Үндэсний статистикийн хорооноос улсынхаа эдийн засгийн байдалд судалгаа хийдэг. Тэгвэл иргэдийн дундаж цалин энэ оны хоёрдугаар сарын байдлаар 844 мянган төгрөг байна хэмээн тайландаа тусгажээ. 

Иргэд үнэхээр ийм тооны цалин авдаг болов уу? Судалгаанд 2014 оны 1 дүгээр улирлаас эхлэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллийн санд тулгуурлан нийгмийн даатгалын шимтгэл төлж буй бүх аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулан гаргаж байна. Ингэснээр ажиллагчдын сарын дундаж цалинг аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны 2 бүлгээр тооцож байсныг 5 бүлгээр илүү дэлгэрэнгүй гаргах боломж бүрдсэн ажээ. 

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2014 оны 4 дүгээр улиралд нийт 34.9 мянган аж ахуйн нэгж, байгууллага хамрагдсан байна. Эдгээр байгууллагын ажиллагчдын сарын дундаж цалин 844.0 мянган төгрөг, үүнээс эмэгтэйчүүдийнх 782.8 мянган төгрөг, эрэгтэйчүүдийнх 905.1 мянган төгрөгийн цалин авдаг гэнэ. 

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 1479.2 мянган төгрөг юм байна. Харин  хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагааны салбарынх хамгийн бага буюу 476.6 мянган төгрөгийн цалин өгдөг. 

Ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 560.7 мянга, 10- 49 ажиллагчтайнх 718.9 мянган төгрөг, 50- 99 ажиллагчтайнх 828.3 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 858.9 мянган төгрөг авдаг гэсэн судалгаа гарчээ. Харин 200 түүнээс дээш ажиллагчтайнх 1126.0 мянган төгрөг аж. Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2014 оны 4 дүгээр улирлын байдлаар менежерийн сарын дундаж цалин хамгийн өндөр буюу 1016.9 мянган төгрөг, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 444.9 мянган төгрөг  буюу хамгийн бага цалин авдаг юм байна. 

Дээрх судалгаанаас харахад иргэдийн дийлэнхи нь 800 мянга гаргаж авдаг цалинтай бол өдийд залуу гэр бүлүүд ядаж нэг өрөө байртай болчихмоор санагдав. Тухайлбал, нөхөр нь уул уурхайн байгууллагад ажилладаг 1 сая гаруй төгрөгийн цалин авчихдаг. Эхнэр нь дундаж цалин болох 844 мянган төгрөгийн цалинтай. Ингээд бодоод үзэхээр нэг өрөө байр хамгийн дундаж үнээр 60 сая төгрөг гэхээр байртай болчихмоор үзүүлэлт гарч ирж байх юм. Гэтэл өдгөө шинээр байртай болж байгаа хүн цөөн. Залуу гэр бүлд хамгийн их тулгарч найман хувийн зээл дээрээ бүдэрч байгаа зүйл бол "цалин". Мөн урьдчилгаа мөнгө гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Гэтэл эл дундаж цалин ийм өндөр гарч байгаа нь тун сонирхолтой. Одоо цалингаа арай хийн өгч байгаа байгууллага олон бий биз. Харин хувийн хэвшлийнхэн тэр бүр цалин нэмээд байдаггүй гэдгийг мэдмээрсэн. Өмнөх судалгаандаа дундаж цалинг 792.8 мянган төгрөг. Үүнээс эмэгтэйчүүдийнх 722.3 мянган төгрөг, эрэгтэйчүүдийнх 863.1 мянган төгрөг байна гэж тайлагнасан. 

Үүнтэй та хэр санал нийлэх вэ.

Х.Даваа