Эдийн засгийн хямралаас гарахын тулд мега төслүүдээ хөдөлгөнө гэж ярьснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн ням гарагт буюу энэ сарын 5-нд ард түмэндээ хандаж үг хэлэх үеэрээ Тавантолгой, Оюутолгой гацаанаас гарч байгаа тухай мэдээлсэн.

Тэрбээр “Тавантолгойн төслийн хэлэлцээр төгсгөлийн шатандаа орлоо. Хоёр тал үндсэн зарчмын шийдлүүддээ хүрч чадсаныг тэмдэглэхэд таатай байна. Засгийн газрын дараагийн ээлжит хурлаар хэлэлцэн зохих шийдвэрийг гаргаж, Тавантолгой төслөө албан ёсоор зарлан эхлүүлэх боломжтой боллоо. Тавантолгой төслийн их бүтээн байгуулалт зөвхөн яриа маргаан бус бодит ажил болж  эхэлснээр бүхэл бүтэн зургаан жил гаруй цаасан дээрээ гацсан төмөр зам хөрсөн дээрээ баригдаж дуусна. Төсөвт зөвхөн энэ жил 200 гаруй сая ам.долларын урьдчилгаа оруулна. Төмөр замд оруулсан 300 гаруй сая доллараа эргүүлэн олж авна. Шулуухан хэлэхэд  хоёр том төслөө хөдөлгөж байж л, араас нь залгах бусад хөрөнгө оруулалт бодитоор орж ирнэ. Монгол Улс хүндрэлээс гарах гарц нээгдэнэ” гэсэн юм. 
 

Харин УИХ-ын хурлын дарга З.Энхболд хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Тавантолгойн хөрөнгө оруулалтад шаардлагатай дөрвөн тэрбум ам.долларт “Энержи ресурс”-ийн компанийн хөрөнгө оруулалтыг хамруулсан. Төмөр өргөтгөх ажил нь зөвхөн хөрөнгө оруулагч тал хийх эрхийг олгосон нь Төрийн өмчит Монголын төмөр зам компанийн зардлыг шалгасны дараа төлөх, нөгөө талын хөрөнгө оруулалтыг үнэлэхгүйгээр Байнгын хорооны зарим заалтыг оруулж гэрээ байгуулсны дараа цуцалсан тохиолдолд хөрөнгө оруулагч “Шиньхуа” компанийн 30 жилд олох ашгийг төлөх үүргийг хүлээсэн байна. Эдгээр гэрээг байгуулахдаа Монголын тал ямар ч хуулийн болон санхүүгийн зөвлөгөө аваагүй. Харин хөрөнгө оруулагч тал олон улсын нэр хүнд бүхий компаниуд үйлчилгээ авсан байна. Ийм ноцтой үр дагавартай, Монгол Улсад илт хохиролтой гэрээ хэлэлцээр байгуулахыг би зөвшөөрөхгүй. УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын дагуу Тавантолгойн ордыг ашиглах гэрээг УИХ-ын яаралтай хэлэлцэж шийдвэрхлэх ёстой. Хэрвээ Тавантолгойн ордыг ашиглах гэрээ хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр өнөөдөр гарын үсэг зурж, шийдвэр гаргасан, гарын үсэг зурахаар оролдсон сайд нарт хариуцлага тооцож, огцруулахыг санаачлах болно” хэмээн хатуухан мэдэгдээд амжсан. 
 

