Дуучин Должи: Гэгээлэг бүхнийг уран бүтээлдээ шингээх болно
2015/03/06
Багаасаа урлагт хөл тавихыг хүсч мөрөөдсөөр тэрхүү хүслээ биелүүлж уран бүтээлээ туурвиж яваа залуу дуучин Должи буюу С.Должинтой цөөн хором хөөрөлдлөө.
-Уран бүтээлийнхээ сонин сайхнаас хуваалцвал?
-Миний хамгийн анх гаргаж байсан уран бүтээл бол "Энэ хит мөн үү" реалити шоунд оролцох үеэрээ дуулсан жазз, блюз дуу. Харин хоёр дахь уран бүтээл гэвэл "Саагин" дууг гаргасан. Дараа нь "Жаргал хүсье" нэртэй поп дуугаа өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дүрсжүүлсэн.
-Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан нийт бүсгүйчүүддээ зориулан бүтээсэн уран бүтээлийнхээ талаар?
-"Энгэрийн цэцэг" гээд уран бүтээлээ ээжтэйгээ хамтран дууллаа. Манай ээж Эрдэнэт хотын Соёлын ордонд ажилладаг. МУСТА дуучин С.Ариун-Эрдэнэ гэж хүн бий.
-Урлагт хөл тавих болсон шалтгаан?
-Манай гэр бүлд урлагийн хүмүүс их бий. Миний ээж, эмээ хоёр маань дуучин хүмүүс. Өвөө маань Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгад ажиллаж байсан. Намайг урлагт хөл тавихад гэрийнхэн маань их нөлөөлсөн. Хүсэл зорилго тэмүүлэлдээ хөтлөгдөж дуучин болсон л доо.
-Цаашдаа уран бүтээлээ туурвих аяс нь ямар байх уу?
-Нэг хэлбэрт баригдахыг хүсэхгүй байгаа залуу хүн учраас өөртөө таалагдсан бүтээлээ туурвихыг хичээж явна. Цаашдаа бол цэвэр жазз хэлбэрээр дуугаа дуулахыг мөрөөдөж байна. Аль стиль, жанраар дуулвал зүгээр үү гэдгээ эрэл хайж өөрөө өөрийгөө олох гээд л явна.
-Багаасаа урлагийн хүн болно гэж мөрөөддөг байсан болохоор сургуулийнхаа урлагийн үзлэгт идэвхитэй оролцоно биз?
-Сургуулийн урлагийн үзлэгтээ орохоор "должигийн тайлан" тоглолт болчихдог. Ангиа төлөөлж ороод хөгжимдөнө, дуулна, гитар тоглочихдог байсан л даа. /инээв/
-СУИС-ийг төгссөн үү?
-СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид нэг жил сурсан. МУГЖ Ичинхорлоо багшийнхаа шавиар нэг жил сурчихаад түр чөлөө авсан байгаа. Гэхдээ бас сургуулиасаа чөлөө авсандаа харамсахгүй, эмзэглэхгүй байна. Энэ хоёр жилийн дотор өөрийнхөө хүссэн зорилгодоо хүрэхийн тулд өөдөө мазаад л яваа.
-Уран бүтээлээсээ гадна амьдралынхаа томоохон зорилгоосоо хуваалцвал?
-Би өнгөрсөн оны зун нягтлан нярав мэргэжлээр бакалавр чиглэлээр суралцаж төгссөн. Бас өөр нэгэн мэргэжил гэвэл үсчин.
-Тэгвэл таныг өөрийнхөө үсний стилийг тодорхойлчихдог гэж хэлж болох нь ээ?
-Болно. Өөрийнхөө тухайн өдрийн хувцаслалтанд зориулаад үс засалтаа хийдэг.
-Дуучин болгонд цомгийн ажил байдаг. Таны ойрын төлөвлөгөөнд байгаа юу?
-Мэдээж хэрэг цомог гаргана. Гэхдээ их яарахгүй байна. Хамгийн гол нь гэгээлэг бүхнийг л дуулахыг хүсч байна. “Жаргал хүсье” дууны маань утга нь эмэгтэй хүн өөрийн хайртай хүнээ жаргалтай байлгахыг хүсвэл үнэхээр явах ёстой бол явуулах л хэрэгтэй. Чи жаргалтай байвал бусад нь хамаагүй ээ. Гэхдээ би дуулахдаа “чиний төлөө хийсэн хамгийн том сонголт” гэж дуулсан. Энэ дууны хагацал харууслын нэг дуу болсон ч гэлээ үүнээс хойш бол сайн сайхан бүхнийг дуулна. Хэзээ ч гуниг гутрал, хагацал харуусал дуулахгүй байхыг хичээж байна.
-Та хайртайгаа учирсан уу?
-Учирсан. Хайртай хүнтэйгээ учраад энэ дуугаа бүтээсэн. Миний хувьд их үнэ цэнэтэй дуу. Одоо найз залуу байхгүй. Ямартай ч одоо урлагийнхаа оргилд нь хүртэл явахыг тэмүүлж байгаа учраас гэр бүлийн асуудлыг хойш тавьсан.
-Жазз стилийн бүтээлээ хэзээнээс сонсогчдийн хүртээл болгох вэ?
-Зунаас олны хүртээл болгоно. Одоохондоо судалгааны ажлаа хийж дуусаагүй байна. Монголд цэвэр жазз дуулсан хүн байхгүй байгаа болохоор өөрийнхөөрөө дуулахыг хүсч явна. Шинийг эрэлхийлж байна.
-Та хэр тэмцэгч хүн бэ?
-Их шулуун шударга зантай. Миний найзууд ч гэсэн хэлэх байх. Би чинь хэрэлдвэл хэрэлдчихнэ, муудалцвал муудчихна. Болохгүй бол зодолчихно.
-Тэгвэл эршүүд талтай юм аа даа?
-Багын л эршүүд талдаа охин байсан. Ер нь эмэгтэй найз их ховор. Гарын таван хуруунд багтах үгүйдээ л байдаг. Бусад нь бүгд эрэгтэй найзууд. Бүгд намайг дэмждэг. Энэ дашрамд найзууддаа баярлаж явдаг шүү гээд хэлчихье.
-Уран бүтээлд нь амжилт хүсье.
Ингээд уншигч та бүхэндээ дуучин Должигийн шинэ уран бүтээл "Энгэрийн цэцэг" дууны клипийг хүргэж байна. Бүх сайхан бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг дэвшүүлье.