Н.Энхбаярын шоронгоос бичсэн мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна
2013/02/04
ШШГЕГ-ын харьяа хорих 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж буй МАХН-ын дарга Н.Энхбаяр ард түмэндээ цагаан сарын мэндчилгээ дэвшүүлжээ. Уг мэндчилгээг бүрэн эхээр нь хүргэж байна.
“МАХН, Түүний мянга мянган гишүүд, дэмжигчдийн нэрийн өмнөөс “Тийн ялагч” хэмээх усан могой жилийн сар шинийн мэндийг дэвшүүлж, шинэ ондоо эрүүл энх байх, сайн санасан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.
МАХН нийгэмд шударга ёс, ардчилалыг сэргээн тогтоох, баян ба хоосны ялгааг арилгах, хээл хахуулийг арилган устгах, нийт ард түмнийхээ амьдралыг жигд өөд нь татаж чинээлэг дундаж давхаргыг бий болгох, үнэгүй чанартай боловсрол ба үнэгүй, чанартай эмнэлгийн тогтолцоог буй болгох, өрх бүхийг орон сууцны байртай болгох, ажиллах чадвартай хүн бүрийг ажлын байраар хангах, хараат бус хууль, шүүхийн тогтолцоог байгуулах, аливаа хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох, шударга сонгууль явуулдаг болох, улмаар Монгол хүн Монгол улсдаа жинхэнэ эзэн нь болох эрхэм зорилгын төлөө тууштай тэмцэж байгаа билээ.
Бидний тэмцэл амаргүй байгаа ч бид өөрсдийнхөө төлөө биш, харин монголын нийт ард түмний сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ зүтгэж байгаа тул сэтгэл санаагаар унах, гутрах, айж эмээх, мохох эрх байхгүй гэдгээ сайтар ухамсарлаж, дэвшүүлсэн зорилгодоо хүрэхийн төлөө аливаа саад бэрхшээлийг гэтлэн давж, эв нэгдлээ бэхжүүлж, өнгө мөнгөнд хууртан урваж шарвах явдлыг үл тэвчин тэмцлээ үргэлжлүүлэх ёстой гэдгээ хэнээр ч хэлүүлэлтгүй сайн мэдэж, ойлгож байгаа билээ.
Энэ эрхэм үйлсийг бид өөрсдийн гараар, зүрх сэтгэл, эрдэм боловсрол, эр зоригоор бүтээхгүй бол хэн бүтээх вэ? Одоо бүтээхгүй бол хэзээ бүтээх вэ? гэдгийг бид өөрсдөөсөө байнга асууж, тэмцлийнхээ эрч хүчийг сэлбэж байдаг юм.
Бид тэмцлээ хэрхэн тууштай явуулж байна гэдгээс шалтгаалан шударга ёс, ардчилалыг сэргээн тогтоох, шударга сонгууль явуулдаг болохын төлөө тэмцэх улс төрийн хүчин, энэхүү ариун тэмцлийг дэмжих хувь хүмүүсийн тоо улам ихээр өсөн нэмэгдэнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Эцсийн эцэст шударга ёс, ардчилалыг сэргээн тогтоох, баян ба хоосны ялгааг арилгах, байгалийн баялгийг нийт ард түмэндээ дундын өмч болгон эзэмшүүлэх, хээл хахуулийг арилган устгах, нийт ард түмнийхээ амтдралыг жигд өөд нь татаж чинээлэг дундаж давхаргыг бий болгох, үнэгүй, чанартай боловсрол ба үнэгүй, чанартай эмнэлгийн тогтолцоог буй болгох, өрх бүрийг орон сууцтай байртай болгох, ажиллах чадвартай хүн бүрийг ажлын байраар хангах, хараат бус хууль, шүүхийн тогтолцоог байгуулах, аливаа хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох, шударга сонгууль явуулдаг болох, улмаар Монгол хүн Монгол Улсдаа жинхэнэ эзэн нь болох гэдэг нь цөөн хүний хүсэл сонирхол биш, харин нийт ард түмний маань хүсэл, нэг ёсны захиалга мөн билээ. Тэр утгаараа энэ бол зөвхөн МАХН-ын биш, нийт ард түмний маань тэмцэл мөн.
Гарч байгаа “Тийн ялагч” хэмээх усан могой жил та бид дэвшүүлсэн эрхэм зорилгодоо хүрэхэд улам ойртох жил болох болтугай хэмээн ерөөж байна. Эрхэм хүндэт
Та сар шинэдээ сайхан шинэлээрэй.
МАХН-ын дарга Н.Энхбаяр” гэжээ.