Улс өөрийн гэсэн унаатай байхын тулд МИАТ-ийг хувьчлах нь зүйтэй
2013/02/04
УИХ-ын чуулганаар “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Ганбаттай ярилцлаа.
-Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэхтэй зэрэгцэн МИАТ-ийн хувьчлалын асуудал яригдаж байна. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд та энэ хувьчлалыг дэмжсэн байр сууриа илэрхийлсэн. Яагаад заавал хувьчлах шаардлагатай гэж?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр МИАТ-тэй холбоотой дуулианууд багагүй гарч байна. Үүнтэй холбоотойгоор иргэний нисэхийн салбарт хөгжүүлэх төрийн бодлогыг хүн бүр сонирхож байгаа. Угаасаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 51-ээс доошгүй хувийг хувьчилна гээд орчихсон. Энэ ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд ч мөн л тийм бодолтой байна.Анхны хэлэлцүүлгээр гишүүд хувьчлалтай холбоотой асуудлыг дэмжсэнгүй унагачихлаа.
Гишүүдийн бүрэн эрхийн асуудал учраас дараагийн хэлэлцүүлгийн хувьд хэрхэхийг мэдэхгүй байна. Хэрвээ хувьчлахгүй бол өнөөгийн байдлаасаа гарч чадахгүй. Сүүлийн хориод жил энэ л байдлаараа явж ирсэн. Төрийн өмчит компанид улстөрийн томилгоо хийж, садан төрлөөрөө очиж ажилладаг, улсын хөрөнгийг идэж, шамшигдуулдаг зэрэг нь иргэний нисэхийн аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээнд хүрсэн.
Тиймээс бодлогыг нь гаргаж өгөөд, цаашид хэрхэн ажиллахыг нь хянах хэрэгтэй. Нэгэнт иргэний нисэхийн хувьд өнөөг хүртэл ирсэн замнал, хөгжлөөсөө ухармааргүй байна. Тиймээс хэт оройтойгүй үед нь хувьчлах хэрэгтэй. Гэхдээ бүх зүйл нь уруугаа харчихаагүй. Тухайлбал, инженер техникчдийн бүрэлдэхүүн, боловсон хүчний хувьд 40-50 жилийн хугацаатай бэлтгэгдсэн.
Аюулгүй үйл ажиллагааны хувьд олон улсын стандартад нийцсэн. Мэдээж хөрөнгө, мөнгө шамшигдуулсан хэрэг нь хуулийн дагуу шалгагдаад явах биз. Хамгийн гол нь өөрчлөлт оруулснаар Монголын иргэд, аж ахуйн нэгжүүд хувь эзэмшихээр нэгэнт хөрөнгөө оруулчихсан хүмүүс өөрсдийн хяналтаа тавьж чадна гэсэн бодлого байгаа хэрэг.
-Гэхдээ зарим гишүүн 51 хувийг бага байна гэж үзэж байсан. Монополь байж төрийн дэмжлэгээр өнөөг хүрсэн хэрнээ дахин “төрөөс баримтлах бодлого” батлуулахаар зүтгүүлж байгаа нь юутай холбоотой вэ?
-1990 оноос хойш зах зээлийн нийгэмд шилжсэнээр улс орноо яая гэж байх үед анхаарал хандуулах боломжгүй байсан. Харин сүүлийн жилүүдэд иргэний агаарын тээвэр аажимдаа сэргэсэн. Мэдээж хуучин бааз суурин дээрээ шинэчлэгдсэн. Шууд бүхлээр нь хувьчилж болохгүй. Гадаад руу өрсөлдөөн бий. Гадаадын нислэгийг үндэсний агаарын тээврийн компани гэдэг статус өгөөд нэг компаниа дэмжээд хөл дээр нь босгох хэрэгтэй.
Тухайлбал, “Айрчайна”, “Аэрофлот” зэрэгтэй харьцуулахад өрсөлдөх чадваргүй. Тэдгээрийг төр засгаас нь дэмжлэг үзүүлээд 200-300 онгоцтой болчихсон. Гэтэл манайх дөнгөж хөлд орж байгаа хүүхэд шиг л байна. Тиймээс 2020 он хүртэл үе шаттайгаар дэмжиж хөгжүүлэн, хөл дээр нь босгочихоод тухайн үед нь дараагийн компанийн талаар ярих хэрэгтэй. Хэрвээ энэ хэвээр яваад байвал өрсөлдөх чадваргүй, гадны компаниудад цохиулж байна. Харин дотоодын нислэгийг өрсөлдөөнтэй байлгах гээгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.
