- ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧДЫН ЭМНЭЛГИЙГ ЗАСВАРЛАХАД20 ГАРУЙ ТЭРБУМ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ-

 

Хотын төвийн “А” зэрэглэлийн бүсэд Монгол улсын Хууль зүй дотоод хэргийн яамны харъяа Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг байрладаг. 1933 онд тус эмнэлэг шинэхэн барилгад орж байсан түүхтэй. Хоёр жилийн өмнө эмнэлгийн барилга хуучирсан учир нурааж, оронд нь хоёр өндөр барилга барьсан. Тухайн үед Х.Тэмүүжин Хууль зүйн сайд болж байв. Хууль, зүйн шинэчлэл хийж байгаа гэх үгээр далайлгаж, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг оффисын зориулалтаар ашиглах, шийдвэр гаргаж, олны дургүйцлийг хүргэж байсан. Гаргасан шийд вэрийг нь эсэргүүцсэн эмч нар хөхөө өвлийн хүйтэнд хэдэн сарын турш эмчийн халаадтайгаа эсэргүүцлийн уриа лоозон барьж, жагссан ч тусыг олоогүй. 2012 онд татан буулгасан эмнэлгийн шинэ барилгад улсын төсвөөс 10.6 тэрбум төгрөг төсөвлөж, өнгөрсөн оны тавдугаар сард ашиглалтад оруулах ёстой байв. Гэтэл Х.Тэмүүжингийн бодлогогүй шийдвэрээс болж, тус барилгын дотоод засварын ажил гурван жилийн турш үргэлжилж, гурван ч удаа өөрчилсөн. Тодруулбал, эмнэлгийн зориулалтаар барьж байсан байр ны зохион байгуулалтыг оффис болгон өөрчилж, удалгүй дахин өөрчилсөн гээд эргэж буцсан шийдвэрийнх нь гайгаар энэ байр эцэстээ ямар зориулалтын барилга гэдэг нь ойлгомжгүй болж ирсэн юм. Учир нь, “Шийдлийн” Засгийн газар байгуулж, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг зориу-лалтаар нь ажиллуулах хэрэгтэй гэх асуудлыг гаргаж ирсэн. Тэгвэл хоёр хоногийн өмнө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Төрийн өмчийн хорооны дарга Д.Нанзаддорж, Улсын нэгдүгээр эмнэлгийн дарга Б.Бямбадорж нартай уулзаж, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг зориулалтаар нь ашиглах үүрэг өгсөн. Тус барилгыг буцаан эмнэлгийн зориулалтаар засч тохижуулахад 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгаа гэнэ. Зургаан сарын дараа ашиглалтад оруулах барилгын ажилд улсын төсвөөс нэг ч төгрөг гаргахгүй гэдгийг албаныхан онцолж байв. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн “Нэг эмнэлэг, хоёр жигүүр” төслийн хүрээнд тус барилгыг ажиллах гэнэ. Энэ талаар Эрүүл Мэнд, Спортын сайд Г.Шийлэгдамбаас тодрууллаа.

 

-Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг нэгдсэн эмнэлэг болгох шийдвэр гаргасан гэж байна. Хэдэн ортой, ямар хүчин чадалтай эмнэлэг бий болох вэ?

 

-Эмнэлгийн барилгыг Хууль зүйн яамны харьяанд шилжүүлж, конторын зориулалтаар ашиглах шийдвэр гаргасан байсан. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар эмнэлгийн барилгыг Эрүүл Мэнд, Спортын яамны харьяанд шилжүүлж, Нэгдсэн эмнэлгийн зориулалттай, 260-аас доошгүй ортой эмнэлэг болгох шийдвэр гаргалаа. Барилгыг менежментийн гэрээгээр орчин үеийн стандартад нийцсэн нэгдсэн эмнэлэг болгох юм. Эмнэлэг дотроо хүүхэд, мэс засал, эмэгтэйчүүд, төрөх гэх мэт төрөлжсөн бүх тасгийг нэг дор төвлөрүүлнэ. Мөн төрийн тусгай албан хаагчдад эмчилгээ үйлчилгээ давхар үзүүлнэ.

