Ясны шооч, хэн нэгэнд байтугай хэрэглэж байгаа унаа машиндаа нэр өгдөг, ямар ч хүнд бэрх үед инээж, наргиж чаддаг монголчууд утаагаа тоох ч үгүй онигоо зохиогоод л явцгааж байна. Тэд,

Утаанбаатар хот минь

Улсын баатар даргатай

Унаа машинд халтай

Уушги зүрхний харшил­тай гэж дуулж ч байх шиг. Э.Бат-Үүл даргын толгойтой үс нь харлаад ирж гэнэ. Будуулчихаа юу даа гэтэл явган явсаар хотын утаанд харласан юмсанж.

Уул, үүл нь нийлэн  харагдах

Улаанбаатар хот минь

Унтах нойронд айлгаад  байдаг

Угаар үнэртсэн агаар­тай даа хө


Энэ бүхэн хошигнол байлаа. Гэхдээ хошигнолын цаана гашуун үнэн нуугдаж байдаг. Үгийг заавал уурлаж хэлэх албагүй. Ухаантай дарга маань хошигнож хэлэхэд илүү амархан тус­гаж авна гэж бодлоо. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч “Сайн ярих нь хийж бүтээхийн хагас” гэж хэлдэг. Гэвч манай хотын дарга сайн ярьж байна. Жаахан инээмсэглэж байгаад ярих нь бүр ч донжтой.

Бас манийгаа дам­шиглаад ч байгаа юм шиг, хөөрхөн. Автобусыг нэг­дүгээр  эгнээгээр явуулсан нь хотынхонд их тус болсныг хүн бүхэн магтаж байна. Хотыг олон жил цөлмөж, өөрсдөө баяжсан луйврын багаас салгаж өгсөн танд нийслэлчүүд их талтай байгаа шүү. “Ху” угшилтай на­мынх­­­ны явуулсан өмч хувьч­­лал, газар олголт, хот байгуулалтын гажгийг арилгахад цаг их орно оо.


М.Энхболд, Т.Бадам­жунай нарын гэнэт баяжсан учрыг олно гэвэл барагтай хүний нас гүйцэхгүй. Гэхдээ зориглож, хөдөлбөл илчилж чадах ба эс чадваас дахин энэ сэдвээр яриад ч хэрэггүй. Буянаараа болог. Нийслэлийн Тамгын газ­рыг ч та чадлаараа шүүр­дэх шиг боллоо. Наад иргэдийн хуралд чинь суугаа “Ху” гаралтнаас сон­гогдсон хэдэн товарищ цөмөөрөө М.Энхболдын ол­го­сон хүмүүжилтэй шавь нар нь болохоор танд ил далд эсэргүүцэл их үзүүлэх нь дамжиггүй. Шантрах хэрэггүй. М.Энхболдтонгууд, Энх­баярыг хараад зүрхэнд нь шар ус хурчихсан байгаа.  

Энэ удаад би газар ол­голтын буруугаас үүссэн, машин зөрж багтахгүй явган хүн явах замгүй гудамж  олон бий болсон тухай чухас дурдъя. Нийслэлд автын ослоос болж жилдээ 200-300 хүн нас барж байгаа тухай судалгаа нийтлэж байна. Яг л зэвсэгт мөргөлдөөн болж байдаг Энэтхэг, Па­кистаны хилийн хот шиг. Энэ бол оршин суугчдад нь харьцуулбал дэлхийд толгой цохих муу үзүүлэлт юм.


Гэвч үүний төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй. Бас тэдний тал хувь нь, архи гэдэг өмгөөлөх эзэн­гүй гайтай  шингэнд бурууг тохно. Тэгвэл миний дурдаад байгаа хонь, үхэр нийлэн бэлчих мэт хүн машин холилдсон нарийн гудамжуудад машинд шүр­гүүлэх нь ердийн үзэгдэл. Хошигнож  хэлбэл  зал­хуу жолоочийн машины тоосыг явган зорчигчид хувцсаараа арчиж өгдөг гэмээр.

Энэ тухай  Замын цагдаагийнханд хэлбэл “Хотын гудамж ямар бай­хыг нийслэл мэднэ” гэж хариулна. Нийслэлийнхэнд хэлбэл, төсөв төлөвлөгөөнд тусгаагүй болохоор бид яалтай билээ гэнэ. Нэг талын урсгалтай болгоод, “хэвтээ цагдаа” тавьчих гэхээр “Бид та нараар ажлаа заалгахгүй” гэнэ. Ийм гудамж танай албан контороос 200-300 метр зайнаас эхэлнэ. Та зав гаргаад явж үзээрэй.

“Сонор” плазагийн зүүн гудамжаас эхлээд Спортын төв ордон, “Этүгэн” дээд сургууль арын гудамжаар ороорой. Өглөө 07:30-08:30, орой 17:00-19:00 цагт ирвэл та үнэн дүр зургийг харж чадна.  Сэлбийн гүүрнээс урагшаа явсан гол дагасан гудамж ч адилхан. Завгүй их ажилтай танд зөвхөн ойрхныг нь л жишээ болгож хэлж өглөө. Хотын захиргааны хууччуул бол цөм мэдэж л байгаа.

Тэдэнд гудамжны хар зам, буруу олгосон газар бүрээс олсон авлигын гэгээн дурсамж бий. Одоо бол тэд эмзэглээд энэ хавиар явахаас айна. Бид утаанаас айгаад цонхоо нээдэггүй шиг тэд авлигаасаа айгаад үүдээ нээдэггүй. Харин ийм га­жигийг шинэ хүмүүс, ши­нээр харж, шинээр сон­гож өөрчилнө. Ийм хачин хонины хошного шиг чихэлдсэн гудамжаар явахаас болгоомжлоод явган зорчигчид үргэлж айдас хүйдэстэй.

Муу ёрлож байгаа юм биш. Нэг согтуу жолооч хааз өндөр давхиад ороход нэг хэсэг хүний аминд хүрмээр нарийхан гудамж ер нь хаа сайгүй бий. Монголчууд их гэнэн цагаан. Бас хэнэггүй. Гадаад орнуудад бол тэмцэл жагсаал өрнөж, ийм гудмуудыг хаал­гаж, машин явахыг хориглох болно. Манайд бас тэглээ гэж бодъё. Харин машинаа хаана орхих билээ.

Тийм талбай бас байхгүй. Одоо яах вэ. Хэндээ хэлэх вэ. Хотын утаанд иргэд ч бас буруутай. Харин ийм гудамжийг иргэд бий болгоогүй. Нийслэлийн авлигач эрх мэдэлтнүүд бий болгосон. Тэгээд   буруутнууд нь харх шиг зугтчихсан. Зарим нь УИХ-д  нуугдчихсан. Оронд нь ирсэн танд л хандахаас өөр зам алга. Болгооно уу, Э.Бат-Үүл дарга аа.


Утаатай нь яах вэ. Угаартаад үхтэл зай ч байна, лай ч байна. Харин амь дүйсэн гудмаар явснаас ажил хийхгүй гэртээ суусан нь дээр болох гээд байна. Дээшээ тэнгэр харагдахгүй, доошоо газар хөлдүү, хажуу тийшээ хана туурга, ардаас машин сигналдана, урдаас машин хурдална. Би хаачих вэ. Үүл баатар аа, та Үндсэн хуулийг батлалцсан нэгэн. Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьд явах эрхтэй гэж тэр хуульд заасан бай­даг. Бидэнд бол эрүүл нь ч дүүрчээ. Аюулгүй замаар явдаг болбол амьд явах нэг баталгаа юм даа.