Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Саусгоби сэндс” ХХК-ний ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жастин Каплад уучлал үзүүлсэн. Тэрбээр тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажукомтай бүлэглэн компанийн  2011 оны санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа Татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байдаг. Шүүхээс тэднийг буруутай гэж үзэн Жастин Каплад 5.10 жилийн хорих ял, тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажукомд 5.6 жил, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвидэд 5.10 сарын хорих ял оноосон. Өөрөөр хэлбэл түүнийг буруутай гэдгийг Монгол улсын шүүх тогтоосон байдаг. Жастин Каплагийн хувьд өөрийнхөө  буруутайг хүлээн зөвшөөрч давж заалдахгүйгээр  Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн. Ерөнхийлөгч ч дуун дээр нь уучлал үзүүлсэн.  Ингэхдээ  Жастин Капла  Монгол улсад учруулсан  35  тэрбум төгрөгийг эргэн төлөх нөхцөлтэй байсан.  Харин  Жастин Капла Монгол улсад  учруулсан  35 тэрбум төгрөгийг төлөхгүй хэмээн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхэд хандсан байна. Гомдлыг 10 дугаар шүүх хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнэд хуваарилсан бөгөөд яг одоо шүүх хурал нь болж байгаа юм.  Тэгвэл Ерөнхийлөгчийн  уучлал үзүүлсэн нь  хууль бус бөгөөд  Жастин Каплаг Интерполоор эрэн сурвалжлах  эрх зүйн зохицуулалттай юм байна. Энэ талаар өмгөөлөгч Г.Батбаяраас цөөн зүйл тодрууллаа.  

- Жастин Капла нарт өршөөл үзүүлчихсэн байхад өнөөдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10-р шүүхэд  шүүх хурал  болж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү?

- Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304-р хэсэгт зааснаар гомдол гаргах эрх бүхий этгээдүүд шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногт  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргана гэж заасан.  Үүний дагуу   Давж заалдах шатны шүүх хүсэлтийг хүлээн авахаас өөр арга байхгүй. Гэтэл энд нэг процессийн гажуудал гарчхаад байгаа юм. Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц Ерөнхийлөгчийн уучлал үзүүлсэн. Үүнийг  Эрүүгийн хуулийн 77.2-т заасан байгаа. Ингэхдээ субъект өршөөсөн.  Субьектыг өршөөхдөө 77.2-т объектив шинжээр нь юу гэж заасан бэ гэвэл тухайн ялтан ялын тавиас доошгүй хувийг биечлэн эдэлсэн, хохирлыг бүрэн төлсөн, засарч хүмүүжсэнээ харуулсан байх ба үүнийг эрх бүхий байгууллагын тодорхойлолтоор нотлогдож байгаа,  үүнийг ялд хяналт тавих прокурор нь дэмжсэн тохиолдолд тухайн албан бичгүүд Ерөнхийлөгчийн ажлын хэсэг рүү очих ёстой. Ерөнхийлөгчийн ажлын хэсэг үүнийг нь хууль журамд заасны дагуу хянаж үзсэний дараа тодорхой хугацаанд хянан шийдвэрлэх үүрэгтэй.  Гэтэл энэ бүх процесс алдагдсан.   Өөрөөр хэлбэл  Жастин Капла АНУ-ын иргэн гэдгээрээ давуу эрх эдэлсэн. Гэтэл Үндсэн хуульд хүнийг үндэс угсаа, шашин шүтлэг, арьс, боловсрол, гарал үүслээр нь ялгаварлахгүй гэж заасан.

Одоо энэ хэргийн субьект нь буюу ял авсан  Жастин Капла алга болчихсон, ганцхан обект буюу 35 тэрбум төгрөгийн хохирол дээр нь гомдол гаргаад ороод ирчихсэн байгаа.   Тэгэхээр энэ хэргийг давж заалдах шатны шүүх бүрэн хэмжээнд авч үзэх боломжгүй болчхож байгаа юм.  

- Яагаад?

- Эрүүгийн хуулинд зааснаар бол зүйл ангиуд нь объект, объектив, субьект, субьектив гээд дөрвөн шинж заагаад өгсөн. Гэтэл субьект буюу гэмт этгээд нь байхгүй болчихсон. Гэмт этгээд нь байхгүй болохоор объект буюу 35 тэрбум төгрөгийн хохирлыг ярих болчхоод байна.  ТЕГ-т учирсан энэ хохирлыг яах юм бэ? гэдэг асуудлыг  ярих гээд байна. Тиймээс энэ хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй болж байгаа юм.  