-МИАТ-ийн хэргийг сөхсөнтэй холбогдуулан хувьчлалын асуудал яригдлаа. Энэ нь цаагуураа авах эзэд нь тодорхой болсныг хэлээд байгаа юм биш үү?
-Хуучинсаг хардлага л болов уу. Яагаад гэвэл төр өөрийн хяналтаа байлгахын тулд 100 хувь хувьчлах гэж зүтгээгүй. Үндэсний агаарын тээвэрлэгчийн хувьд 51-ээс доошгүй хувийг төр эзэмшээд зогсохгүй зөвхөн монгол иргэн, компаниуд хувь эзэмшигч байх юм. Өнөөгийн хууль зүйн орчныг нь харахад идлээ, уулаа гэдгийг нь шалгахаар төрийн нэрээр томилгоо хийчихсэн. Тэд нь мөнгө угаадаг байдал 20 жил үргэлжлээд явчихсан байна.
Үүнийг өөрчлөхгүй бол иргэний агаарын тээвэргүй болох хэмжээнд хүрчихээд байна. Монгол Улс өөрийн гэсэн унаатай, гарцтай, нислэгтэй байх нь чухал. Өнгөрсөн туршлагуудаас харж байхад хэн нэгэн нөхөр улсын мөнгө идэж, завшчихаад, 2-3-хан жилийн ял авч, суугаад л гараад ирдэг. Тэгсэн хэрнээ нөгөө мөнгийг нь төлдөггүй. Монгол Улс, ард түмэн тэр чигээрээ хохироод л үлддэг. Энэ байдлыг зогсоох арга нь өнөөгийн бодлогоор дэмжих явдал юм.
-Төрийн өмчит компани хөгжиж дэвшихгүй “ашиггүй” ажиллаад, хувийн аж ахуйн нэгжүүд яагаад өнгөтэй өөдтэй байж болоод байгаа юм бэ. Төсвөөс авдаг татаасаар яг юу хийгээд ашиг олж чаддаггүй юм бол. Хувьчлалыг хурдасгах арга хэлбэр үү?
-Төрийн бодлого болон хууль эрх зүйн орчин муу байна. Удирдлагуудын асуудалд хандаж буй хандлагаас шалтгаалан өмчийн өөр хэлбэртэй компаниудын ашиг, орлого их бага байгаа. Тиймээс бид гадагшаа нэг цонхны бодлого барих ёстой. Тэрний нэг илрэл нь үндэсний агаарын тээвэрлэгч компани байж 51 хувийг төр эзэмших юм. Уул уурхайн салбар ч ялгаагүй нүүрс, зэс бүгд нэг бодлоготой байх нь чухал.
-Бондын мөнгөнөөс онгоц худалдаж авах тухай яригдаж байгаа нь хэр зүйтэй гарц вэ. Хүүтэй мөнгөөр авч байгаа хөрөнгөнөөс хэзээ ашгаа гаргаж авах бол?
-Аливаа ажил судалгаанд тулгуурладаг. Мэдээж, мөнгөний хүү явж байгаа учраас буцаан төлнө. Ашигтай гэж үзвэл зээлнэ. Түүнээс шууд ор сураггүй зүйл рүү шууд оруулах гэж байгаа юм биш. Монгол Улс өөрийн гэсэн онгоц худалдаж авах нь зөв. Өнөөдрийн байдлаар янз бүрийн түрээсээр ашиглалтын хугацаа нь дөхсөн онгоц ашигладаг. Гэтэл бүхэл бүтэн улс, өөрийн гэсэн инженер техникийн ажилтантай юм болохоор онгоц авах нь зайлшгүй.
Тиймээс гурван онгоц авах хүсэлт тавьсан. Гэрээ хэлцэл нь хийгдээд, урьдчилгаа мөнгө нь төлөгдчихсөн байгаа. Үлдэгдэл мөнгөний тухай яригдсан бөгөөд хувьчлагдсан тохиолдолд төрийн 51 хувьдаа багтаах эсвэл хувьчлалд оролцох компаниуд талыг нь төлөх гэх зэргийг дараагийн удаа ярих асуудал.