Зайсангийн унаган иргэд шинэ баячуудын хөлд үрэгдэх нь
2013/06/02
-Энгийн иргэдийн газрыг эрх мэдэлтнүүдэд булаалгахгүй гэж нэр дэвшигч Н.Удвал амлалаа-
Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал Хан- Уул дүүргийн 12 дугаар хороонд өнөөдөр ажиллалаа. Зайсангийн ам гэхээр л баячуудын хороолол гэж ойлгодог болсоор удаж буй. Тэгвэл бодит байдал дээр ийм биш байна. Учир нь Зайсангийн уугуул иргэд өнөөдөр шинэ баячуудын хөлд үрэгдэх нь. Ардчиллын салхи сэвэлзсээр 23 жилийн нүүрийг үзсэн энэ улс орны иргэд өнөөдөр бие засах газаргүй, усанд орох байргүй, тусламж авах эмийн сангүй газарт амьдарч байна. Энэхүү байдлыг газар дээрээс нь хараад нэр дэвшигч Н.Удвал ихэд эмзэглэн, тулгамдуу асуудлыг иргэдтэй нухацтай ярилцсан юм. Тэрээр “ эмэгтэй хүнийхээ хувьд энэ бүхнийг хараад эмзэглэх сэтгэл төрлөө. Оршин суугчдын амьдарч байгаа орчинг та бүхэн хамтдаа харсан. Манай иргэдийн хоёр өөр амьдрал ахуйг эндээс харж болно. Өөрөөр хэлбэл, Зайсанд баян хоосны ялгаа дэндүү их гарчээ. Нэг хэсэг нь хагартлаа баяжсан бол нөгөө хэсэг нь хүний амьдралын наад захын хэрэглээгээ хангаж чадахгүй байна. Хог хаягдлыг нь авахгүй, бие засах газаргүй, халуун усанд орж чадахгүй байгаа гэж ярьж байгаа иргэд бидний нэг хэсэг шүү дээ. Тансаг хэрэглээгээ больё гэхэд ядаж хүний хэрэгцээнийхээ зүйлсийг авч байх ёстой. Ард түмний амьдралд алагчлал нүүрлэсэн гэдгийг эндээс харлаа. Иргэдээ эхийн сэтгэлээр ижил хайрлах төрийн бодлого энд дутсан байна гэдгийг хатуу хэлмээр байна. Тиймээс энгийн иргэдийн газрыг эрх мэдэлтнүүдэд булаалгахгүй, тэдэнтэй хамтдаа тэмцэнэ” гэсэн юм. Харин энэ талаар тус дүүргийн оршин суугчид тайлбарлахдаа, “Баян, хоосны ялгаа болон худал амладаг улстөрчдөөс бид залхаж байна. Өнөөдөр бид усанд орох газаргүй, бие засах газаргүй амьдарсаар хоёр жилийн нүүр үзэв. Энэ хугацаанд улс төрчид ирж асуудлыг шийднэ өгнө гэдэг. Одоо энд УИХ-ын гишүүн байсан Л.Гүндалайгийн маш олон барилга баригдаж байна. Нөгөө талд нь “Монос” группын барилга. Дандаа л шинэ баячуудын хөрөнгө босч байна. Уг нь өмнө нь бидэнд халуун усны газар болгоорой гээд нэг байр өгсөн чинь Ардчилсан намынхан булааж аваад, сонгуулийн сурталчилгааны байр болгочихсон. Саяхан хэд хоногийн өмнө дүүргээс хэдэн нөхөд ирээд нойлтой болгоно гэж байсан, худлаа л даа. Тэднийг явсны дараа хөөцөлдөөд сураглаад явсан чинь Ардчилсан намынхан сурталчилгаагаа идэвхжүүлээд явсан байсан. Энэ мэтчилэн энгийн иргэд биднийг эрх баригчид дээрэлхсээр байгаад тэд гомдож байгаа төдийгүй ирэх сонгуулийн өдрийг тэсэн ядан хүлээж байна. Яагаад гэвэл энэ бүх эмх замбараагүй байдлыг эх хүн л эмхэлж цэгцэлж чадна. Тиймээс таныг бид дэмжинэ” гэсэн чин сэтгэлийн үгээ хэлсэн юм.
Зочин · 2013/06/04
Хүн амын 50 гаруй хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн төлөөлөл түүхэндээ анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа нь Монголын түүхэнд шинэ хуудас нээсэн содон үзэгдэл болж байна.