Спикерийн мэдэгдэлтэй зэрэгцэн Монгол Улсын сайд М.Энхсайхан “УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын чуулганы хуралдааныг нээж хэлсэн үгэндээ Тавантолгой төслийн хэлэлцээний нөхцөл байдлыг буруу ойлгуулах тун хариуцлагагүй мэдэгдэл хийлээ.   Тухайлбал, “ нэг улсын хөрөнгө оруулалтыг нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс ихгүй байлгах “ гэсэн аюулгүй байдлын баримтлалын заалтыг зөрчиж байна гэсэн нь бодит үнэнд нийцэхгүй юм. Энэ тооцоог Ажлын хэсэг гаргаж  Засгийн газар, ҮАБЗ-д танилцуулсан бөгөөд дээрх заалт зөрчигдөхгүй. Тавантолгой төслийн хэлэлцээний явцыг Ажлын хэсэг, УИХ болон олон түмэнд тухай бүр танилцуулж ирсэн бөгөөд Консорциумтай эцэслэн тохирсон гэрээг Ажлын хэсэг зөвхөн Засгийн газарт танилцуулж, Засгийн газар хүрсэн үр дүнг УИХ-д танилцуулах төрийн ёс жаягтай билээ. Гэтэл Засгийн газарт танилцуулж амжаагүй асуудлаар “гарын үсэг зурсан сайд нарыг огцруулах асуудлыг тавих” болно гэж З.Энхболд мэдэгдсэн нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгуууллагуудын харилцааг эвдсэн Үндсэн хуулийн агуулгыг зөрчсөн гэж үзэж болохоор байна. Иргэдийн 1072 хувьцаа нь зөвхөн УИХ-аар шийдэгдэх, манай дотоод асуудал. Уг асуудлаар  “тохиролцоо хийгдээгүй” гэж буруутгаж байгаа нь УИХ-аас урд өмнө гаргасан шийдвэрийн талаар З.Энхболдыг түүний ажлын алба буруу мэдээллээр хангадаг сэтгэгдэл төрүүлж байна” гэв. 
 

Харин УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх хэвлэлд өгсөн ярилцлагадаа “2012 оны тавдугаар сард МАН-ын Засгийн газар энэ чиглэлийн төмөр замыг “MCS”-д концессоор өгсөн байсан. Шинэчлэлийн Засгийн газар хууль зөрчсөн гэж үзэж хүчингүй болгож төрийн өмчит “МТЗ”-д өгсөн. Тэр үед 18 жилийн дараа 100 хувь төрд авахаар гэрээлсэн байсан. Одоо М.Энхсайхан бол 30 жилийн дараа л 51 хувиа төр авахаар хамгийн муу хувилбараар тохирч байгаа юм байна. Хамгийн ашигтай, стратегийн шинжтэй энэ төмөр замыг төрийн өмчит компани өмчлөх ёстой. ҮАБЗ-өөс зөвлөмж гаргахдаа Концессийн хуулийн 17.1.1 дэх заалтын дагуу гэсэн байгаа. Энэ заалт нь уралдаант шалгаруулалт зарлах нь үндэсний аюулгүй байдалд харшлах учир шууд гэрээ байгуулах тухай заалт юм. Гэтэл одоо Тавантолгой ордын уралдаант шалгаруулалтанд төмөр замыг оруулаад явж байгаа нь ҮАБЗ-ийг зөрчиж байна” хэмээн ярьжээ. 
 

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Бид Монгол Улсын хуулиа дагаж мөрдөх ёстой. Стратегийн ордуудын ашиглалт, олборлолт, эзэмшлийн асуудал дээр УИХ шийдвэрээ гаргана гэж хуульд тодорхой заасан байгаа. Тэгэхээр УИХ-ын эрхэд хамаарч байгаа асуудлыг Засгийн газар  шийдэж болохгүй. УИХ-ын 76 гишүүн бол Монголын ард түмнийг төлөөлж байгаа. Энэ асуудлыг УИХ-ыг тойруулах замаар хэлэлцвэл хууль зөрчсөн үйлдэл болно. Засгийн газар Тавантолгойн гэрээний асуудлаар бие даан шийдвэр гаргах эрхзүйн боломжгүй. Тавантолгой, Оюутолгойн асуудал Монголын иргэдэд ашигтайгаар эргэх ёстой. Гаднынхны эрх ашгийг 100 хувь хангасан, монголчуудын нийтлэг эрх ашгийг хохироосон төсөл байж болохгүй” хэмээн байр сууриа илэрхийлжээ. 

Ямартай ч хаврын чуулгантай зэрэгцэн Тавантолгойг хөдөлгөх, эс хөдөлгөх тухай яригдаж эхэллээ. Олон нийт Тавантолгойг Оюутолгой шиг гацахвий гэдэгт ихээхэн санаа чилээж суугаа энэ үед шийдэлд хүрэх нь зүйтэй болов уу. Гэхдээ үүнийг улс төрийн шоу гэж харагсад ч байна. Учир нь нам, фракци хоорондын зөрчил, ханцуй дотроо хийх тохироо, найраа Тавантолгойн хэлэлцээрийн ард яригдаж байгаа гэж сэрдэх нэгэн ч байгаа юм. 
 


С.НАРАН