлаар Цэцэд хандах үеэр албан тушаалтнуудаас дарамт шахалт их ирсэн. Биднийг өргөдлөө эргүүлэн тат гэх мэт. Ийм дарамт шахалтыг цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэж байгаа. Хэрэв дарамт шахалт улам их ирвэл утасных нь дугаарыг олон нийтэд ил болгоно.
-Дарамтлаад байгаа хүмүүс дунд улс төрийн албан тушаалтан бий юу?
-Улс төрийн өндөр албан тушаалтан байхгүй. Харин аль нэг намын гишүүнчлэлтэй, тодорхой хэмжээний албан тушаалтнууд бий. Танил хүмүүсээр дамжуулан бидэнтэй уулзах санал тавьж байгаа. Хуулийг биелүүлэх нь бидний зорилго. Тиймээс тэдний саналд бид “Залуу хүмүүс нэг зүйлийн төлөө тууштай зүтгэж байхад дарах, дарамтлах гэж оролдож байгаад үнэхээр харамсаж байна” гэж хариулдаг. Түүнчлэн бид УИХ-ын гишүүн С.Баярцогтын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандахаар баримт материал цуглуулж байна. Түүний гадаад данс илэрсэн асуудалд хариуцлага хүлээлгэсэн юм шиг харагдаж байгаа. УИХ-ын дэд дарга гадаадад нууц данстай байсан нь илрэх юм бол дэд даргаас нь огцруулдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн нууц данстай байвал ямар хариуцлага хүлээлгэх нь ойлгомжгүй байгаа юм. Тухайн хүн УИХ-ын гишүүн учраас хөрөнгө орлогын мэдүүлгээ өгч байгаа болохоос биш дэд дарга, байнгын хорооны дарга гэдэг утгаараа биш шүү дээ. Бид холбогдох байгууллагуудаас УИХ-ын гишүүд нууц данстай байвал ямар хариуцлага хүлүүлгэх талаар лавлаж байгаа. Ямартай ч бид УИХ-ын гишүүн Д.Арвин, Д.Сумъяабазар, С.Баярцогт нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандана.
Ж.Баттуул
louis vuitton purses , Louis Vuitton Handbag Replica,Cheap LV Bags For Sale, Louis Vuitton Bags 2014, Louis Vuitton 2014 Bags For SaleLV Fall/Winter 2014 Bags Online · 2014/05/22
In his short life, the 2-year-old Pennsylvania boy who died days after he served as best man at his parents wedding touched the hearts of many people.[url=http://www.qcmx.org/louis-vuitton-purses/]louis vuitton purses , Louis Vuitton Handbag Replica,Cheap LV Bags For Sale, Louis Vuitton Bags 2014, Louis Vuitton 2014 Bags For SaleLV Fall/Winter 2014 Bags Online[/url]