 

-Барилгын зориулалтыг өөрчлөхөд хэдэн төгрөг шаардлагатай вэ?

 

-Нэгдсэн эмнэлэг болгоход 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай.

 

-Ашиглалтад хэзээ оруулах вэ. Анхнаасаа эмнэлгийн зориулалтаар барьсан барилгыг өөрчлөхөд яагаад ийм өртөг өндөртэй байгаа вэ?

 

-Бид тооцоо хийж 20 гаруй тэрбум төгрөгийн зардал гарахыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Энэ мөнгө нь стандартын дагуу эмнэлэг болгох барилгын засвараас гадна тоног төхөөрөмж гээд бусад бүх зардалд шаардлагатай. Энэ оны наймдугаар сар гэхэд эхний ээлжийг нь ашиглалтад өгөх төлөвлөгөө гаргасан.

 

        Манай улсын эдийн засаг хүндхэн байгаа учир тус барилгын ажилд дахин мөнгө төсөвлөж өгөх ямар ч боломжгүйг Ерөнхий сайд хэлсэн. Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн балгаар нэг хийх ажлыг гурав хийж байна. Төсвийн мөнгийг дэмий зүйлд захиран зарцуулсан түүнд Засгийн газар хариуцлага тооцох л хэрэгтэй. Зарим гишүүний хэлж буйгаар Х.Тэмүүжинд хариуцлага тооцож, сайдынх нь албан тушаалаас нь түдгэлзүүлсэн гэж байгаа. Ард түмэн цаг наргүй ажиллаж, хөлс хүчээ дуслуулан байж хуримтлуулсан татварын мөнгийг дэмий зүйлд зарцуулсан хүнд ийм хариуцлага тооцож байгаа нь дэндүү харамсалтай. Төсвийн мөнгийг хэрэггүй зүйлд хэрхэн зарлагдсан талаарх зарим мэдээллийг тоймлон хүргэе.

 

        Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт Монголдоо хамгийн өндөр хүчин чадалтай оношилгооны “MRI”, “СТI” аппаратыг барилгын хананд суурилуулсан байдаг. Тус аппарат 3.2 тэрбум төгрөгийн үнэтэй. Барилгын зориулалтыг өөрчлөхдөө Монголдоо ганц уг аппаратыг зөөх гэж оролдсоноос хөргөгч систем нь дэлбэрсэн. Түүнийг бүрэн засварлахад 300 сая төгрөг шаардлагатай байсан билээ. Үнэндээ аппаратыг засуулах мөнгийг Х.Тэмүүжин гаргах л ёстой. Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард тус эмнэлгийн гараашийг нууц шорон болгосон нь олон нийтэд ил болж, нийгэмд дуулиан тарьсан. Тэрбээр шорон болгохдоо 1.2 тэрбум төгрөгийг “салхинд” хийсгээд хаячихсан. Мэдээж үүнийг Х.Тэмүүжин өөрийн хөрөнгөөр бус төсвийн мөнгөөр бариулсан нь тодорхой. Нөгөө талаар Засгийн газар Х.Тэмүүжинд нууц шорон байгуул гэж үүрэг өгөөгүй нь лавтай. Тэгэхээр энэ хэргийг хуулийн байгууллагууд шалгаж, нягтлах хэрэгтэй. Эмнэлэг байсан байрыг оффисын зориулалтаар ашиглана гээд сэмхэн шорон болгосон хүн нь Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин.

 

        Иймээс эргэн эмнэлгийн байр болгох мөнгийг Х.Тэмүүжингээс авах нь зөв гэсэн яриа ард иргэдийн дунд тархаад байна. Авах ч хэрэгтэй. Бага насны хүүхдүүд эвлүүлдэг тоглоомоор байшин барьж тоглодог. Тэд барьсан байшингаасаа уйдаад ирэхээрээ нураагаад ахиад л хэлбэр дүрсийг нь өөрчлөн барьж эхэлдэг. Яг л үүний нэг жишээ бол Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг болон хувирч байгааг иргэд шүүмжилдэг. Цаашид эмнэлгийн барилгыг зориулалтын дагуу өрж буулгалгүй үлдээгээсэй гэх хүн олон.

 

С.Ичинхорлоо