Монголын хамгийн баян эрхэм Ж.Оджаргалын хэрхэн тэрбумтан болсон тухай түүхийг хүмүүс үргэлж сонирхож байдаг. Харин “MCS”-ийн Ж.Оджаргал азанд итгэдэг нэгэн.

Тэрбээр өөрийн авьяас чадвар, сэргэлэн ухаан, хийж бүтээсэн бүхнээ “Аз” гэсэн зүйлтэй холбон тайлбарладаг. Ж.Оджаргал нь айлын таван хүүхдийн дундах нь. Түүний  эцэг, эх нь хоёулаа эмч хүмүүс байсан боловч нэлээд эрт өвчний улмаас хорвоог орхижээ. Тиймээс Ж.Оджаргал ах, дүү нарынхаа  хамт эмээгийнхээ гар дээр өсч том болцгоосон аж.

Одоо Ж.Оджаргал нь эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Түүний эхнэр Д.Батмөнх нь “Орчлон” сургуулийн захирал. Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад том компаниудыг эзэд нь үр хүүхэддээ өвлүүлэн залгамжлуулах нь элбэг байдаг. Гэхдээ заримдаа бизнесийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөх нь бий гэж үздэг байна.

 Харин сүүлийн үед өндөр хөгжилтэй орнуудад нэвтэрч эхлээд байгаа “Management Buy-Out” хэмээх компанийн хөгжлийн шинэ хандлагыг “MCS” групп нэвтрүүлж эхлээд байгаа аж.  Энэ нь амжилттай яваа охин компаниудаа олон жил удирдсан менежментийн баг нь хөнгөлөлттэй нөхцлөөр худалдан авч тусдаа гарах үйл явц юм.

Өөрөөр хэлбэл Ж.Оджаргал охин компаниудаа үр хүүхэддээ өвлүүлэх биш, ах дүүстээ биш, менежерүүддээ өгч эхэлжээ.
 

Өнгөрсөн таван жилийн хугацаанд хорин жилийн түүхтэй  “MCS” группээс “Интерпресс”, “Медимпекс”, “Анун”, “Грандхаан Айриш Паб” компаниуд бие даан гарсан байна. Хамгийн сүүлд “М-Си-Эс Электроникс” компанийг олон жил удирдсан менежментийн баг нь авч бие даахаар болжээ.

   Ингэж охин компаниудаа тусдаа гаргах хандлага Азийн орнуудад ихээхэн түгээмэл болж байгаа бол Монголын хамгийн баян бизнесмэн гэгддэг Ж.Оджаргал  мөн л анхдагч болж Монголд анх удаагаа бизнесийн шинэ хандлагыг нэвтрүүлж байна.

Я.Соёлоо