Монголчууд мориор дэлхийг тамгалсан түүхтэй хэдий ч адууны баяр гэж хийж байгаагүй гэнэ. Зарим улс орон адууны баяр тэмдэглэсээр иржээ.

Дэлхийн адууны баяр нь ирэх наймдугаар сарын 10-нд тохиох бөгөөд манай улс энэ жилээс эхлэн тэмдэглэн өнгөрүүлж байхаар болжээ.

Энэ өдөр Монголын морин спорт, уяачдын холбооноос гурван мянган морины уралдаан, 10 мянган морьтны жагсаал зохион байгуулж гиннесийн номд бүртгүүлэхээр зөвшөөрлөө аваад бэлтгэл ажилдаа ороод буй гэнэ.

Энэ талаар тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн ССАЖЯ-нд болсон санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагааны үеэр дуулгалаа.

Уг санамж бичигт Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам болон Монголын Морин Спорт, Уяачдын Холбоо Монгол улсын иргэд, биеийн тамир, спортоор хичээллэгчдэд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, Монголын үндэсний хурдан морины уралдааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах зорилготой хамтын ажиллагааг тусгажээ.

А.Байгалмаа