“Валидол-2” даваа гарагаас эхлэн цэнхэр дэлгэцнээ
2015/03/04
“Валидол-1” инээдмийн ноорог олон ангит теле зохиомжийн ээлжит цуврал болох “Валидол-2” тун удахгүй цэнхэр дэлгэцнээ үзэгч танд хүрэх гэж байна.
“Seven” телевизийн бүтээл уг кино энэ удаад “Түрээсийн байр” нэртэйгээр гуравдугаар сарын 9-өөс эхлэн гарах юм. Та бүхэн тус киног даваа-пүрэв гарагуудад 21.10 цагаас зөвхөн “Seven” телевизээр хүлээн авч үзэх боломжтой.
“Валидол-1” нь инээдмийн ноорог олон ангит теле зохиомжууд байсан бол энэ удаад “Түрээсийн байр” нэртэйгээр бүрэн хэмжээний уран сайхны инээдмийн олон ангит кино болон үзэгчдэд хүрч байна.
Уг кинонд залуусын амьдралын хөгжилтэй үйл явдлууд өгүүлэгдэх юм. Кино ''Хажуу өрөө хамтарч түрээслэнэ'' гэх зарын дагуу цугласан 6 залуус нэг байранд амьдарч буйгаар эхлэх ба тэдний дунд баян хотын залуус, хөдөөний гэнэн цайлган охин, тэнэгдүү спортын хорхойтон гээд өөр өөр зан араншин, сонирхолтой хүмүүс байна.
Ингээд залуусын нөхөрлөлийн өдөр тутмын үйл явдлууд ажил, амьдрал, байр, сургуулийн орчинд хэрхэн үргэлжилж буйгаар үйл явдал өрнөх юм.
Мөн кинонд баян бизнесмений даруухан хүү хөдөөнөөс ирсэн нэгэн охинд дурласнаар үйл явдлыг улам сонирхолтой болгох бөгөөд тэдний дунд хүүхэмсэг залуу, эд мөнгөний шуналтай сээтэгнүүр хүүхэн орж хайр дурлалын романс үүсгэснээр адал явдал үргэлжилнэ.
Сургуулийн томоогүй нас, хайр дурлал, хүсэл мөрөөдөл, шоу цэнгээн, өрсөлдөөн, секс гэх мэт олон сэдвийн хөгжилтэй үйл явдлуудыг зөвхөн энэхүү киноноос хүлээн авч үзээрэй.
Энэхүү “Валидол” хэмээх бүлэг бүр 16 ангитайгаар бүтэн жилийн турш үргэлжлэх олон ангит цуврал кино нь Монголын анхны инээдмийн скеч төрөл юм.