Манай улсын авто зам сэхээ авахгүй нь. Өвлийн гурван сарыг өнгөрөөгөөд л үлдсэн есөн сарын турш хуулдаг, хучдаг, цутгадаг эцэст нь цөмөрдөг, хонхойдог дараалал үргэлжилнэ.

Хэдэн тэрбум, хичнээн хугацаа зарцуулсан ч дэвшиж, дээшилдэггүй манайх шиг зам гэж хорвоо дээр ховорхон.

Өнгөрсөн оны сүүлчээр гэхэд л манай улсын авто замын чанар, стандарт бөмбөрцөг дээрх бүх улсын бөгсөнд нь бичигдэж, шившгээ тарьсан.

Тодруулбал, дайн самууны хөлд авто зам нь сүйдсэн эсвэл ядуу буурай Африкийн зарим нэг орнуудын замтай харьцуулбал жил бүр засдаг манай улсын зам яг адилхан гэсэн судалгаа гарсан. Өөрөөр хэлбэл, манай улсын авто замын чанар дэлхийн 148 орны сүүлийн аравт бичигдсэн бол зам дээрээ бөмбөг тэсэлж, “танк таксинд явдаг” Ирак улс манай улсаас нэг шат дээр бичигдсэн билээ.

Энэ нь жил бүр тэрбум, тэрбумаар засдаг замын үнэн царайг өчиггүй харуулсан явдал болсон. Гэсэн ч зам барилга, засвар шинэчлэлтийн ажил өмнөх жилүүд шигээ л үргэлжилж байна. Гарцаагүй үнэн энэ байна.

Гэтэл манай улс нийтдээ 49250 мянган км замтайгаас олон улсын чанартай зам нь 11 мянга гаруйхан, орон нутгийн чанартай зам нь 38032 километрийг тус тус эзэлж байна. Тиймээс адаглаад аймаг, хотын төвүүдийн замыг хатуу хучилттай болгох шаардлагатай.

Улаанбаатар хотын хүн амын тоо гэхэд л долоон орныг давж, дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн том хот болсон. Гэвч энхэл, догол зам нь их хот гэх нэртэй даанч зохицохгүй байна. Хотын удирдлага, авто замын газар зэрэг байгууллагууд зам дээр тулгарч байгаа түмэн бэрхшээлийг мэддэг ч шийдвэртэй гарцыг илэрхийлж олоогүйн улмаас энэ байдал өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа.

Өөрөөр хэлбэл, зам засварын ажилд тендер зарладаг ч шалгарах компаниуд нь тодорхой байдаг жишиг халаагаа өгөхгүй байна. Албаны тооцоогоор бол Монголд 300 гаруй зам засварын компани бүртгэлтэй байдаг гэнэ. Харин үүнээс 50 хүрэхтэй үгүйтэй нь улсын замыг улиг болтол нь засдаг аж.

Гурван жилийн өмнө л гэхэд нийслэлийн замыг сайжруулахын тулд нийт замын 80 хувьд нь их засвар, шинэчлэлт хийх, гүүрэн гарц барих, хоёр түвшингийн уулзварууд барих, шинээр зам барьж сүлжээг өргөтгөх зорилт тавьж ажиллах талаар албаны хүмүүс ярьж байсан. Энэ нь биеллээ олж өнөөдөр Улаанбаатар хотын авто зам бүхэлдээ шинэчлэгдэж байна. Гэсэн ч үр дүн өгөхгүй байгаа нь өнөөх гүйцэтгэл явуулж буй компаниудтай салшгүй холбоотой. Хаанаа ямар бүтээн байгуулалт хийсэн нь тодорхойгүй, тодорхой нэг нь шаардлага хангахгүй байхад зам засварын ажилд тэнцсээр, тэтгүүлсээр байдаг нь олон маапаан бий гэх харыг дагуулдаг.

Тэдгээр маапааны дийлэнх хувийг зүй ёсоор хүртэх ёстой компани нь өнөөх л “Хотын зам” компани. Хариуцлагагүй гэхэд дэндүү хариуцлагагүй тус компани нурсан нүхэн гарцын дээрх замыг бороо орж байхад засаж л байна билээ. Тэгэхээр өнөөх “Нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг” болов.

