"Хүүхдийн төв театр" нэртэйгээр тэртээх 1951 онд байгуулагдаж хүүхэд залуучуудын соёл урлагийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж байсан ууган театрын үе үеийн уран бүтээлчид өнөөдөр “РРTV” телевизийн байранд уулзацгааж байна. Тус театраар овоглогдон явдаг үе үеийн уран бүтээлчид ажилчдын уулзалтыг МУГЖ Б.Туяа санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд театрынхаа бүтээл туурвил, уран бүтээлчдийн амьдрал уран бүтээлийг баримтжуулах, архивлан үлдээхээр тус уулзалтыг зохион байгуулж байгаа ажээ.

   Монголын жүжгийн урлагийн үе үеийн нэрт төлөөлөгчид болох олон гайхалтай уран бүтээлчид тус театрд ажиллаж байсан бөгөөд найруулагчдаар Ө.Эрэнцэнноров, С.Гэндэн, А.Цэрэндэндэв, Д.Лхасүрэн, С.Сугар зэрэг урлагийн гавъяатууд ажиллаж байжээ. Мөн Ардын жүжигчин А.Очирбат, Төрийн шагналт Ц.Төмөрбаатар, МУГЖ Б.Батзаяа, Б.Туяа, И.Одончимэг, О.Энхтуул, Б.Энхтуяа, Л.Цэндсүрэн, С.Мандах, Ч.Авирмэд, Ц.Цэнд-Аюуш, Ж.Сүххуяг нарын 100 гаруй уран бүтээлчид тус театрд бүтээлээ туурвиж Мольерын “Шунал”, Шекспирийн “Ромео, Жульетта” гэх мэт олон гайхалтай дэлхийн сонгодог зохиолууд болон  Монголын зохиолчдын шилмэл бүтээлүүдийг тайзнаа амилуулж байсан түүхтэй юм.

 

Ингээд  тус театрын амин хэлхээ болсон МУГЖ Б.Туяа эгчийн ярилцлаганаас хүргэе

- Сайн байна уу.  Өнөөдрийн уулзалтын гол зорилго нь юунд оршиж байна вэ. Энэ талаар уншигчидтайгаа хуваалцаач? 

-Өнөөдөр Хүүхэд залуучуудын театрын ахмад болоод залуу уран бүтээлчид бүгд цугларлалаа. Яагаад цугларч байна гэхээр "Хүүхэд залуучуудын театр" гэдэг байгууллагад ямар хүмүүс ажилладаг байсан юм бэ, ямар уран бүтээл туурвидаг байсан бэ, энэ хүмүүс юугаараа бахархаж амьдарсан бэ гэдгийг өгүүлэхээр бичлэг, зураг болгон архивд хадгалан үлдээх гэж байгаа юм. Мөн удахгүй Хүүхэд залуучуудын театрын маань үүсгэн байгуулагдсаны 65 жилийн ой болно. 

-Өнөөдрийн арга хэмжээнд ирсэн төлөөллүүдээс та онцолж хэлвэл ? 

-Театрын маань бүх ахмадууд ирж байна, Мушгиа гуай найруулагч, Лхадолгор жүжигчин, Ардын жүжигчин Очирбат гуай, Энхтуяа, Борхүү, Чойжилсүрэн гээд үе үеийн ахмад уран бүтээлчид маань хүрэлцэн ирлээ.

-Таны алтан портнер Батзаяа гуай бас иржээ?

-Тийн Батзаяа маань ирсэн, за дээрээс нь Буян, Гэрэл, Цэгмид, Цэндсүрэн эгч маань, хүмүүсийн мэддэг Цолмон, Мягмар эгч гээд жинхэн эд хүүхдийн жүжгийг амилуулдаг төлөөллүүд ирсэн байна л даа. Үүнээс гадна бид Хүүхэд залуучуудын театрт ажиллаж амьдарч байгаад мөнх бусыг үзсэн уран бүтээлчдийнхээ ар гэрийнхийг дуудсан байгаа. Эдгээр хүмүүс маань өөрийн аав, ээж, хань ижил, үр хүүхдийнхээ тухай дурсамжийг энэ өдөр хуваалцаж бидний түүхийг улам арвин болгох байхаа. 

-Ирэх онд тохиох 65 жилийн ойд зориулж ямар арга хэмжээнүүдийг хийхээр төлөвлөж байна. Туяа эгч маань өөрөө энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа байх аа?

-Тэгэлгүй яахав. Би "Хүүхэд залуучуудын театр"-т 15 жил ажилласан хүн. Энэ байгууллагынхаа хүмүүсийг харах тоолонд хайр хүрдэг, нас хорогдох тусам нь сэтгэл минь өвдөж байна. Тийм болохоор эднийгээ амьд сэрүүн дээр нь дүр төрхөөр нь, дуу хоолойгоор нь дурсамж болгон үлдээчих юмсан гэж бодож энэ ажлыг хийж байна даа. 

-  Тун удахгүй инээдмийн баяр болно. Энэ баярын талаар таны онцолж боддог зүйл юу вэ.  Инээдмийн баярыг тохиолдуулаад уншигчидад маань мэндчилгээ дэвшүүлээч? 

-Инээдмийн баяр гэдэг миний л хийдэг ажил шүү дээ. Хүн болгон инээх дуртай тиймдээ ч инээдмийн баяр гээд тусгай баяр байгаа нь сайхан хэрэг. Энэ бол хошин урлагийн театртай минь холбоотой. Хошин урлаг маань одоо мөрийг нь тоолж барамгүй тийм өргөн цар хүрээтэй болсон байна. Энэ хэрээрээ залуучууд маань энэ баярыг өргөн тэмдэглэдэг болж. Эдгээр хошин шогийн хамтлагууд болон инээдмийн баярын үндэслэгч байгууллага нь "Хүүхэд залуучуудын театр" маань шүү дээ. 

-Энэ жилийн инээдмийн баяраар та юу хийхээр төлөвлөж байна. Ер нь жил жилийн инээдмийн баяраар яаж баярладаг вэ. Дурсамжаасаа хуваалцаач? 

-Анх бид чинь “Азтай бадарчинг” гэдгээрээ баяраа тэмдэглэдэг байсан юм. Одоо бол "Улаан хивсний ёслол" хийж баярладаг болсон. Энэ жил дүү нар маань улаан хивсний ёслолоо юм уу эсвэл хамтарсан тоглолтоо хийх байх гэж бодож байна. 

Ярилцсанд Баярлалаа