Сайн хүргэн “сарын нас­тай” гэлцэх цаг иржээ. Ерөнхий сайд Н.Ал­танхуягийн хүргэн дүү Г.Дэнзэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын албан тушаалд очсоноор хэвлэлийн “баатар” болж амжлаа.

Гэвч тэрбээр “Ми­ний хамтран амьдарч буй Г.Уянга Ерөнхий сайдын холын хамаатан байсан гэдгийг хожимдож мэдсэн” гэсэн тайлбар хэлж байна. Тэгэхээр ашиг сонирхлын зөрчилгүй болчихдог юм байна л даа. Аль ч талаас нь харсан Г.Дэнзэн гэдэг энэ залуу Н.Алтанхуягийн “холын хамаатан” бүсгүйтэй холбосон амьдрал, 17 тэр­бумын тендерийн ашиг хонжоо гэхчлэн бүх эрх ашиг, үнэт зүйлээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын албан тушаалаар сольчихлоо. Зөв л дөө, МУИС-ийн багш, хэн нэгэн сайдын ажлын албанд ажиллаж байсан нь хэн бүхэнд олдоод байх аз завшаан биш шүү дээ.

Гэхдээ тэрбээр долоон жил Ардчилсан намд зүтгэсэн “хөөрхөн” гавьяатай. Эдүгээ Г.Дэнзэн “Би 2012 оны нэгдүгээр сараас “Монгол хүн-2020” мөрийн хөтөлбөр дээр ажилласан.

 

Тэр үед Н.Алтанхуяг дарга ч Ерөнхий сайд байсангүй. Би ч Ерөнхий сайдын хүргэн гэж хэлүүлнэ гэж зүүдэлсэнгүй явлаа” хэмээн тайлбарлаж байна. Ийм асуудалд орооцолдсоны дараа Г.Дэнзэнд “тус” болсон хамгийн том хамгаалалт нь гэрлэлтээ батлуулаагүй явдал аж. Тиймээс Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд хамааралгүй аж. Харин өнгөрсөн хугацаанд түүнийг элдвээр бичиж байсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон гүтгэж байсан хүмүүстэй шүүх дээр уулзахаар болзлоо.

Дээхэн үед зохиолч Б.Ренчин гуайн охин нь Эрүүл мэндийн сайд Г.Туваантай ханилж байхдаа “Яана аа ааваа, Туваан огцрох юм шиг байна” гэхэд аав нь “Яах юу байх вэ. Туваантай суусан бол түших л болж. Сайдтай нь суусан бол салах л болж” гэсэн гэдэг. Тэгэхээр Г.Дэнзэн өчигдрийн хэвлэлийн бага хурал дээр үерхэж байсан, одоо хамт амьдарч байгаа эмэгтэйгээ гомдоох л үг хэлчих шиг боллоо.

Тэрбээр “Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хяналт шалгалтын чиглэлээр ажилласан” гэж байгаа юм. Тэр үедээ шударга зангаасаа болж олон хүнтэй “өс зангидсан” учраас өнөөдөр их чичлүүлж зовж байгаа аж. Ажил үүргийн хуваарийн дагуу “Эрдэнэс Тавантолгойн” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа олон сайн үйл хийсэн гэсэн шүү. Жишээ нь, тус компанийн хөрөнгөөр Харвардад магистрт сурч байсан “бусармаг” хэргийг илрүүлж, хувийн ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хийсэн хүнийг халжээ. Мөн жилд 500 сая төгрөгийн цалинтай, 4000 ам.долларын байр “түрээсэлж” суудаг байсан захирлуудыг хөөж явуулснаар тус компанийн удирдлагын зардлыг 65 хувиар бууруулсан гэж байна. Төрийн өмчит компанийн зардлыг хэмнэнэ гэдэг яах аргагүй сайн үйл.

Үнэхээр шударга сайн залуу учраас энэ албан тушаалд иржээ. Одоо тэрбээр “Тавантолгойгоос Хятад руу нүүрс тээвэрлэх 17 тэрбумын тендер ч аваагүй. “Говь Повер” гэдэг компанийг ч мэдэхгүй” гээд сууж байна. Харин Н.Алтанхуягийн зээ дүү охин гомдсон болов уу. Олон нийтийн хараа хяналт, Г.Дэнзэнгийн хэлж байгаагаар “зохион байгуулалттай гүтгэлэг” түүний хувийн амьдралд гэм хор учруулчихааргүй байгаасай. Харин “Төрийн албаны мэргэшсэн ажилтнуудыг ажлаас үндэслэлгүй халсан” гэдгийн тухайд өмнөх дарга Ш.Солонгын ажлаа өгөхийнхөө өмнөхөн амжиж хийсэн гэм зэм дээр “ойччихсон” бололтой юм. Тэгэхээр Г.Дэнзэн дахиад л буруугүй. Ерөөсөө Г.Дэнзэнд буруу байхгүй. Маргааш ямар нэг буруу алхам хийсэн ч Г.Дэнзэн буруудахгүй. Тэр энэ талаар “Зүүдэлсэнгүй явсан”. Гоё тайлбар байгаа биз.

 

У.Оргилмаа