- Ерөнхийлөгч нэгэнт уучилсан болохоор  шүүх  асуудлыг хэлэлцэх ёстой. Тэгэхээр уучлал  үзүүлсэн  тогтоолтой хамт асуудлыг хэлэлцэх үү?

- Шүүх зөвхөн  шийтгэх тогтоолын хүрээнд л асуудлыг хянан шийдвэрлэнэ. Давж заалдах шатны шүүхэд ямар нэгэн баримтыг хавсаргах боломжгүй. 

- Уучлал үзүүлсэн тухай  тогтоолыг яах уу?

- Энэ их эргэлзээтэй болж байгаа юм.  Уучлал үзүүлсэн баримт бичгийг хэрэгт хавсаргаж байгаад ярих боломжгүй.  Яагаад гэвэл уучлалт үзүүлэх баримт бичиг нь хавтаст хэрэгт байхгүй учраас хэрэгт хавсаргах боломжгүй.  Тэгэхээр субьектэд нь уучлал үзүүлээд алга болчихсон юмаа гээд ярих боломжгүй.  Харин субьект нь  шоронд сууж байгаа  ялтан гэж хэлэхээс өөр гарцгүй болж байна.

- Ерөнхийлөгч хууль зөрчин  уучлал үзүүлсэн болохоор  Жастин Капла ялтан бөгөөд оргон зайлсан гэж дүгнэж байна. Ерөнхийлөгчийн уучлалыг хүчингүй болгох хууль эрх зүйн ямар зохицуулалт байна?

- Би дээр хэлсэн. Ялтан ялын тавиас доошгүй хувийг биечлэн эдэлсэн, хохирлыг бүрэн төлсөн, засарч хүмүүжсэнээ харуулсан байх ба үүнийг эрх бүхий байгууллагын тодорхойлолтоор нотлогдож байгаа,  үүнийг ялд хяналт тавих прокурор нь дэмжсэн тохиолдолд Ерөнхийлөгч уучлал үзүүлнэ. Эдгээр нөхцөл бүрдээгүй бол  Ерөнхийлөгчийн уучлал хүчингүй болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг  давж заалдах шатны шүүхэд хандсанаар  тухайн  шийдвэр хүчин төгөлдөр бус болдог.  Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байхад  Ерөнхийлөгч уучлал үзүүлж байгаа нь  хий хоосон зүйл болж байгаа. Давж заалдах болон Дээд шүүхийн  шийдвэр гарсны дараа  Ерөнхийлөгч уучлал үзүүлэх байсан.

Хууль зөрчин гаргасан уучлалтыг хүчингүй болгохын төлөө Монгол улсын нэг иргэн  Үндсэн хуулийн цэцэд хандаад байгаа.  Хэрвээ Үндсэн хуулийн цэц хууль зөрчсөн гэж үзвэл  уучлал хүчингүй болно.

- Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг томилохдоо Ерөнхийлөгчөөс санал оруулдаг.  Тэгэхээр ҮХЦ  ашиг сонирхлын зөрчилтэй  шийдвэр гаргах магадлалтай юм биш үү?

-  ҮХЦ-ийн гишүүнийг томилохдоо Ерөнхийлөгч санал оруулж, УИХ-аар баталгаажуулдаг. Тухайн этгээд томилсон хүнийхээ эрх ашгийг хамгаална гэсэн хууль эрх зүйн ойлголт байхгүй.  Хуулиа дээдлэн  ажиллах үүргээ мөрдөх болно.

- Жастин Каплаг ямар нэгэн аргаар эргүүлэн авч ирнэ гэсэн үг үү?  

- Тэгэхээс өөр арга байхгүй.  Яагаад гэвэл  Ерөнхийлөгчийн уучлал үзүүлсэн нь өөрөө хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байж чадаагүй.

- Жастин Каплаг интерполоор эрэн сурвалжилж авч ирэх боломжтой юу?

- Боломж нь нээлттэй байгаа. Давж заалдах болон Дээд шүүхээс ялыг хэвээр үлдээсний дараа интерполоор оргон зайлсан гэдэг үндэслэлээр эрэн сурвалжлаад баривчлах боломжтой.  

 

- Цаг гарган ярилцсан танд баярлалаа

А.Баярмаа