Сансрын нүхэн гарцыг хугацаа алдуулж, дүн өвлийн хүйтэнд хүлээлгэж өгсөн “Хотын зам” компанийнхан усан борооноор ч гэсэн тус замтайгаа зууралдаж л байх юм. Үүнээс харахад тэдний хариуцаж авсан Гадна тойруугийн хойд хэсгийн замын IV хэсэг, Дарь-Эх авто замаас Ганц худаг, Цайз, Цагаан даваа чиглэлийн 1.1 км авто замын засвар үр дүн олохгүй л болов уу.

Засах нэрийдлээр замыг хааж, боож иргэдэд асар их ачаалал үүрүүлдэг шигээ эргээд чанартай зам барихгүй байгаа нь тэдэнд дараагийн тендерийн босго хэтэрхий өндөр байгааг сануулж буй. Гэсэн ч тэд олон удаагийн чанаргүй зам тавьсан хариуцлагаа өдийг хүртэл үүрч байсангүй.

Олны мэдэхээр тус компани Маршалын гүүрний ажлын тендерийг аваад байсан ч тэрхүү хугацаанаас хойш хоёр жил зам засварын ажлаа эхлүүлээгүй байдаг. Мөн тэд эхний ажлаа дуусгаагүй байж дараагийн ажлаа хүлээж авсан нь олны хүний амыг ангайлгасан юм.

Тодруулбал, Маршалын гүүрийн ажил дуусаагүй байхад Багшийн дээдийн нүхэн гарцын ажлын тендерт ялж, сэтгэл нь хоёрдсон. Улмаар нүхэн гарц нь хоёрхон сарын дотор цэгцэрч ашиглалтад оров. Гэсэн ч тун удалгүй хоёр ч удаа суулт өгч, нүхэн гарцын ажлын үр дүн муу гэх үнэлгээг авсан. Тухайн үед Ерөнхий сайд асан С.Баяр нүхэн гарцын ажилтай танилцаж байх үедээ зураг төслөөсөө зөрж байгаа тухай ярьж байв.

Түүнчлэн мөн л “Яагаад өмнөх ажлаа дуусгаагүй байгаа компанид энэ ажлыг өгчихсөн юм бэ” хэмээн гайхах, эмээх хоёрын хооронд өгүүлж байв. Гэвч “Хотын зам” компанийнхан дэндүү бардмаар түүний үгийг үл тоомсорлож байв. Энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа бичиж байсан ч өнөөдрийг хүртэл үр дүн олоогүй л байна. Тиймээс “Хотын зам” компанийн ард айхавтар том хүн байдаг нь ойлгомжтой.

Тэд 562 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай Багшийн дээдийн автобусны буудлын дэргэдэх нүхэн гарцыг, түүнээс хоёр дахин их буюу 1.3 тэрбум төгрөгийн төсөвтэй Сансрын нүхэн гарцын ажлыг оромцог болгосон хариуцлагаа хэзээ хүлээх вэ. Аль 1995 онд ашиглалтад орсон “Хүнсний 20”-ын нүхэн гарц борооны усаар битүү дүүрсэн ч урсаж алга болоогүй байхад ганцхан борооноор цөмөрдөг нүхэн гарцыг ашиглалтад өгсөн тус компанийг тендерт тэнцүүлсээр л байх уу.

Цаашид Улаанбаатар доторх авто зам, хөдөө орон нутгийн авто замын асар их хөрөнгө мөнгө шаардсан ажлууд эхэлнэ. Үүнийг хотын удирдлагууд болон авто зам тавих компаниуд аль эртнээс отож буй.

Тодруулбал, уул уурхай дээр түшиглэсэн манай улс хот хоорондын замын ажилд ихээхэн мөнгө зарах төлөвтэй талаар албаны хүн дурдсан байдаг. Тиймээс тэрхүү тендерийг давж, сая сая төгрөгийн ашгаа бодож байгаа компаниуд нүхээ малтаж, аар шаархан замын ажил гүйцэтгээд туршлагатай гэх нэрийг зүүж байна. Гэтэл жил хүрэхгүй хугацаанд чанараа таниулдаг компаниудыг “Хотын зам”-аас эхлээд хуруу даран тоолж болно. Тиймээс иргэдэд луйварчин, эрх мэдэлтнүүдэд мөнгө олох хэрэгсэл мэт харагддаг тэдгээр компаниудыг тендерээс шахаж эхэлье.

А.Чилүгэн